Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш С.Сарантуяа: Хүүхэд бүрийн мөрөөдөл МУИС-д элсэн орох байдаг

Share Button

Өнөөдөр /2019.04.16/ Монгол Улсын Их Сургуулийн багш, удирдлагуудаас бүрдсэн элсэлтийн танилцуулга мэдээллийг баг Баянхонгор аймагт ажиллалаа. Баянхонгор аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 200 орчим, 11 дүгээр ангийн 250 гаруй сурагчид, анги удирдсан багш нар, эцэг эхийн төлөөлөлд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг, Элсэлт, бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунбилэг нар тус сургуулийн танилцуулга, элсэлтийн бодлого, элсэлтийн журмын шинэлэг зохицуулалт, шилдэг элсэгчдэд олгох хөнгөлөлт, урамшуулал зэргийг танилцуулсан юм.

Харин МУИС-ийн багш, доктор Д.Бумдарь “Мэргэжлээ сонгох нь” сэдвээр, МУИС-ийн багш, доктор Д.Эрдэнэбаатар “Ирээдүйн мэргэжлийн чиг хандлага” сэдвээр тус тус лекц уншив.

Элсэлтийн мэдээлэл танилцуулгын үеэр Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш, сурагчидтай ярилцлаа.

Эрдэнэмандал ахлах сургуулийн Орос хэлний багш С.Сарантуяа: Хүүхэд бүрийн мөрөөдөл МУИС-д элсэн орох байдаг

Би орос хэлний багш мэргэжилтэй. Багшийнх нь даасан анги энэ жил 10 дугаар ангиа төгсч байна. Шавь нар маань хоёр жилийн дараа сургуулиа төгсч ажил, амьдралынхаа гарааг эхлэх хариуцлагатай үе ирэх гэж байна. Миний хувьд сурагчдадаа одооноос эхлэн мэргэжлээ зөв сонгох, элсэн орох сургуулиа сонгох тухай үргэлж зөвлөж байдаг. Би гадаад хэлний багш учраас сурагчдадаа ямар нэгэн гадаад хэлгүй бол их сургуульд элсэн орох боломжгүй шүү гэж хэлдэг. Хэлтэй бол хөлтэй гэдэг. Ямар ч мэргэжил сонгосон байсан гадаад хэлгүй бол орчин үеийн нийгэмд ажилтай болох, амьдралаа авч явахад бэрх шүү дээ. Мөн ангийнхандаа МУИС-ийг сонгохыг зөвлөдөг.  Ер нь МУИС-ийг сонгон суралцаж төгссөн олон мянган хүн баяр баясгалантай амьдралаа авч яваа гэж үздэг. Учир нь МУИС-ийг төгсөгчид ажлын байраар бүрэн хангагддаг гэж багш нь ойлгодог. Хүүхэд бүрийн мөрөөдөл МУИС-д элсэн орох байдаг гэж боддог. Ямар ч байгууллага МУИС-ийг төгссөн бол тухайн хүүхдийг ажилд авахдаа их таатай байдаг санагддаг даа.

Эрдэнэмандал ахлах сургуулийн 12 Б ангийн сурагч А.Рэгзээ: МУИС-д элсэн орно гэдэгтээ итгэлтэй байна

Миний хувьд 9 дүгээр ангид байхдаа аав, ээжтэйгээ зөвлөлдөөд эдийн засагч болохоор шийдсэн. Харин 10 дугаар ангидаа МУИС-д элсэн орж сонгосон мэргэжлээрээ суралцахаар шийдсэн л дээ. Бүх л хүмүүс МУИС-ийг сонгохыг надад зөвлөж байсан. Ингээд сонгосон мэргэжлээ эзэмшиж МУИС-д элсэхийн тулд ямар шалгалтууд өгөх шаардлагатай байдаг тухай мэдээллийг олж авч тэр хичээлүүддээ бэлтгэж эхэлсэн. МУИС-д элсэн орно гэдэгтээ итгэлтэй байна.

Эрдэнэмандал ахлах сургуулийн багш Ш.Отгонбаяр: МУИС-ийн багш, удирдлагууд манай аймагт ирж элсэлтийн танилцуулга мэдээлэл хийж байгаад таатай байна

Миний хувьд хоёр дахь удаагаа 12 дугаар анги төгсгөх гэж байна. Хүүхдүүд маань ЭЕШ-даа бэлтгээд ачаалал ихтэй байна. Манай ангиас олон хүүхэд МУИС-д элсэх хүсэлтэй байдаг. Харин өнөөдөр МУИС-ийн багш, удирдлагууд манай аймагт ирж төгсөх ангийн хүүхдүүдэд мэргэжил  сонгох тухай, МУИС-ийн элсэлтийн бодлого, элсэлтийн процессын талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлаж байна. МУИС-д манай хүүхдүүд орох маш их сонирхолтой байдаг. МУИС чинь Монголын ТОП сургууль шүү дээ. Төгссөн хойноо ажлын байранд очиход МУИС-ийг төгссөн хүүхэд бол шууд л ажилд ордог. Тийм болохоор хүүхдүүд маань энэ сургуулийг сонгодог байх.

12 дугаар ангийн сурагч Б.Мөнгөн-Эрдэнэ: Зорилгодоо хүрч МУИС-д элсэн орно.

Би 11 дүгээр ангидаа МУИС-д элсэн орно гэж шийдсэн. Яагаад гэвэл Монголын хамгийн мундаг сургууль гэж боддог. Хичээл заах багш нар, бүх зүйл нь л мундаг гэж боддог болохоор энэ сургуулийг сонгосон. Зорилгодоо хүрч МУИС-д элсэж орж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Түүнчлэн МУИС-ийн элсэлтийн танилцуулга мэдээллийг баг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө өгсөн юм.

Бууцагаан сумын 12 жилийн сургуулийн зарим сурагчид инженер болох зорилго тавьснаа хэлж байлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар