Монгол хүмүүст зонхилон тохиолддог арьсны өвчин үүсгэгчийг илрүүлэх, тодорхойлох, тэдгээрийн эсрэг үйлчилгээтэй эм, бэлдмэл гаргана

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Арьсны өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр болов. Уг арга хэмжээнд МУИС-ийн талаас захирал Я.Төмөрбаатар, Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс захирал Ц.Уранчимэг тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

 

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “МУИС нь Монгол Улсын суурь судалгааны томоохон төв байсаар ирсэн, одоо ч тийм хэвээр байна. Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд Монгол Улсаас хэвлүүлж буй бүтээлийн 30 хувийг МУИС-ийн багш, судлаачид хэвлүүлж байгаа нь үүний тод нотолгоо юм. МУИС нь Монгол Улсын суурь судалгааны төв байх байр сууриа баттай хадгалах, бэхжүүлэхийн сацуу гадаад, дотоодын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж салбар дундын цогц судалгаа явуулах замаар улс орны өмнө тулгарч буй асуудлыг шийдэх, өртөг, мэдлэг, технологи шингэсэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийг солонгоруулахад өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө идэвхтэй ажиллаж байна. Үүний нэг тод жишээ нь 2017 оноос эхлэн МУИС-ийн багш, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмч нар хамтран Монгол хүний батганы үүсгэгч, эмгэгшүүлэгчийн төрөл, зүйлийг тодорхойлж, судалгааны ажлын үр дүнгээр өгүүлэл хэвлүүлж, Фито ахне бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг хийсэн явдал юм.

Манай хоёр байгууллагын багш, эмч нарын хамтын ажиллагааны бодит үр дүнд тулгуурлан өнөөдөр хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах гэрээг албан ёсоор байгуулж байна. Цаашид Монгол хүмүүст зонхилон тохиолддог бусад арьсны өвчин үүсгэгчийг илрүүлэх, тодорхойлох, тэдгээрийн эсрэг үйлчилгээтэй ургамал, микроорганизмын гаралтай эм, бэлдмэл гаргах чиглэлээр бидний хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт найдаж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Уранчимэг ч Монгол Улсын ууган их сургууль, ууган эмнэлэг хоёрын хоорондын хамтын ажиллагаа улам өргөжиж, амжилтанд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа  илэрхийлэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар