2019-2020 оны хичээлийн жилийн Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо төслийн хүрээнд зохион байгуулсан уралдаанд оролцож төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон багууд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүртэл төслөө хэрэгжүүлнэ. Дэлхийн банк, Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төв нь төсөл хэрэгжих хугацаанд багуудад тогтмол дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах юм.
Шалгарсан багууд хуваарийн дагуу онлайн уулзалтуудад оролцож, тайлан, видео ирүүлж төслийн эхэнд болон төгсгөлд буюу нийт 2 удаа төслөө сургуулийн захиргаандаа танилцуулах үүргийн дагуу Эдийн засгийн тэнхимийн багш Б.Наранчимэг /чиглүүлэгч багш/, ШУС-ийн НУС-ын 4 дүгээр түвшний оюутан А.Алтанбаяр /багийн ахлагч/, Г.Ганди, ХЗС-ийн 3 дугаар түвшний оюутан А.Бархасмаа нарын бүрэлдэхүүнтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний “Үзээд алдах уу” баг төслийн үйл ажиллагаатай Оюутан, төгсөгчийн хэлтэс танилцав. Уг төслийн уралдаанд оролцож буй багуудыг цуврал байдлаар танилцуулж байна.
“Үзээд алдах уу” багийн төслийн ТАНИЛЦУУЛГА:
“Үзээд алдах уу” баг нь оюутнуудад бэлгийн замаар дамжих халдварын талаар мэдээлэл түгээх, их сургуулийн оюутнуудыг БЗДХ-ын шинжилгээнд хамрагдахад төрийн байгууллага болон сургуулиудыг холбох, сайн дурын шинжилгээг нийслэл болон дүүргийн эрүүл мэндийн газраас сургуулиудад тогтмол авдаг болгох зорилготой юм. Ингэхдээ дан ганц үзлэг шинжилгээ хийх бус сургалтаар дамжуулж БЗДХ-ын талаар мэдлэг өгөх, ХДХВ/ДОХ-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх, бэлгэвчний хэрэглээ, БЗДХ-ын талаар урлагаар (кино, инфографик, зургийн үзэсгэлэн гэх мэт) дамжуулж ойлголт өгөх гэх мэт цогц өдөрлөг байдлаар оюутнуудыг олноор нь хамруулах арга хэмжээ байна.
БАГИЙН ХҮСЭЖ БУЙ ҮР ДҮН
Дүүргийн эрүүл мэндийн төвийн календарчилсан төлөвлөгөө, Монгол Улсын Их Сургуулийн календарчилсан төлөвлөгөөнд БЗДХ-ын талаар мэдээллийг их дээд сургуулиудын оюутнуудад тогтмол түгээх, сайн дурын шинжилгээг тогтмол авдаг болгох арга хэмжээнүүдийг жил бүр тогтсон өдрүүдэд авдаг болгох
ТА БИДЭНТЭЙ ХЭРХЭН ХАМТРАН АЖИЛЛАХ ВЭ?
Энэхүү төслийн нэг санаа нь нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд уриалах явдал юм. Нийгмийн эгэх хариуцлага гэдэг нь “Төр нийгмийн өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлээгүй тохиолдолд иргэдийн зүгээс тэднийг ажлаа сайн хийхийг шаардах буюу хариуцлага нэхэх хэрэгцээ бөгөөд нийгмийн сайн сайхан байдлыг бий болгоход чиглэсэн үүргээ төр хэрхэн биелүүлж байгаад иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс хяналт тавих, төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож засаглалын хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах үйл явц” юм. Төслийн хүрээнд бид бүхэн Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, иргэний нийгмийн байгууллагууд болон Монгол Улсын Их Сургуулийн Оюутан, төгсөгчийн хэлтэстэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд та бүхнийг хамтарсан уулзалтуудад хамтран оролцуулж, залуусыг хэрхэн шинжилгээнд хамрагдахад бидэнтэй хамтран уриалга, зөвлөмж гаргаасай гэж хүсэж байна. Мөн загвар арга хэмжээг 1-2 их сургуульд хийх бөгөөд энэхүү арга хэмжээнд байгууллагаа танилцуулах, оюутнуудад мэдээлэл түгээх, шаардлагатай материалаар хангах, сайн дурын БЗДХ-ын шинжилгээ авах гэх мэт дэмжлэг үзүүлж бүхий л нөөц бололцоогоороо туслаасай хэмээн уриалж байна.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС