Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, элсэгчид, оюутан залуучууд, ажилтан нар аа!
Та бүхэнд 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье!
МУИС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн зөвлөмжийг баримталж энэ хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулж Та бүхэнтэйгээ цахимаар мэндчилж байна.
Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага, нийгэмд мэдлэгээр манлайлж, нийгмийн хөгжлийн түүчээ болсон МУИС-ийн эрдмийн хамт олон шилдэг 3500 гаруй элсэгчээр эгнээгээ бэхжүүлж нийт 1500 орчим багш, ажилтан, 23000 орчим оюутантайгаар 78 дахь хичээлийн жилийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
2020-2021 оны хичээлийн жилд шинэ элсэгчээ хүлээн авч хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлүүлж буй энэ мөчид МУИС-ийг сонгон, элсэн суралцаж байгаа элсэгчдэдээ баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье!
Бид өнгөрсөн жилийн ололт амжилт, ахиц дэвшлээ дүгнэж ирэх хичээлийн жилд амжилтаа ахиулж, шинийг эрэлхийлж, чанарыг чухалчилж стратеги төлөвлөгөөний зорилтуудаа гүйцэлдүүлэхээр хамтдаа зүтгэх болно.
Өнгөрсөн хичээлийн жилийн хувьд дэлхий нийтийн хэмжээнд тохиолдоод буй цар тахлын улмаас их, дээд сургуулиудын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан МУИС-ийн танхимын хичээл цахим хэлбэрт шилжиж багш, оюутны хувьд нэгэн шинэ сорилтыг хамтдаа даван гарлаа.
Цахим сургалтад хүчин чармайлт гарган хичээлүүдээ цахим хэлбэрт шуурхай шилжүүлэн ажилласан МУИС-ийн нийт багш нар, цахим хичээлдээ шамдан, бие даан суралцах чадварыг тодорхой хэмжээнд эзэмшин, амжилттай суралцсан суралцагчид, Та бүхэндээ талархал илэрхийлье.
2019-2020 оны хичээлийн жилд бакалаврын түвшний 2288 оюутан МУИС-ийг төгсөж МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг, гадаад дотоодын байгууллага, хувь хүн, сангийн нэрэмжит 21 төрлийн тэтгэлэгт 414 суралцагчид хамрагджээ.
МУИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр Ахисан түвшний сургуулийг байгуулж суралцагчдын судалгааг дэмжих, судалгааны нэгжүүдийг бэхжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэллээ. МУИС-д пост-доктор ажиллуулах журмыг шинээр баталж 16 пост-докторт тэтгэлэг гардуулсан байна.
Өнгөрсөн хичээлийн жилд хийсэн МУИС-ийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн мөшгөх судалгааны үр дүнгээр ажил эрхлэлтийн хувь өмнөх судалгааны үр дүнгээс 2.7 хувиар өссөн буюу нийт төгсөгчдийн 75.7 хувь нь төгссөнөөс хойш нэг жилийн дотор ажил эрхэлж байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлт юм.
Өнгөрсөн хичээлийн жилд 3 хөтөлбөр дотоодод магадлан итгэмжлэгдэж, эдгээрийн дотроос МУИС-ийн “Биологи”-ийн докторын хөтөлбөр нь МУИС-д төдийгүй Монгол Улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн анхны докторын хөтөлбөр боллоо.
МУИС-ийн бакалаврын хөтөлбөрийн ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийн сурах бичиг зохиох, орчуулах 28 төслийг 290 сая төгрөгөөр санхүүжүүлснээс 8 сурах бичиг хэвлэгдэн гарч, 4 сурах бичиг хэвлэлтэд шилжээд байна.
Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлт, гэрээт ажил, технологи дамжуулалт, инновацийг дэмжих зорилгын хүрээнд дотоодын болон гадаадын байгууллагатай хамтран ажиллаж нийт 3 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, гэрээт ажил хэрэгжүүлж, 10 патент, 8 ашигтай загвар шинээр МУИС-ийн нэр дээр бүртгэгдэж Web of Science санд бүртгэлтэй 81 зохиогчийн 96 өгүүлэл хэвлэгдэн 3 гарааны компани шинээр байгуулагдлаа.
Дотоод хамтын ажиллагааны хүрээнд “Рио Тинто” групп, “Эрдэнэс таван толгой” ХК, Монос групп болон “Ай Си Ти” групп зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан сургалт, судалгааны таатай орчныг бэхжүүлэх, суралцагчид болон судлаачдыг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.
Гадаад хамтын ажиллагааны хувьд Японы Шинжлэх ухаан, технологийн агентлаг (JST, Japan Science and Technology Agency)-аас хэрэгжүүлдэг САТРЕПС (SATREPS, Science and Technology Research Partnership for Sustainaible Development) -хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл шалгарч төслийн гэрээг байгууллаа. Мөн Японы Хитоцубаши их сургууль болон БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжих шинээр батлагдсан 3 төсөлд хамтран хэрэгжүүлэгчээр шалгарав.
Ийнхүү манай хамт олны сургалт судалгаа, эрдэм шинжилгээ инноваци, дэд бүтцийн үзүүлэлт тасралтгүй өсөн нэмэгдэж, олон шинэлэг нааштай өөрчлөлтүүд бий болж байгааг шинэ хичээлийн жилийн босгон дээр та бүхэндээ албан ёсоор хэлж байгаадаа баяртай байна.
2022 онд МУИС-ийн түүхт 80 жилийн ой тохионо. Энэхүү тэгш ойг угтан МУИС-ийн багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалт, судалгааны баазыг бэхжүүлэх хэд хэдэн ажлыг энэ хичээлийн жилд эхлүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Багш, ажилтнуудын үйлчилгээний төв, орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх, хичээлийн байрыг өргөтгөх зэрэг бүтээн байгуулалтын эхлэл 2020-2021 оны хичээлийн жилд тавигдах болно. МУИС-ийн эрдмийн хамт олон түүхт ойгоо хичээл сурлага, хөдөлмөр бүтээлийн арвин их амжилтаар тосон авна гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрдмийн хэт цахиж Хөгжлийн гал бадраагч нийт эрдэмтэн багш, ажилтан нар, Монголын ирээдүй болсон МУИС-ийн нийт оюутан суралцагчдадаа сургалт, судалгааны өндөр амжилт хүсэн ерөөе!
МУИС-ийн захирлын албан үүргийг
түр орлон гүйцэтгэгч, доктор