2018 онд байгуулагдсан МУИС-ийн “Үр дүнд суурилсан боловсролын арга зүйн баг”-аас багш нар асуудлыг хамтран хэлэлцэх, харилцан суралцах, ойлголтоо нэгтгэх зорилготой цуврал чөлөөт уулзалтыг дараах зургаан сэдвээр 2019 оны 1 дүгээр сарын 3-аас эхлэн Пүрэв гараг бүрийн 14.00 цагаас Номын сангийн 204 тоот өрөөнд зохион байгуулж байна. Үүнд:
№ | Хичээлийн сэдэв | Сар өдөр |
1 | Яагаад үр дүнд суурилсан боловсрол чухал вэ? | 1 сарын 3 |
2 | Багш хэрхэн өөрчлөгдөх ёстой вэ? Хөтөлбөрийн багш хэрхэн болох вэ? | 1 сарын 10 |
3 | Багш нар хэрхэн хамтран хөгжих вэ? Багшийн хөгжлийн MARS загвар | 1 сарын 17 |
4 | Хэрхэн идэвхтэй оюутнуудтай болох вэ?, Идэвхтэй сургалтын аргууд | 1 сарын 24 |
5 | Үр дүнтэй уялдсан сургалтын орчны шинэчлэл | 1 сарын 31 |
6 | Багш нар хэрхэн үнэлэгдэх нь бодитой вэ? | 2 сарын 21 |
Багш нартай хийх чөлөөт уулзалтын 3 дахь хэсэг “Багш нар хэрхэн хамтран хөгжих вэ? Багшийн хөгжлийн MARS загвар” сэдвээр өрнөж сургагч багш Т.Энхдөл удирдан явуулсан бол 4 дэх хэсэг “Оюутнуудыг хэрхэн идэвхжүүлэх вэ? Идэвхтэй сургалтын аргууд” сэдвээр өрнөсөн бөгөөд уулзалтад багш нар идэвхтэй оролцож, санал солилцлоо.
2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр болсон 4 дэх уулзалтыг сургагч багш Ч.Лодойравсал удирдан явуулсан бөгөөд уулзалтад ирсэн багш нарт идэвхтэй сургалтын аргын төрлүүд болох Flipped, JIGSAW, Role play аргыг өөрийн сургууль, заадаг хичээл дээрээ хэрхэн ашигласан, ямар сайн болон сул тал ажиглагдсан талаарх өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Мөн ХШУИС-ийн ЭХИТ болон ХБИТ-ийн оюутнуудын дунд хэрэгжүүлсэн төслийнхөө талаар танилцуулав.
Дээр дурьдсан идэвхтэй сургалтын аргуудтай уялдан оюутнууд болон багшийг үнэлэх асуудал давхар хөндөгдлөө. Багш нарт болон оюутнуудад МУИС-ийн соёлыг хэвшүүлэх, таниулах арга хэмжээ зохион байгуулах, шалгах процессийг тодорхой болгох шаардлагатай байгааг уулзалтад оролцсон багш, мэргэжилтнүүд онцоллоо.
Дээрх 2 уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг жагсаавал:
- Цагийн ачааллаас болж сургалтынхаа ажлаас хөндийрч судалгааны ажил хийх цаг зав хомс байгаа тул цагийн ноогдлыг дахин судалгаа хийж, багасгах, цагийн ачааллыг тэгшитгэх,
- Шалгалтын хуваарь тавихаасаа өмнө ямар хэлбэрээр авах, хэдэн цаг зарцуулахыг асуудаг байх,
- Сиси-ээр авч байгаа сэтгэл ханамжийн судалгааг аливаа урамшуулал, мөнгөтэй холбоотой зүйлд ашиглахгүй байх, ашиглахаар бол асуулгыг сайжруулж, бодитой дүгнэх нөхцөл бололцоог хангах,
- Оюутны үнэлгээг багшийн үнэлгээнд оруулах нь зөв эсэх,
- Нийт багш нарыг үр дүнд суурилсан боловсрол гэдгийн талаар нэг ойлголттой болгох, тэрэнд тэмүүлдэг, идэвх санаачлагатай ажилладаг, үнэлүүлдэг болох,
- Уулзалтын өрөө, амралтын өрөөгүйн улмаас тэнхимд ажиллаж байгаа багш нарт саад болох тохиолдол маш их байгаа тул тусдаа өрөөтэй болох,
- ЭШ хуралд оролцох, өгүүлэл хэвлүүлэх асуудал дээр багш нараа уриалж, дэмждэг байх,
- Багш нараас ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа авах,
- Улирлын амралтаар багш нарыг сургалтанд хамруулах, нэгж хичээл, төлөвлөгөө, хөтөлбөрөө сайжруулах тал дээр ярилцах, ажил хэрэг болгох /улирлын амралт бол багш нарын амрах үе биш/,
- Урьд нь хийдэг байсан олон зүйлс хийгдэхээ больсон. Дүнгийн шинжилгээ улирал тутам хийж багш болгонд танилцуулах, нормаль тархалтаас хэт гажуудсан тохиолдолд тухайн багшийн хичээлд суух, зөвөлгөө өгөх, тухайн хичээлийн оюутнуудаас хөндлөнгийн этгээдээр судалгаа авахуулах,
- Хариуцлага тооцдог байх /ажил унагасан байхад хариуцлага тооцохгүй, хурал тасалсан бол хариуцлага тооцохгүй-ийм болохоор хэн ч тоохгүй байдал бий болоод байна/,
- Олон нийтийн сүлжээгээр ч юм уу youtube дээр суваг нээгээд багш нарынхаа хичээлийг онлайн тавих,
- Сайн туршлага, болж байгаа зүйлээ түгээдэг, мэдээллэдэг байх /жишээлбэл, магадланд орсон тэнхимүүд/,
- Багш нар хичээл өмчилдөгийг болиулах,
- Багш өөрийгөө үнэлсэн үнэлгээ, оюутнууд багшийг үнэлсэн үнэлгээнд харьцуулалт хийх,
- Мэргэжлийн холбоо юм уу багш нарын холбоо үүсгээд ямар шинэ арга техник ашиглаж байна, ямар сул тал, давуу тал байна гэх зэрэг зүйлийн талаар ярьдаг, санал солилцдог байх,
- Мэргэжлийн холбоодтой нягт хамтарч ажиллах, үүрэгжүүлэх, мэргэжлийн стандарт батлах, мэргэжлийн ирээдүйн прогноз гаргадаг байх, Professional qualification гэдгийг батлах,
- Гадаадад хурал зөвөлгөөнд явсан, сургалтанд суусан багш нар ирээд тэр туршлагаа бусадтайгаа хуваалцдаг байх,
- Тухайн салбартаа нэр хүндтэй яваа профессорыг урьж 7 хоног ч юм уу тодорхой хугацаанд ажиллуулдаг, багш оюутнууддаа зөвөлгөө өгүүлдэг байх,
- Faculty night тогтмол зохиодог байх,
- Багаараа сайн ажилласан багш нарыг урамшуулдаг байх,
- Сэтгэл зүйч ажиллуулах,
- Ажлын байран дээр бие биенийхээ харагдах байдлын талаар тоглоомоор ч болов хошигнохгүй байх;
Үр дүнд суурилсан боловсролын арга зүйн баг