2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр МУИС-ийн ажил, хичээл 11.00 цагт эхэлнэ

Share Button

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн товч мэдээлэл

Нийслэлийн засаг даргын А/88 тоот захирамжийн дагуу гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулж, сургах, дадлагажуулах зорилгоор «Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлууд явагдаж байна. Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм.

Сургуулийн хүрээнд сүүлийн үед нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулан нийслэлийн хэмжээнд байдаг 111 аюулгүй талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм. Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх  дадлага сургуулиуд зохион байгуулагдана.

МУИС-ийн удирдлага, багш, ажилтан, оюутнуудын оролцоо

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн онцгой комисс, Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсээс ирсэн албан тоотуудын дагуу СБД-т үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагууд “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-т хамрагдах ба байгууллага бүр 38 хүний бүрэлдэхүүнтэй өндөржүүлсэн бэлтгэлд хамрагдах, бусад ажилтан, албан хаагч иргэд бүрэн мэдээлэлтэйгээр оролцох болсон. Иймд МУИС-ийн удирдлага, багш, ажилтан, оюутнуудаас бүрдсэн 38 хүн Нэгдсэн жагсаалын бэлтгэлд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хамрагдан Гамшгаас хамгаалах сургалтын төв болон Чингисийн талбай дээр өндөржүүлсэн бэлтгэлийг хийж байна.

Үүнтэй холбогдон 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот даяар албан байгууллагын ажлын цагийг нэг өдрийн хугацаанд өөрчилсөн бөгөөд МУИС-ийн ажил, хичээл 11.00 цагт эхлэх болохыг мэдэгдэж байна.

СУРГУУЛИЛТЫН ЯВЦААС