МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ыг хэлэлцэж дуусган, тогтоолын төслийг батлав. Өмнө мэдээлж байсан дагуу энэхүү журмыг нэмэлт өөрчлөлт тус бүрээр асуулт хариулт, санал шүүмж өрнүүлэн нийт 3 удаагийн хуралдаан дамнан хэлэлцсэн бөгөөд бүх нэмэлт өөрчлөлтийг тусган баталгаажуулж, ирэх хичээлийн жил буюу 2019 оны 9 дүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Эрдмийн зөвлөлийн дараагийн хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 23 өдөр хуралдахаар товлож, “МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам”-ыг хэлэлцэхээр боллоо. Энэ журмыг өмнө нь МУИС-ийн захиргаагаар хэлэлцэн баталж байсан боловч МУИС-ийн Дүрмийн 4.2.10.3-д заасан дагуу МУИС-ийн үйл ажиллагаатай холбоотой нийтлэг журам учир Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд үзэв.

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга Я. Төмөрбаатар сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, нийгмийн хамгаалалтай холбоотой гол журмуудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажилласан ажлын хэсгийн ахлагч болон гишүүд, МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн төрөлжсөн хороод, санал шүүмжлэлд идэвхтэй оролцсон Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш нарт талархал илэрхийлэн, дараа дараагийн журмын хэлэлцүүлэгт амжилт хүслээ.