МУИС-ийн сургалтын хөтөлбөрүүд, тэдгээрийн онцлог

Share Button

МУИС-ийн Сургалтын журам нь либерал арт буюу оюутны чөлөөт мэдлэг, сонголтын үзэл санаанд тулгуурлан 2015 онд шинэчлэн батлагдсан. Үүний дагуу оюутнууд нь МУИС-ийн ерөнхий суурийн хөтөлбөрүүдэд элсэн 1 жил суралцан ерөнхий эрдмийн болон салбар шинжлэх ухааны суурь хичээлүүдийг судалсны дараа мэргэжлээ сонгох боломж нээгдсэн.

Ерөнхий суурийн хөтөлбөрт 1 жил суралцсаны дараа оюутны оноо бодогдож санал өгсөн хөтөлбөрүүдээс сонгон элсэж ордог. Энэхүү оюутны оноонд 1 жил суралцсан сурлагын амжилт 68 хувь, цуглуулсан багц цагийн хэмжээ 27 хувь болон анх МУИС-д элсэн ороход авсан ЭЕШ-ийн оноо 5 хувийн агууламжтайгаар тооцогддог. МУИС-ийн оюутан хамгийн ихдээ 2 жил Ерөнхий суурийн хичээл суралцах хязгаартай.

Бакалаврын хөтөлбөр нь Ерөнхий суурийн 30-36 багц цаг болон бүрэлдэхүүн сургуулийн суурь 9-15 багц цаг мэргэжлийн 54-60 багц цагийн агууламжтай. Оюутан цаашид хос, хавсарга хөтөлбөрөөр суралцахад болон өөрийн мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх зорилгоор МУИС-ийн бүх хичээлээс сонгон үзэх боломжтой Чөлөөт сонголтын 15 багц цагийн хичээл судалдаг.

Ерөнхий суурийн хичээлүүд нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны суурь хичээлүүд болон иргэний боловсрол, судалгаа шинжилгээний арга зүй, яриа бичгийн ур чадвар, гадаад хэл, биеийн тамир эрүүл ахуй, гамшгаас хамгаалах менежментийн үндэс гэсэн үндсэн бүлэг хичээлүүдээс өөрийн суурь мэдлэг болон ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сонгон судлах зорилготой 96 хичээлээс бүрдэж байна.

Бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцахын хажуугаар өөр чиглэлийн хөтөлбөрүүдээс 30 багц цагийн хичээл судалж хавсарга хөтөлбөр дүүргэж тусдаа гэрчилгээ авдаг. Мөн үндсэн хөтөлбөрийн хажуугаар өөр хөтөлбөрт суралцан бүрэн дүүргэж хос дипломтой төгсөх боломжтой.

МУИС-ийн зарим хөтөлбөрүүд орой ба эчнээ хэлбэрээр сургалт явуулдаг бөгөөд энэ нь өмнө нь ямар нэг бакалаврын дипломтой иргэн зөвхөн мэргэжлийн 69-75 багц цагийн хичээл судлан хоёрдогч бакалаврын зэрэг олж авах зорилготой юм.

Магистрын сургалт нь судалгааны болон мэргэжлийн гэсэн хоёр түвшинд явагдаж байна. Мэргэжлийн магистр нь тухайн чиглэлээр гүнзгийрүүлэн судалж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх зорилготой бол судалгааны магистр нь тухайн чиглэлд илүү шинжлэх ухаанч байдлаар хандан судалгаа хийх зорилготой юм. Бүтцийн судалгааны магистр нь 30 багц цагийг цуглуулах үүний дотор эрдэм шинжилгээний 4 багц цагийн ажил заавал хийж 5 багц цагийн магистрын ажил хамгаалдаг бол мэргэжлийн магистр нь мэргэжлийн хичээлүүд түлхүү үзэж мэргэжлийн дадлага хийн төгсөх боломжтой юм. Мэргэжлийн магистр нь эрдэм шинжилгээний ажил болон магистрын ажил хамгаалах шаардлагагүй юм.

Докторын сургалт нь 23 багц цагийг тэнхимийн сургалтаар дүүргэж, 12 багц цагийн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэн, 24 багц цагт диссертаци бичин хамгаалдаг. Нийт 60 багц цаг дүүргэх шаардлагатай.

МУИС-ийн нэг онцлог нь насан туршийн боловсролыг дэмжих зорилго бүхий Иргэн суралцуулах гэсэн ойлголт байдаг. Энэ нь МУИС-д явагдаж буй бүх төрлийн хичээлүүдээс хүссэн иргэн хүссэн хичээлээ сонгон суралцах боломжийг олгосон хөтөлбөр юм. Нийтдээ 15 багц цаг хүртэл хичээл судлах боломжтой бөгөөд хүсвэл гэрчилгээ авч болдог. МУИС-ийн үндсэн оюутантай яг адил зарчмаар, тэдэнтэй хамт хичээллэдэг.

Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар