Гадаад, дотоодын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид хамтран Монгол орны биологийн олон янз байдал (ургамал, амьтан, мөөг, бичил биетэн)-ын чиглэлээр 15 сэдэвт бүтээлийг 2018-2019 онд хэвлүүлжээ. Уг ажлуудыг МУИС-ийн биологийн тэнхимийн профессор багш С. Гомбобаатар удирдан ажилласан ба хамтарсан бүтээлүүдийн нээлтийг 2019 оны 12 дугаар сарын 27-нд МУИС-ийн Шинэ номын санд амжилттай зохион байгуулав.
Бүтээлүүдийн танилцуулгыг бүтээл тус бүрээр товчлон илэрхийлбэл:
“МОНГОЛ ОРНЫ ШУВУУ ТОДОРХОЙЛОХ ХӨТӨЧ БИЧИГ” бол С. Гомбобаатарын АНУ-ын эрдэмтэн Хрис Лихитэй хамтран Монгол орны 502 зүйл шувууны хээрийн нөхцөлд тодорхойлох шинж, тархалт, биологи, экологи, хамгааллыг хөндөн бичиж, дэлхийд нэр хүндтэй Bloomsbury хэвлэлийн газарт хамтран хэвлүүлсэн бүтээл бөгөөд манай орны шувуу судлалын салбарт сүүлийн 120 жилд анх удаа англи хэлээр хэвлүүлсэн монограф болов.
“АЗИЙН МАХЧИН ШУВУУНЫ ХӨТӨЧ: ДОРНОД БОЛОН ЗҮҮН АЗИЙН СУУРИН АМЬДРАЛТАЙ ШУВУУД” бүтээл бол Ази тивд тархсан 94 зүйл суурин амьдралтай махчин шувуудын биологи, экологи, хамгааллын чиглэлээр дэлхийн 14 орны 15 зохиогчид хамтран гаргасан Азийн хэмжээний энэ чиглэлээр хамгийн томд тооцогдох бүтээлийн нэг бөгөөд энэхүү нөр их ажлыг С. Гомбобаатар удирджээ.
“ДЭЛХИЙН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ” бүтээлийн “МОНГОЛ ОРНЫ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ” нэртэй бүлэг болох Монгол орны биологийн олон янз байдал /ургамал, амьтан, мөөг/-ын өнөөгийн байдал, нөлөөлөх хүчин зүйл, хамгааллын арга хэмжээг нэгтгэсэн бүтээлийг Олон улсын APPLE хэвлэлийн газарт англи хэлээр хамтран хэвлүүлсэн бөгөөд манай орны хувьд энэ чиглэлийн томоохон бүтээлүүдийн нэг боллоо.
“МОНГОЛ ОРНЫ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ: НУГАЛАМТ АМЬТДЫН ЗҮЙЛИЙН НЭРС, ТАРХАЛТ, ТОДОРХОЙЛОХ” бүтээл нь Монгол орны нийт 760 зүйлийн нугаламт амьтдын 9 хэл дээрх нэрс, Монгол орны тархац, тодорхойлох шинжийг агуулсан гэрэл зургийг багтаасан, монгол, англи хэлээр зохиогчийн бие даан бичсэн цогц бүтээлүүдийн нэг юм.
“ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ ШУВУУД” ном нь Тост, Тосонбумбын нуруу, түүний орчмын 18 баг, 38 овог, 147 зүйл шувуудын монгол, англи, латин нэр, таних шинж, статус, амьдралын онцлог, амьдрах орчин, идэш тэжээл, хамгааллыг хөндсөн манай орны энэ бүс нутгийн шувуудын чиглэлээр Монгол хэлээр хамтран хэвлүүлж буй анхны бүтээл болов.
“БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ШУВУУД” ном нь Монгол улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулан Богд хааны ордон музейд Германы Хамбург хотоос ирсэн 69 зүйл шувууны 74 ширхэг цуглуулгын таних шинж, дэлхийн тархалт, байршил, цуглуулгын мэдээ, баримт зэргийг монгол, англи хэлээр нэгтгэн шавь нарынхаа хамт бичсэн нь сүүлийн 118 жилд гарч байгаагүй бүтээл болжээ.
“МОНГОЛ ОРНЫ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ: НУГАЛАМГҮЙ БОЛОН НУГАЛАМТ АМЬТДЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ” ном нь Монгол оронд одоогоор бүртгэгдсэн нугаламт амьтдын 760 зүйл (78 зүйлийн загас, 6 зүйл хоёр нутагтан, 23 зүйлийн мөлхөгч, 513 зүйлийн шувуу, 140 зүйлийн хөхтөн амьтад), 5,919 зүйл нугаламгүй амьтдын зүйлийн жагсаалтыг багтаасан төдийгүй, бүхий л зүйлийн нугаламт амьтдын монгол нэрийг шинээр болон өөрчлөн оноосон монгол, англи хэлээр хамтран хэвлүүлсэн манай орны хувьд анхдагч бүтээлүүдийн нэг мөн.
“МОНГОЛ ОРНЫ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ: УРГАМАЛ, МӨӨГ, БИЧИЛ БИЕТНИЙ ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ” бүтээлд Монгол улсад бүртгэлтэй гуурст ургамлын 3,163 зүйл, хөвдийн 570 зүйл, замгийн 2,248 зүйл, мөөгний 630 зүйл, хагийн 1,069 зүйл, бичил биетний 241 төрлийн зүйлийн жагсаалт багтсан ба мөн гуурст ургамлын бүхий л зүйлд монгол нэрийг шинээр болон өөрчлөн оноосон юм. Энэ бүтээл бол ургамал, мөөг, бичил биетний төрөл, зүйлийн нэгдсэн жагсаалтыг монгол, англи хэлээр хамтран хэвлүүлсэн манай орны хувьд анхдагч номуудын нэг боллоо.
“МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН УЛААН ДАНС” энэхүү цувралд нийт 304 зүйлийн гуурст ургамал, 15 зүйлийн хөвд, 39 зүйлийн замаг, 32 зүйлийн хаг, 21 зүйлийн мөөг, бүгд 411 зүйлийн шинжлэх ухааны болон түгээмэл нэр, адилсах нэрс, дэлхийн болон бүс нутгийн тархалт, ургах орчин, хамгаалагдсан байдал зэрэг баримтыг зүйлийн гэрэл зураг болон тархалтын зургийн хамт багтаав. Монгол улсын Засгийн Газраар батлагдах Монгол орны нэн ховор, ховор ургамлын зүйлийг Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар үнэлсэн монгол хэлээр хамтран хэвлүүлж буй Улаан дансны цуврал бүтээлийн нэг юм.
“МОНГОЛ УЛС БА ХОВОР АМЬТАН, УРГАМЛЫН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСАД ХУДАЛДААХ ТУХАЙ КОНВЕНЦ” ном нь Монгол орон Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенц (CITES)-ийн хэрэгжилт, явцыг харьцуулан дүгнэх боломжийг хүн бүрд олгох, зэрлэг амьтан, ургамлын зүйлүүдийн олон улсын худалдаанд хэт их хэмжээгээр өртөж, устах аюулд орохоос сэргийлэх зорилгоор холбогдох мэдээ, баримтыг нэгтгэн монгол, англи хэлээр хэвлэж буй бүтээл болно.
Дээрх бүтээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг С.Гомбобаатар багштай gomboo@num.edu.mn хаягаар холбогдон авах боломжтой.
Бүтээлийн дээжис
Бүтээлийн нээлтэд оролцогчид, хамтран ажиллагчид
Энэ үеэр Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайдын өргөмжлөлийг гардуулав
Бүтээлийн дээжээ БОАЖЯ болон бусад байгууллагуудад тараав
Бүтээлээ хамтран ажилласан судлаачдад дээжлэн өглөө