Хөтөлбөрийн Ерөнхий Хорооны хурлын шийдвэрийн талаарх мэдээлэл

Share Button

МУИС-ийн Хөтөлбөрийн Ерөнхий Хороо энэ хичээлийн жил эхэлснээс хойш хоёр удаа хуралдаад байна. Эхний хурал 2019 оны 10 дугаар 30-нд болсон бол хоёр дахь удаагийн хурал 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү хурлуудаар хөтөлбөрийн өөрчлөлттэй холбоотой 18 асуудал, хөтөлбөрийн индекс нээх санал болон хөтөлбөрийн тусгай зөвшөөрөл авах талаар 5 асуудлыг хэлэлцсэн байна.

ХЕХ-оор хэлэлцсэн асуудлуудын шийдвэрийг та бүхэн http://heh.num.edu.mn/m/16/show/34 болон http://heh.num.edu.mn/m/16/show/36 холбоосноос үзэж сонирхоно уу.

Дээр дурдсан хөтөлбөрийн өөрчлөлт болон индекс, тусгай зөвшөөрөл хүсэх тухай үндсэн асуудлуудаас гадна ХЕХ-оор хэлэлцсэн хөтөлбөрийн болон хичээлийн давхардлын талаар хийсэн судалгаа, түүний хүрээнд авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Хөтөлбөртэй холбоотойгоор: Шинжлэх ухааны ижил зэрэг олгодог хөтөлбөрүүдийн мэргэжлийн суурь хичээлүүд адил байх.

ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн зүгээс “Хэрэглээний математик”, “Статистик” хөтөлбөрүүд нь ШУС-БУС-ийн Математикийн тэнхимийн “Математик” хөтөлбөртэй Юнескогийн ангиллаар ижил чиглэлд харьяалагдаж, шинжлэх ухааны бакалаврын зэрэг олгодог тул мэргэжлийн суурь хичээлүүдээрээ ижил сургалтын хөтөлбөртэй байх тухай санал гаргасан. ХЕХ энэхүү саналыг хэлэлцэн дэмжсэн бөгөөд цаашид МУИС-ийн бүх хөтөлбөрүүдийн хувьд дээрх чиглэлийн судалгаа хийж, ижил чиглэлээр шинжлэх ухааны зэрэг олгож буй бүх хөтөлбөрүүдийн мэргэжлийн суурьт адилхан хичээлүүд тусгагдах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Одоогийн сургалтын журмын хүрээнд бүрэлдэхүүн сургуулийн суурийн багц цагийн хэмжээ харилцан адилгүй байгаа тул холбогдох журмын өөрчлөлтийг хийж, хөтөлбөрөө батлуулан ирэх хичээлийн жилээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хичээлтэй холбоотойгоор: МУИС-д хэрэгжиж буй хичээлүүдийг тухайн хичээлийн шинжлэх ухааны чиглэлийнх нь дагуу уг чиглэл/хөтөлбөрийг хариуцаж буй нэгжид шилжүүлэх.

МУИС-ийн хэмжээнд идэвхтэй байгаа 6192 (өнгөрсөн хичээлийн жилд 3300 хичээл хуваарьт тавигдаж заагдсан) хичээл нь нэр, агуулгын хувьд давхцал ихтэй, зохион байгуулалтын хувьд хүндрэлтэй, үр ашиггүй, цэгцлэх шаардлагатай тухай судалгааны үр дүнг Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн зүгээс танилцуулсан. Уг судалгааны үр дүнд үндэслэн МУИС даяар хэрэгжиж буй идэвхтэй хичээлүүдийг нэгтгэх, архивлах, өөрчлөх тухай болон харьяаллын маргаантай байж болох хичээлүүд дээр тэнхим бүрээс санал авахаар тогтож, ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэх ХЕХ-ны дэргэдэх Ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг нь 2019 оны 11-р сарын 11-ны өдрийн 2б/3835 тоот албан бичгийг нийт тэнхимийн хөтөлбөрийн хорооны ахлагч нарт хүргүүлсэн билээ.

Албан бичгийн хүрээнд тэнхимүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн Ажлын хэсэг эхний байдлаар авч хэлэлцэн, явцын үр дүн/шийдвэрийг ХЕХ-нд танилцуулан дэмжигдсэн. Үүнд:

  • Өөрийн тэнхимийн харьяаны архивлах/нэгтгэх санал ирүүлсэн хичээлүүдийн хувьд:
    • 2014 оноос өмнөх бүх хөтөлбөрүүдэд тусгагдсан хичээлүүдийг архивлах
    • 2014 оноос хойших зөвхөн өөрийн хөтөлбөрүүдэд тусгагдсан бүх хичээлийг архивлах/нэгтгэх
    • Бусад тэнхимийн харьяаны 2014 оноос хойших хөтөлбөрүүдийн заавал судлах хэсэгт тусгагдсан хичээлүүд дээр уг хичээлийг тусган хэрэгжүүлж буй харьяа тэнхимээс санал авч байж шийдэх
  • Бусад тэнхимийн харьяанд байгаа боловч шинжлэх ухааны чиглэлийн хувьд өөрийн тэнхимд байх тухай санал ирүүлсэн хичээлүүдийн хувьд:
    • Уг хичээлийн одоогийн харьяа тэнхимийн тухайн хичээлийг хариуцан зааж буй багшаас тухайн хичээлийн талаар нэмэлт тайлбар авах
    • Багшийн нэмэлт тайлбарт дараах агуулгыг тусгасан байх. Үүнд:
      • Зааж буй багшийн нэр, мэргэжил, хамгаалсан сэдэв, судалгааны ажил /бакалавр, магистр, докторын бүх түвшнийх нь/
      • Хичээлийн өмнөх /2014 оноос өмнөх/, болон дараах /2014 оноос хойших/ харьяалал
      • Тухайн хичээлийн шинжлэх ухааны харьяалагдах чиглэлийн талаар тайлбар, баталгаа
      • Дэлхийн их сургуулиудын жишиг буюу аль сургуулийн ямар хөтөлбөрт тусгагдан, аль тэнхим нь хариуцан зааж буй талаарх мэдээлэл /3 сургуулиар/
      • Сүүлийн 4 улиралд судалсан оюутны мэдээлэл /судалсан оюутны тоо, аль хөтөлбөрийн оюутан болох/
    • Нэмэлт тайлбар авах тухай албан бичгийг харьяаллын маргаан үүссэн хичээлийг хариуцан зааж буй багш нэг бүрд хүргүүлж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны дотор хариу авах. (Тайлбарт тусган авах зарим мэдээллийг ХЧБХ гаргах.)
    • Хэрэв тайлбар ирүүлээгүй тохиолдолд хүсэлт гаргасан талд шилжүүлэх.
    • Хичээлийн харьяалал өөрчлөхтэй холбоотойгоор тухайн хичээлийг зааж байсан багшийн цагийн ачаалалтай холбоотой үүсэх хүндрэлийг ажлын хэсэг тодорхойлон ХЕХ-нд танилцуулах

гэсэн шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ХЕХ шийдвэрлэсэн болно.

ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар