БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат, АДХ дахь БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал, Төлөөлөгчдийн тэргүүн Ноён Тэ Хён Чөл БНАСАУ-ын АДХ-ын Байнгын хорооны ажилтан Хен Жөн Үни хамтаар 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр МУИС-д айлчлав. БНАСАУ-ын төлөөлөгчдийг тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ноён Чо дагалдав.
Уулзалтад МУИС-ийн зүгээс Захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Др. Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Др. Б.Очирхуяг, Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Др. Ч.Ундрам, Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхмийн эрхлэгч Др. В.Батмаа, ОУХНУС-ийн Олон улсын тэнхмийн профессор Др. Ж.Баттөр болон ГХХ-ийн дарга Ш.Мэндбаяр болон Ази судлалын тэнхмийн багш Б.Дулмаа (хэлмэрч) нар оролцсон юм.
Уулзалтын эхэнд захирал Я. Төмөрбаатар зочдыг МУИС-д айлчлан ирсэн явдалд талархан урт хугацааны найрсаг харилцаатай их сургуулийн захирал МУИС-д айлчилж хамтын ажиллагааны талаар санал солилцохоор ирсэнд нь талархал илэрхийлэв. Тэрээр МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний талаар, судалгааны их сургууль болохын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, МУИС-ийн гадаад хамтын ажиллагааны талаар зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Ноён Тэ Хён Чөл цаашид хоёр сургууль хоорондын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх тал дээр идэвхтэй ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлээд энэ оны 9 сард Ким Ир Сэний их сургууль дээр зохион байгуулагдах олон улсын эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн захирлыг урьж энэ үеэр цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцох боломжтойг дурдав. Захирал Я.Төмөрбаатар ноён Тэ Хён Чөлийн саналыг талархан хүлээж аваад тус арга хэмжээнд оролцохоо албан ёсоор мэдэгдэв. Тэрээр үргэлжлүүлэн Ким Ир Сэний их сургуультай сэргээгдэх эрчим хүчний хамтарсан судалгаа хийх, шар шуурганы асуудлыг судлах, Солонгос судлал, солонгос хэл дэлгэрүүлэх болон нийгмийн ухааны чиглэлээр хамтран ажиллах, МУИС дээр тогтвортой хөгжлийн асуудлаар болон Монголын шилжилтийн үеийн эдийн засаг, банкны өөрчлөлтийн талаарх хамтарсан зөвлөгөөн зохион байгуулах, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах гэх мэт олон салбар чиглэлүүдээр хамтарч ажиллах бүрэн боломж бийг дурдав.
Ноён Тэ Хён Чөл захирал Я. Төмөрбаатарын саналыг хүлээн сонсч БНАСАУ нь боловсрол, шинжлэх ухааны салбар нь улсаа хөгжүүлэх тэргүүлэх салбар гэдгийг илэрхийлээд МУИС дээр хэрэгжиж буй судалгааны чиглэлүүдийн талаар болон судалгааны хүрээлэн, төв, лабораториудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Мөн тэрээр МУИС-ийн магистр, докторын сургалтын талаар болон сургалтын хөтөлбөрийн талаар сонирхсон асуултандаа хариулт авав.
Уулзалт илэн далангүй, ажил хэрэгч, нөхөрсөг уур амьсгалтай явагдаж ноён Тэ Хён Чөл болон захирал Я. Төмөрбаатар нар хоёр улсын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжил, өнөөгийн байдал, цаашдын зорилго, зорилтын талаар харилцан мэдээлэл солилцож хоёр сургууль сургалт төдийгүй байгал, нийгэм, хүмүүнлэгийн салбаруудад судалгааны олон чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцлоо.