МУИС-ийн Хангамж үйлчилгээний газар Монгол-Япон төвтэй хамтран 2019 оны 2 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд анх удаа “5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь” сэдвээр ажлын байран дээрх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад Хангамж үйлчилгээний газрын удирдлага болон үйлчилгээний албаны нийт 200-аад ажилтан оролцсон юм.
Сургалтыг үйлдвэрлэлийн удирдлага, 5S, бүтээмжийн чиглэлээр олон жил ажиллаж, олон компанид зааварчилгаа, сургалт өгсөн туршлагатай Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Ш.Алтанхуяг удирдан явууллаа.
Хичээл онол, практик хосолсон хэлбэрээр явагдсан бөгөөд богино хугацаанд ажлын байран дээрээ 5S-ийг бодитоор хэрэгжүүлэх дадлага ажилд суралцагчид маш идэвх зүтгэлтэй оролцсон юм.
Дадлага ажлаар МУИС-ийн хичээлийн 1 болон 2 дугаар байрны гадна талын 1 дүгээр давхрын цонх, хана, үүдний хэсгийн тоосыг цэвэрлэж өнгө үзэмжийг сайжруулж нийслэлийн бусад байгууллагыг урайлсан үйл ажиллагааг эхлүүллээ.
“5S хөдөлгөөн” өрнүүлснээр тухайн ажилтны ажлын байрны цэгц, аюулгүй ажиллагаа сайжирдаг учир хөдөлмөр эрхэлж буй хэн бүхэнд хамаатай асуудал юм. Иймээс тус сургалтад хамрагдсан Хангамж үйлчилгээний газрын ажилтан, албан хаагчид ажлын байран дээрээ 5S-ийг хэвшүүлэн үлгэр жишээч хамт олон болох зорилго тавин ажиллахаар боллоо.