ЭМГЭНЭЛ
Гончигийн Гантогтох
(1949-2019 )
Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Монгол Хэл, Хэл Шинжлэлийн Тэнхимийн профессор, Шинжлэх ухааны доктор Г.Гантогтох 2019 оны 06 сарын 05-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз учирлаа.
Гончигийн Гантогтох нь 1949 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод Довчины Гончигийн хоёр дахь хүү болон мэндэлжээ. Тэрбээр Дорнод аймгийн Чойбалсан хотын төвийн 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1967-1971 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн байна. 1971-1975 онд УБДС-ийн Монгол хэлний тэнхимд багш, 1975-1992 онд Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-2016 онд Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд профессор багшаар тус тус ажиллаж байв.
Г.Гантогтох нь 1993 онд “Буриад аялгууны үгийн сангийн бүрэлдэхүүний онцлог” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг, 2006 онд “Монгол зан үйлийн аман яруу найргийн онцлог” сэдвээр Хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ. Мөн 1998 онд дэд профессор, 2006 онд Монгол Улсын Их Сургуулийн профессор цол хүртэж байв.
Монгол Улсын Их Сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын Гавъяат багш Г.Гантогтох нь Шинжлэх ухаан, боловсролын салбарт тасралтгүй 45 жил ажиллах хугацаандаа Монгол хэлний нутгийн аялгууны үгсийн хэл зүй, үгийн сан, төрт ёс, аж төрөх ёс, шашин мөргөлийн зан үйлийн аман яруу найргийн онцлог, монгол аман яруу найргийн үг хэллэгийн утгыг монгол зан үйлтэй холбон тайлбарлаж судалсан нь монгол хэл судлалд оруулсан томоохон үнэ цэнэтэй бүтээлүүд төдийгүй эрдэм судлалын эдгээр ажлуудыг нь гадаад, дотоодын эрдэмтэд өндрөөр үнэлсэн байдаг.
Монгол улс болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн Г.Гантогтохын хөдөлмөр бүтээлийг үнэлэн 2000 онд “Ардын Гэгээрлийн Тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 2002 онд “Хөдөлмөрийн Хүндэт медаль”, 2008 онд Оросын Холбооны улсын “Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн”, 2008, 2010 онд БНХАУ-ын Лянжоу их сургуулийн “Хүндэт үнэмлэх” цол тэмдэг, 2014 онд Монгол улсын засгийн газрын шагнал “Шинжлэх Ухааны Тэргүүний ажилтан”, 2018 онд “Монгол Улсын Гавъяат багш” цолыг тус тус хүртээсэн билээ.
Монгол Улсын Гавьяат багш Г.Гантогтох нь зөвхөн хэл шинжлэлийн хүрээнд бус утга зохиол, урлаг, соёлын салбарт эрдэм шинжилгээний өргөн хүрээнд судалгааны ажлуудад зөвлөгөө өгч, боловсролын салбарыг хөгжүүлэх, монгол хэл шинжлэл, соёлын чиглэлээр шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэхийн төлөө өөрийн эрдэм боловсрол, авьяас билиг, дадлага туршлага, хүч хөдөлмөрөө бүрэн зориулан, аливаад шулуун шударга, тууштай ханддаг, хамт олон, найз нөхөд, шавь нартаа бодитой үлгэр дуурайл үзүүлдэг, бидний бахархал болсон шилдэг эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч байлаа.
Доктор, профессор Г.Гантогтох судалгаа шинжилгээний бүтээл, түүний хөдөлмөрч, хүнлэг, тууштай зан чанар, гэгээн дүр нь хамт олон найз нөхдийнх нь болон үе үеийн олон зуун шавь нарынх нь сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөх болно.
Профессор Г.Гантогтох багшийнхаа гэр бүл, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх ухааны сургууль. Хүмүүнлэгийн ухааны салбар
Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн хамт олон, найз нөхөд, шавь нар