“Багш, оюутны старт ап-2018” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн 2-р шатны сургалт амжилттай зохион байгуулагдлаа  

Share Button

MУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, ирээдүйд хийгдэхээр хүлээгдэж буй технологийг хөгжүүлэх, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, шинэ санал санаачлагыг урамшуулах, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багш, оюутны стартап-2018” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ээлжит сургалтыг 6 дугаар сарын 28-ны өдөр МУИС-Номын сангийн 502 тоот танхимд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтад ХШУИС-ийн Ургамлын биотехнологийн лабораторийн ахлах багш, доктор  Б.Даваапүрэв, Шинэ материалын лабораторийн доктор Б.Цэрэнханд, Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн дэд проф, доктор А.Амарбаяр, Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн доктор Д.Эрдэнэбаатар, ШУС-БУС-ын Эмчилгээний хүнс ба байгалийн нэгдлийн химийн лабораторийн дэд проф, доктор Б. Мөнхжаргал, доктор Б. Туяагэрэл, Байгалийн нэгдлийн химийн лабораторийн дэд проф, доктор Ш. Наранмандах, ШУС, БУС-ийн Геологи, Геофизикийн тэнхмийн багш магистр Н.Байгалмаа, БС-ийн Менежментийн тэнхмийн багш магисрт Д. Батцэцэг, Хүрээлэн буй орчин инженерчлэлийн лабораторийн  доктор Т. Энхдөл, ОУХНУС-ийн дэд проф, доктор С.Энхцэцэг, нараар  ахлуулсан магистр, бакалаврын оюутнуудын  хамтарсан багууд оролцож өөрсдийн боловсруулсан гарааны компанийн бизнес загваруудыг танилцууллаа.

Тус арга хэмжээнд БС-ийн Менежментийн тэнхмийн эрхлэгч, дэд проф Д.Энх-Отгон, проф Н. Сонинтамир, Бизнес Консалтинг төвийн захирал дэд проф. Н.Батдэлгэр, менежер Н.Батсүх, ЭШИХ, ТДТ-ийн мэргэжилтэн Др.Д.Лхагвасүрэн нар багуудын бизнес загваруудтай танилцан, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай олон санал зөвөлгөө өгч, харилцан санал солилцлоо.

Энэ удаагийн сургалтаар Бизнес Консалтинг төвийн захирал дэд проф. Н.Батдэлгэр Бизнесийн процессийг ойлгох тоглоомыг багуудын дунд зохион явуулсан. Мөн БС-ийн Менежментийн тэнхмийн эрхлэгч, дэд проф Д.Энх-Отгон Бизнес төлөвлөгөө боловсруулах аргачлал, агуулгыг танилцуулсан ба нийт оролцогч 10 багт өөрийн бичсэн “Бизнес төлөвлөгөө”  номыг бэлэг болгон гардуулж өглөө.

“Багш, оюутны стартап-2018” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн хүрээнд цаашид стартап багуудад менторын  үйлчилгээ үзүүлэх, багуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, старт ап төслийг төлөвлөх зэрэгт шаардлагатай тодорхой зорилтот сургалт, уулзалтыг зохион байгуулах ба 10-р сарын 20-26-нд  стартап төслүүдийн эцсийн сонгон шалгаруулалтыг явуулах болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар