“САКУРА” оюутан солилцооны хөтөлбөрийн танилцуулга өдөрлөг боллоо

Share Button

МУИС-ийн ХШУИС, ШУС-ын бакалаврын болон ахисан түвшний 10 оюутан, 2 багшийн хамт 2018 оны 2 дугаар сарын 19-нөөс 3 дугаар сарын 1-ний хооронд Япон Улсын Мияазакигийн их сургуульд Японы Шинжлэх Ухаан, технологийн газрын санхүүжилттэйгээр хэрэгждэг “САКУРА” оюутан солилцооны хөтөлбөрт оролцоод ирлээ. Хөтөлбөрийн хүрээнд “Усны нөөц, түүнийг нөхөн сэргээх технологи” сэдвээр хүрээлэн буй орчны дадлагажих сургалтанд хамрагдан, бохир ус цэвэрлэх байгууламж, хүрээлэн буй орчны хяналтын шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.

“САКУРА” хөтөлбөрийг Япон Улсын Мияазакигийн Их Сургуулийн проф. Коичиро Шиомори болон МУИС-ийн проф. О.Болормаа нар хариуцаж 3 дахь удаагаа хэрэгжүүлж  байгаа  бөгөөд  оролцогсод хөтөлбөрийн талаарх мэдээллийг оюутан залууст  2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр танилцуулж өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан.

 

Энэ үеэр “САКУРА”  хөтөлбөр, түүнд хэрхэн хамрагдах талаар хүрэлцэн ирсэн оюутан залууст доктор, профессор О.Болормаа дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Сакура хөтөлбөрт оролцсон МУИС-ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин-2 ангийн оюутан Л.Цэрэнбалжир өдөрлөгт хүрэлцэн ирсэн оюутан залууст хандаж хэлсэн үгэндээ:

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цаг заваа гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Бид Сакура оюутан солилцооны хүрээнд Япон орны соёл, ШУ-ны хөгжил дэвшилтэй танилцаад ирсэн байгаа. Бид уг хөтөлбөрийн хүрээнд Шинжлэх Ухааны музей, Омуто нүүрсний уурхайн музей, хүнцэл, уул уурхайн нөхөн сэргээлт, хаягдал ус боловсруулах үйлдвэр, хүрээлэн буй орчны хяналтын лаборатори зэргээр явж танилцсан. Соёлын хувьд Японы Ёо-кагура жүжиг, далайн эргээр аялах, кимоно өмсөж мөн цайны ёслол, бэлэг авах болон өгөх уламжлалт ёс зэрэг олон үйл ажиллагаанд идэвхитэй оролцов.

Бид энэхүү хөтөлбөрөөр явж байх үед нэг зүйл их тод ажигласан тэр нь юу вэ гэхээр япон хүмүүсийн харилцааны соёл, замын түгжрэлгүй байгаа байдал нь дэд бүтэц маш сайн  хөгжиж байгааг гарцаар зөв хүлээцтэй гарах зэргийг мэдэж ирсэн. Япон орны өндөр хөгжил нь нийт иргэдийн хандлагатай шууд хамааралтай өөрөөр хэлбэл тэр хичээнгүй, шаргуу хөдөлмөрлөх зан чанартай шууд холбоотой юм байна гэж бид дүгнэсэн.

Энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж биднийг удирдсан профессор О.Болормаа, Коичиро Шиомори нартаа баярласан, талархсанаа дахин илэрхийлье хэмээсэн юм.

“САКУРА” оюутан солилцооны хөтөлбөр нь Хүрээлэн буй орчны судалгаа хийдэг нийт оюутан залууст нээлттэй хөтөлбөр гэдгийг дээрх өдөрлөгийн үеэр онцолсон юм.