МУИС, АНУ-ын Колорадогийн их сургуулийн хооронд судалгаа, боловсролын хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Share Button

АНУ-ын Колорадогийн их сургууль нь сүүлийн 30 жилийн турш МУИС-тай боловсрол, судалгаа шинжилгээний чиглэлээр үр дүнтэй хамтран ажилласан. Энэ хамтын ажиллагаа нь албан ёсны болж 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус сургууль дээр МУИС-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичиг нь хоёр сургуулийн боловсрол, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн ба ахисан төвшний хамтарсан сургалт, судалгааны ажлыг хөгжүүлэх боломжийг 2 сургуульд олгоно. Энэ нь ойрын ирээдүйд судалгааны их сургууль болохоор ажиллаж буй манай сургуульд тодорхой дэмжлэг болох юм.

Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөц, газар нутгийн менежмент, ойн аж ахуй, компьютерийн мэдээллийн систем, нийгмийн аж ахуй, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, мал эмнэлэг, сэргээгдэх эрчим хүч, сэтгүүл зүй, хот байгуулалт ба төлөвлөлт, хот-хөдөөгийн интерфейс, агаар-усны чанар, усны нэгдсэн менежмент гэх мэт чиглэлээр оюутан, багш, судлаач солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, ахисан төвшний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, урт хугацааны экологийн судалгааны талбай хамтран байгуулах болон олон жилийн хамтын ажиллагаатай тул хөнгөлөлттэй нөхцлөөр оюутан сургах (сургалтын төлбөрийг 30% хүртэл хөнгөлөх) зэрэг тааламжтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж мөн бүрдэж байна.

МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимийн профессор Л.Ариунцэцэг, дэд профессор У.Айбек нар 2018 оноос Азотын Сүлжээний хамтарсан судалгааг хийж байна.

1999 оноос хойш Денвер хот дахь Монгол Улсын өргөмжит консулын албыг хашиж буй, Улаанбаатар ба Денвер хотыг эгч дүүгийн харилцаатай болгох ажлыг санаачилж, одоо “Улаанбаатар-Денвер эгч дүү хот хороо”-ны даргаар ажиллаж байгаа ноён Жим Вагенландер болон МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун нар нь өнөөдрийн байдлаар 20 гаруй монгол КИМ-д магистр, бусад долоон оюутан докторын зэрэг хамгаалж, олон арван судлаачид хамтран ажилласан сүүлийн 30 жилийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Мөн энэ хамтын ажиллагааны үр дүнгийн нэг илрэл нь Монгол Улс тус их сургуулийн хоёр профессорыг олон жилийн судалгааны хүчин чармайлт гаргасных нь төлөө төрийн шагнал цол олгож байжээ. Үүнд:

  • 2013 онд КИС-ийн Эмерит профессор Деннис Ожимад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар Байгаль орчны тэргүүний ажилтан цол
  • 2016 онд КИС-ийн профессор Мария Фернандез-Гименезд Монгол улсын Алтан гадас одонгоор тус тус шагнажээ.

АНУ-ын Колорадогийн их сургууль нь 1870 онд байгуулагдсан, 8 коллеж, Бакалаврын 65, ахисан түвшний 40 хөтөлбөрөөр сургалт явуулдаг, 2500 гаруй багш ажилчид, 35000 орчим оюутантай, сургалт, судалгааны олон төвтэй, жилд 300 саяас дээш хэмжээний ам.долларыг эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулдаг, АНУ-ын Инноваци, эдийн засгийн хөгжлийн 6 их сургуулийн нэг улсын их сургууль юм. 2021 онд хамтын ажиллагааны 30 жилийн ойг тэмдэглэнэ.

Хамтын ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар