Монгол Улсын БСШУСЯ дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд CDIO олон улсын байгууллагын төв, Сингапур улсын Политехникийн институттэй хамтран ажиллах, цуврал сургалт зохион байгуулах талаар хамтын ажиллагааны санамж бичигт БСШУСЯ, Сингапурын Политехник институт хооронд гарын үсэг зурсан байдаг.
БСШУСЯ-ны зүгээс “Хойч үеэ бэлтгэхдээ шинийг сэтгэдэг залуу үеийг бэлтгэх нь чухал. Өөрөө сэтгэдэг, ертөнцийг өөрчлөх тэмүүлэлтэй залуу үеийг гаргаж ирсэн ард түмэн энэ цаг үед хожно. Өнөөдөр хүн төрөлхтөнд байгаа мэдлэгийг мэдэж авах нь анхдагч гэхээс илүү мэдсэн зүйлээ ашиглаж дараагийн мэдлэг бүтээх сэдэл нь анхдагч болж буй цаг үед шинэ хөтөлбөрүүдийг сургуулиудад хэрэгжүүлэх, CDIO санаачилгад нэгдсэн бүх улс орнууд өөрийн онцлогтой, өөрийн сургалтын шинжлэх ухааныг гаргаж ирж байгаа тул инженер технологийн салбарт хийж буй хөтөлбөрийн шинэчлэл, сургах, суралцах арга барилыг өөрчлөх зорилгоор CDIO системийг нэвтрүүлэх нь чухал байгааг” онцгойлон заасан болно.
CDIO системийн ач тус нь багш нар сургалтын төлөвлөгөөгөө илүү сайн төлөвлөх, заах арга туршлагаа сайжруулах, инженерийн мэдлэгийг бодитойгоор үнэлж дүгнэх, оюутнуудын хувьд мэдлэг, ур чадвар, үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай инженерийн ажлын туршлагад суралцах боломжийг буй болгоход оршино.
Иймд ХШУИС-д CDIO-ийн 12 стандартыг инженерийн хөтөлбөрт тусган хөгжүүлэх, сургуулийн стратеги хөтөлбөрт нийцсэн инженерийн хөтөлбөрийг хөгжүүлэх, улам боловсронгуй болгох зорилгоор өөрийн санхүүгийн хүчин чадалд тулгуурлан Идэвхтэй сургалтын танхимийг иж бүрэн тохижуулан ашиглаж эхлээд байна.
Энэ нь МУИС-ийн 2020 он хүртэлх хөгжлийн стратеги, ерөнхий зорилгын хүрээнд /дэлхийн стандартад нийцсэн, Монгол улсын хөгжил дэвшлийн тулгуур болсон үндэсний загвар судалгааны их сургууль байх, технологийн салбарт шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий үндэсний их сургууль байх, улс орны хөгжилд далайцтай хувь нэмэр оруулах, сонголт ба өрсөлдөөн – Сайн засаглал – Нийгмийн хариуцлага – Уламжлал ба шинэчлэлийг хангасан/ инженерийн хөтөлбөрийг хөгжүүлэх, боловсронгуй болгох шаардлагыг хангах ажлуудын нэгэн хэсэг болж байна.
Энэ хичээлийн жилийн /2018-2019/ хаврын улиралд Инженерийн термодинамик, Инженерийн зураг зүй, Электрон хэлхээ, Хагас дамжуулагч ба микроэлектроник, Микропроцессор ба интерфейсийн техник зэрэг инженерчлэлийн хичээлүүд орж оюутнуудад идэвхтэй суралцах боломжууд нээгдэж байгаа юм.