МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурал болж сургалтын үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөл 2020 оны гуравдугаар сарын 6-ны өдөр цахим сургалтын явц, үр дүн, сургалтын үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай, шуурхай арга хэмжээний талаарх мэдээлэл зэрэг асуудлаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

  1. МУИС-ийн СИСи мэдээллийн системээр цахим сургалттай холбоотой явуулсан санал асуулгын дүнг Элсэлт, бүртгэлийн хэлтсийн дарга М.Итгэл урьдчилсан байдлаар танилцуулав. МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар санал асуулгын нэгдсэн дүнг яаралтай нэгтгэн гаргаж нийт багш, оюутнуудад мэдээлэхийг холбогдох нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.  Түүнчлэн хуваарьт хугацаандаа хичээл, даалгавраа илгээгээгүй багш нарт зохих хариуцлага тооцох, цахим сургалтын үед идэвх санаачилгатай ажиллаж буй багш нарыг урамшуулах үүрэг өгөв.
  2. МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж дараах үйл ажиллагааны хугацаа өөрчлөгдөв. Үүнд:
  • МУИС-ийн төгсөлт – 2020 оны 6 дугаар сарын 16
  • Элсэлтийн бүртгэл- 2020 оны 6 дугаар сарын 1-11-ний өдрийг дуустал
  • МУИС-ийн хуваарь олголт- 2020 оны 6 дугаар сарын 13-18-ны өдрийг дуустал
  • Мэргэжил сонголт- 2020 оны 6 дугаар сарын 15-18-ны өдрийн хооронд
  • МУИС-ийн бакалаврын урьдчилсан хамгаалалтыг 2020 оны 5 дугаар сарын 4-8-ны өдрийн хооронд, жинхэнэ хамгаалалтыг 2020 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулна.
  • МУИС-ийн магистрын урьдчилсан хамгаалалтыг 2020 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрийн хооронд, жинхэнэ хамгаалалтыг 2020 оны 5 дугаар сарын 25-аас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулна.

3. Шуурхай арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр танилцууллаа.