ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Цахим сургалтын талаарх видео мэдээлэл

Share Button

Цахим сургалтыг цаашид үргэлжүүлэн зохион байгуулах бодлого, чиглэл, сургалтын үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлттэй холбогдуулж МУИС-ийн Захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Н.Бурмаа, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр нар багш, ажилтан, оюутнуудын асуулт, санал, хүсэлтийг цахимаар болон утсаар хүлээн авч мэдээлэл, тайлбар хийсэн.

Энэхүү видео мэдээллээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Цахим сургалтыг бусад их, дээд сургуулиудаас өндөр түвшинд, өндөр шаардлагатайгаар зохион байгуулж буй МУИС-ийн 700 гаруй багш нартаа талархал дэвшүүлье.
  • Цахим сургалтыг ойлгож гэр орноосоо гарахгүй, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй, гэртээ хичээлээ идэвхтэй хийж байгаа МУИС-ийн 13000 гаруй оюутнууддаа талархал дэвшүүлж байна.
  • Энэ цаг үед багш, оюутнууд маань ирэхгүй байгаа ч арын албанд ажиллаж байгаа, нэргүй фронтын дайчид гэдэгтэй адил, өдөр шөнө, хагас, бүтэн сайнгүй ажиллаж байгаа хэд хэдэн нэгжүүдийн хүмүүст талархал дэвшүүлж байна. Юуны өмнө МУИС-ийн Эмнэлгийн хамт олон, цахим сургалтын дэд бүтцийг анхааралтай хянан, техникийн талаас нь бүрэн хангаж байгаа Мэдээллийн технологийн газрын хамт олон, оюутан, багш нарын хичээл, цахим сургалттай холбоотой асуудлыг байнга ажиглаж зохицуулалт хийж буй Элсэлт, бүртгэлийн хэлтсийн хамт олон, Оюутан, төгсөгчийн хэлтсийнхэндээ талархал илэрхийлье.
  • Оюутнууд хичээллэхгүй, багш нар маань сургууль дээрээ ирэхгүй байгаа ч гэсэн МУИС-ийн нийт 40 гаруй мянган мкв талбай бүхий хичээлийн 5 байр, дотуур байр, бусад үйлчилгээний газруудад өдөр бүр, 2 цаг тутам нойтон цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийж буй үйлчилгээний хамт олондоо, мөн үүний ар талд их сургуулийнхаа багш, ажилтнуудын цалин хөлс, аудитын шалгалт гэх мэт олон зүйлүүдийг ямар ч ээлжийн амралтгүйгээр зохион байгуулж буй Санхүү, төлөвлөлтийн газрынхаа хамт олонд талархал дэвшүүлж байна.
  • Цахим сургалт гэдэг бол өөрийн онцлог, үр дүн, чанар, хүртээмж, сургалтын тасралтгүй байдал, уялдаа холбоо, залгамжтай холбоотойгоор бид даалгаврыг, тухайн сэдвийг даалгаврын үнэлгээг хийж дуусгасны дараа үргэлжлүүлэх хэлбэрээр явуулж ирсэн.
  • Бид нөхцөл байдалд уялдуулан даалгавартай холбоотой хоёр шийдвэрийг гаргасан. Нэгдүгээрт, даалгаврын гүйцэтгэх хугацааг цахим сүлжээ, цахим орчны хэрэглээ, бололцооноос хамааран 14 хоногоос доошгүй хугацаатайгаар оюутан суралцагчдад даалгаврыг үүсгэх тухай чиглэлийг өгсөн. Хоёрдугаарт, олон оюутны ирүүлсэн хүсэлтэд үндэслэн багш нарын хоёр, гуравдугаар сард үүсгэсэн хичээлүүдийн даалгаврыг нөхөж өгөх бололцоог системд бий болгосон. Өмнөх хичээлийн даалгаврыг нөхөж өгөх хугацааг 4 дүгээр сарын 15-ны өдөр гэж заалаа.
  • Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу цахим орчны хүртээмж, сүлжээний хүчин чадлаас шалтгаалан хичээлд оролцож чадаагүй суралцагчдын хүсэлтийг шийдвэрлэнэ. Онцгойлон, сүлжээ, хүчин чадлын онцлог байдлыг харгалзан үзэж сумын харьяалалтай суралцагчдын хүсэлтийг шийдвэрлэх юм. Хотын, аймгийн төвийн харьяалалтай суралцагчид энэ боломжийг нээж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн байсан. Үүнийг бид боломжгүй гэж шийдвэрлэсэн. Үүнийг хариуцлагатайгаар хэлье.
  • Хичээл цуцлуулах хүсэлт гаргаж буй суралцагч нь Элсэлт, бүртгэлийн хэлтсийн elseltburtgel@num.edu.mn цахим шуудан руу хүсэлтээ илгээнэ. Хүсэлтийг илгээхдээ өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг /харьяаллыг нягтлах тул/ хамтад нь илгээх ёстой. Энэ хүсэлтийг хүлээж аваад холбогдох багштай зөвшилцөн хичээлийг цуцлах шийдвэрийг гаргана.
  • Нэгдсэн төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулахгүй. 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төгсөх арга хэмжээ дууссан байна.
  • 6 дугаар сард танхимын сургалт хэвийн үргэлжилж байна гэж үзсэн учраас Үйлдвэрийн дадлагын хугацаанд өөрчлөлт оруулахгүй.
  • Дадлага сонгосон оюутнууд 3 дугаар улирал буюу зуны улиралд нэмэж сонгох бололцоог олгож байна. Багшлах дадлага бол ерөнхий боловсролын сургуульд явагддаг онцлогтой. Хуваарь ёсоор 5 дугаар сарын 1-ний өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлнэ. Тодорхой хуваариар багшлах дадлага маань онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж эхэлж байгаа. Түүнчлэн нөхцөл байдалтай уялдуулан дадлагыг дараагийн улиралд шилжүүлэхэд шимтгэл авахгүй байх зохицуулалт хийж байна.
  • Бакалаврын болон магистрын ажлыг цуцлаад дараагийн улиралд шилжүүлэхэд шимтгэл авахгүй.
  • Энэ жил төгсөх гэж буй бакалаврын түвшний оюутны хувьд тэнхим, холбогдох нэгжүүдтэй нь холбогдож судалгааны ажлын нөхцөл байдлыг тодруулах судалгаа хийгдэж байна. Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн судалгааны ажлаа хийх боломжгүй суралцагчийг дараагийн улиралд шилжүүлэх, судалгааны ажлын онцлогоос нь шалтгаалан зөвхөн практик дадлага хийж хамгаалдаг нэгжүүдийн хувьд тэнхимтэй нь ярилцаж практик дадлагыг онол, мэдлэгтэй нь хослуулсан хэлбэрээр зохион байгуулах бололцоотой нэгжүүдэд өөрчлөх чиглэл өгч байгаа. Дадлага туршлага хийх боломжгүй, энэ жил төгсөх суралцагчдыг ойролцоо агуулгатай хичээлд шилжүүлэх замаар энэ асуудлыг шийднэ.
  • Багш нарт СИСи систем болон бусад платформыг ашиглахдаа тухайн хичээлийн жилд олгогдож байгаа лекц болон семинарын материалыг хангалттай хугацаанд нээлттэй байлгаж, оюутан танилцах бололцоог олгох тухай чиглэл өгсөн.
  • Байгаль-Эх лицей ахлах сургуулийн төлбөрийн буцаалт, хөнгөлөлт гэсэн асуудал байхгүй. БЭЛАС-ийн сургалтын үйл ажиллагаа тухайн багш нарын оролцоотойгоор, мөн цахим хэлбэрээр, нэмэлт сургалтын цагтай гаар явагдаж байгаа. Тийм учраас төлбөрийн ямар нэгэн өөрчлөлт байхгүй.
  • Оюутан цэргийн бүртгэл цахимаар явагдаж дууссан. Энэ жил МУИС-ийн хувьд нийт 90 оюутны квот ирж, хүсэлт гаргасан оюутнуудыг шийдвэрлэн Нийслэлийн цэргийн хэлтэс рүү хүргүүлсэн.
  • Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан лабораторийн хичээлүүд танхимаар орох боломжгүй, багтахгүй болж байгаа учраас 4 дүгээр сард багтаагаад холбогдох оюутнуудад дадлагын хичээлийг хэрхэн хийж буй талаар видео, удирдамж, гарын авлагыг хүргүүлэх тухай чиглэл өгсөн. 4 дүгээр сард энэ материалууд оюутны гарт хүргэгдэнэ. 5 дугаар сард танхимын сургалт эхэлмэгц лабораториудад чөлөөт цагийн хуваариар орох бололцоог суралцагчдад нээнэ. Өөрөөр хэлбэл тухайн суралцагч ажлын цагаар дуртай цагтаа очиж туршилтаа хийх бололцоог олгоно. Тухайн лабораторийн хичээлийг удирдаж буй багш лекцийн цаг дээрээ тухайн хичээлийн бататгах тойм лекц болоод заавар, удирдамжийг өгөх хэлбэрээ оюутнуудтай харьцаж явна.
  • Хавар шинээр элсэх гадаад оюутнуудыг намрын улиралд шилжүүлнэ. Үргэлжлүүлэн суралцаж буй гадаад оюутны хувьд өөрөө хүсэлт гаргавал дараагийн улиралд хичээл сонгох бололцоо олгож төлбөрийг нь дансанд нь шимтгэлгүйгээр үлдээх боломж олгож байна.
  • Докторын урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтыг хорио цээрийн дэглэмийг баримтлан ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийн, хамгаалуулах зөвлөлийн 15 гишүүн болон докторын зэрэг хамгаалагчаас бусад гадны хүн оролцуулахгүйгээр хийх тухай БСШУСЯ-тай зөвшилцөн шийдвэрлэсэн.
  • Багш нарын Б, В цагийн ачааллыг 50 хувиар бууруулсан.
  • Явцын шалгалт 4 дүгээр сарын 20-24-ний хооронд тавигдсан. Явцын шалгалтыг зайлшгүйгээс бусад тохиолдолд хичээлийн даалгаврын гүйцэтгэл, үнэлгээнд үндэслэн тухайн үнэлгээнд шингээж тооцох тухай удирдамжийг багш нарт хүргүүлсэн. Зайлшгүй авах тохиолдолд хэрхэн авах тухай удирдамжийг тусгайлан хүргэнэ.
  • Төгсөх оюутнуудад дотуур байранд амьдраагүй хугацааны төлбөрийг буцаан олгоно. Үргэлжлүүлэн суралцах оюутны хувьд дотуур байранд амьдраагүй хугацааны төлбөрөө цаашид сургалтын болон дотуур байрны төлбөрт ашиглах бололцоотой гэж шийдвэрлэсэн.
  • Цахим сургалтад шилжсэнтэй холбогдуулан Номын сан удирдамж гарган ажиллаж байна. Энэ хугацаанд гэрээр ном олгох, буцаах үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. 1 дүгээр сарын 27-оос 3 дугаар сарын 27-ны хооронд цахим ном болон магистрын цахим ажлын хувьд нийт 91450 хандалттай байна. Үүнийг сараар нь авч үзвэл 1 дүгээр сард 18500 орчим хандалт, 2 дугаар сард 28900 орчим, 3 дугаар сард 44000 орчим хандалт хийгджээ. Үүнээс харахад оюутан суралцагчид мань цахим сургалт эхэлсэн эхний сард цахим сангуудад хандах хандалт бага байсан бол яваандаа цахим сургалтанд чадваржиж цахим санг ашиглах эрэлт хэрэгцээ ихэсжээ. Гэрээр олгох үйлчилгээ буюу цаас номын хувьд нийт 13042 оюутанд үйлчилгээ үзүүлсэн байна.
  • 4 дүгээр сарын 6-аас эхлэн Юнителийн дугаартай хэрэглэгч МУИС-ийн сургалтын системд хандахад дата төлбөр тооцохгүй болно. Одоо холбогдох тохиргоо хийгдэж байна.