МУИС-ийн Биологи биотехнологийн сургууль гурван жилийн өмнө ХБНГУ-ын Гөрлитц хотын байгалийн түүхийн Зенкенберг музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны Биологийн олон янз байдлын чиглэлийн сургалт, судалгааны хамтын ажиллагааг дэмжих “Чанарын сүлжээ” хөтөлбөрийн хүрээнд “Монголын биологийн олон янз байдлын мониторинг, бүртгэл ба Биологийн олон янз байдал ба байгаль хамгааллын биологийн чиглэлээр салбар дундын магистрын сургалтын хөтөлбөрийн модул боловсруулах” чиглэлээр хамтран ажиллах 4 жилийн төсөл эхэлж байна.
Биологийн олон янз байдлын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, мэргэжилтэн бэлтгэхэд туслалцаа үзүүлэх, монгол орны биологийн олон янз байдлын мониторинг хийх арга зүйг боловсронгуй болгоход чиглэсэн энэхүү төслийн шугамаар Зенкенберг музейн сээртэн амьтан судлалын салбарын эрхлэгч проф. д-р Х.Анзорге, ургамал судлалын салбарын эрхлэгч проф. д-р К. Веше, ажилтан Х.Маргит, докторант Я.Трейбер нар нэг сарын хугацаанд ажиллахаар МУИС-ийн ББС-д хүрэлцэн ирээд сургалтын ажлаа эхлээд байна.
Өнгөрөгч онд Зенкенберг музей нийт 11 мянган еврогийн үнэтэй, цоо шинэхэн иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийг ББС-ийн Амьтан судлалын тэнхимд бэлэглэсэн нь оюутнуудын сурах, судалгаа хийх таатай нөхцлийг бүрдүүлж өгчээ.