Эрдэм шинжилгээний хурал 2019.4.10-нд МУИС-ийн Эрдмийн танхимд амжилттай боллоо. Тус хуралд МУИС, ШУТИС, МУБИС, АШУИС, ХААИС, БХИС, БХ, ШУА, Шинэ Монгол ДС, Сэрүүлэг ДС зэрэг 14 байгууллагын 150 гаруй эрдэмтэн, багш, судлаачид оролцлоо.
Хурлаар Монгол улсын дээд боловсролын хөгжил, өнөөгийн байдал, хүрсэн ололт амжилт, тулгарч буй сорилт бэрхшээлийг 2013 оноос эхлэн МУИС-д хийгдсэн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэлийн жишээн дээр тулгуурлан хэлэлцэж, дээд боловсролын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хэрэгжүүлэх бодлогын талаар санал зөвлөмж боловсруулах зорилгоор энэхүү хурлыг зохион байгууллаа.
Тус улсад судалгааны их сургуулийг бий болгон хөгжүүлэх талаар холбогдох хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэхэд эрдэмтэд судлаачдын зүгээс дэмжлэг үзүүлэх, санал бодлоо солилцох, тэдгээр зорилтыг хангахад чиглэсэн санал зөвлөмжийг боловсруулан бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчдэд хүргүүлэх нь энэхүү хурлын бас нэгэн зорилго юм.
Хурлаар судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд тавигдах шаардлага, тулгардаг сорилт бэрхшээл, шийдвэрлэх асуудал, их сургуулийн засаглал ба санхүүжилт, тогтвортой хөгжлийг хангах, Монгол улсад судалгааны их сургуулийг байгуулах боломжит арга замуудын талаар авч хэлэлцэн дараах санал, зөвлөмжийг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргүүллээ.
1. Судалгааны их сургуулийн статусыг хуульчилж, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэн, түүнийг тогтвортой хөгжүүлэхэд төр засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх.
2. Монгол улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд одоо байгаа их, дээд сургуулиудаа олон улсад баримталдаг шалгуур үзүүлэлтээр үнэлж эрэмбэлэх; судалгааны их сургууль болгон хөгжүүлэх их сургуулийг сонгон товлож, бусад оронд хэрэгжүүлсэн жишгийн дагуу бодлого, менежмент, санхүү хөрөнгө оруулалтын дорвитой дэмжлэг үзүүлж ажиллах.
3. Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг судалгааны ажлынх нь бодит үр дүнд үндэслэн санхүүжүүлэх зарчмыг баримтлах; ахисан түвшний сургалтыг өргөжүүлж судалгааны ажилтай уялдуулахад онцгойлон анхаарч доктор, магистрын түвшний судалгааны тэтгэлгийг бий болгон санхүүжүүлэх.
4. Олон улсад түгээмэл тогтсон жишгийн дагуу судалгааны их сургуулийг засаглалын хувьд улстөрийн нөлөөнөөс ангид нийтийн удирдлагатай (төрийн төлөөлөл, академик төлөөлөл, олон нийтийн ба орон нутгийн төлөөллөөс бүрдсэн) болгох нөхцлийг бүрдүүлж, бие даан хөгжих боломжоор хангах.
5. Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын багш, судлаачдын судалгааны ажлыг мерит зарчмыг баримтлан, олон улсад мөрддөг шалгуурыг ашиглан үнэлдэг болох, өнөөгийн тэгшитгэн хуваарилж, үр дүнгээр нь биш орон тоог санхүүжүүлдэг зарчмаас татгалзах.
6. Монгол Улсын төр, засгаас судалгааны их сургуулийг хөгжүүлэх зорилгоор баталсан бусад баримт бичгүүд болох Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.18-р заалт, УИХ-аас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг, Засгийн газраас 2017 онд баталсан “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого” зэрэг эрх зүйн баримт бичиг, зорилт, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, бодит ажил хэрэг болгох. Дээр дурьсан хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэхэд эрдэмтэд судлаачдын зөвлөмж, санал бодол, оролцоог хангаж ажиллах.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД