Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Лаура Ботта 11 дүгээр сарын 14-ний өдөр МУИС-д айлчиллаа. Элчин сайдыг МУИС-ийн захирал Д-р.Я. Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал болон Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд МУИС-ийн захирал Я. Төмөрбаатар Элчин сайд, хатагтай Лаура Боттаг энэ оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэмжлэх жуух бичгээ барьсанд нь баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсэв. Тэрээр үргэлжлүүлэн МУИС болон Италийн их дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.
Захирал Я. Төмөрбаатар МУИС нь Италийн 6 их дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд багш, оюутан солилцоо, монгол судлал, түүхийн чиглэлээр хамтран ажилладаг талаар дурдаад Венецийн Ка Фоскари их сургуультай Эрасмус плас багш, оюутан солилцоо сүүлийн 2 жилд идэвхтэй хэрэгжиж буй талаар болон тус сургуулийн профессор Элизабетта Рагагнин болон МУИС-ийн Европ судлалын тэнхимийн багш Г.Бат-Учрал нарын хамтран анх удаа итали хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн “Марко Пологийн замын тэмдэглэл” номын нээлт 10 дугаар сарын 31-ний өдөр амжилттай зохион байгуулагдсан талаар талархан тэмдэглэв. Мөн Инсубриа их сургуультай хамтын ажиллагааны гэрээг энэхүү уулзалт болохоос нэг хоногийн өмнө байгуулсныг онцлов.
Түүнчлэн МУИС нь Horizon 2020 WeNet – Internet of US төслийн хүрээнд Трэнтогийн их сургууль болон Эрасмус плас төслийн хүрээнд хэрэгжиж буй PAWER болон GREB төслүүдийн хүрээнд Ла Акуэла их сургуультай амжилттай хамтран ажиллаж буйг захирал Я. Төмөрбаатар тэмдэглэн хэллээ.
Элчин сайд эрхэмсэг хатагтай Лаура Ботта халуун дотноор хүлээн авч буйд нь МУИС-ийн удирдлагад талархлаа илэрхийлээд Итали улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-д ажиллаж буй монгол мэргэжилтнүүд бүгд МУИС-ийг төгссөн талаар бахархан тэмдэглэв. Тэрээр хоёр улсын хамтын ажиллагаа улс, төр эдийн засаг, боловсрол, соёлын салбаруудад амжилттай хэрэгжиж буйг онцлоод цаашид багш солилцоо, итали хэл, соёлыг дэмжин дэлгэрүүлэх талаар илүү идэвхтэй хамтын ажиллагаа явуулахад хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
Захирал Я.Төмөрбаатар элчин сайдын саналыг хүлээн авч итали хэл, соёлыг дэмжиж ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. МУИС нь Торгоны замын сүлжээ байгууллага (Silk Road Universities Network)-ын гишүүнээр ажилладаг талаар захирал онцлоод Италийн хэд хэдэн сургуулиуд тус байгууллагад гишүүнээр хамтран ажилладаг тул энэхүү гишүүнчлэлийн хүрээнд хоёр улсын түүх, хэл судлалын профессор хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх бүрэн боломжтойг хэллээ.
Уулзалтын талууд 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг улам бүр дэмжин дэлгэрүүлэх зорилгоор хэрхэн хамтран ажиллах талаар ойрын ирээдүйд мэдээлэл солилцож ажиллах талаар санал нэгдэв.