Н.Пүрэвцогт: Хаврын улирлын цахим сургалт Microsoft Teams программаар явагдана

Share Button

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахим сургалтын талаарх санал асуулгын үр дүн, түүний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогттой ярилцлаа.

Өнгөрсөн хавраас эхлэн 2 улирал сургалтын бүх үйл ажиллагаа үндсэндээ цахим хэлбэрээр явагдлаа. Энэ хугацаанд сургалтын үр дүн, чанар ямар байв?

-Цар тахлын нөхцөл байдлаас улбаалан манай сургууль төдийгүй дэлхий даяар гэнэтийн нөхцөл байдалд тулж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Манай улсын хувьд танхимын сургалтыг өнгөрсөн 2 улирлын хувьд 6 долоо хоног л танхимаар, бусад 26 долоо хоногт цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. ЗГ, УОК, БШУЯ-наас гарсан шийдвэрүүдийн хүрээнд бид цаг тухайд нь сургалтын үйл ажиллагааг ямар хэлбэрээр зохион байгуулах талаар удирдамжийг батлан багш, суралцагчдын аль аль талын хичээл зүтгэлээр сургалтын үйл ажиллагаагаа тасалдуулахгүйгээр амжилттай зохион байгуулсан. МУИС-ийн хувьд сургалтын нөхцөл байдал, чанарыг үнэлэх 2 удаагийн судалгаа явуулсан. Өнгөрсөн хаврын улирлын эхний 3 долоо хоногийн чанарыг үнэлэх судалгаанд нийт суралцагчдын 53%, багш нарын 43% нь оролцсон бол намрын улирлын төгсгөлд нийт багш, идэвхтэй суралцагч нарыг хамруулсан буюу 13633 оюутан, 769 багшаас санал асуулга авсан. Санал асуулгын үр дүнд 1 сая гаруй мөр өгөгдөл үүссэн бөгөөд үр дүнгийн боловсруулалтуудыг хийн Захиргааны зөвлөлд танилцуулсан.

Суралцагчдаас авсан санал асуулгын үр дүнгээс харахад хаврын улиралд нийт багш нарын 73% нь, намрын улиралд 84,3% нь нийт агуулгынхаа 80-аас дээш хувийн агуулгыг хүргэсэн гэсэн үр дүн гарсан. Мөн багшийн илгээсэн материалын чанарыг хаврын судалгаагаар 56% нь, намрын улирлын судалгаагаар 79,7% нь дундаас дээш гэж үнэлжээ. Намрын улиралд хичээлийн нийт оролтын 92%-д багш нар суралцагчдад бататгах асуулт, даалгавар өгч ажилласан ба үүнээс 85% нь түүнийг үнэлж суралцагчдад мэдэгдэж байсан байна. Суралцагчдын даалгавар гүйцэтгэх байдал өсөж, хаврын улиралд жигнэсэн дунджаар 58%-ийн гүйцэтгэлтэй байсан бол намрын улиралд 67,6%-ийн гүйцэтгэлтэй байсныг багшаас авсан санал асуулгын дүнгээс харж болно.

Дээрх 2 улирлын судалгааны үр дүнг харьцуулан харахад хичээлийн агуулгыг суралцагчид хүргэх байдал, материалын чанар, мөн суралцагчдын идэвх оролцоо ч харьцангуй нэмэгдсэн гэж үзэж болохоор байна. Гэсэн хэдий ч энэ нь чамлалттай үр дүн. Бидний туйлын зорилго бол хичээл бүрийг чанартай зохион байгуулах явдал юм.

Сургалтын үйл ажиллагаа энэ хаврын улиралд цахим хэлбэрээр эхлэх нь тодорхой байна. Цахим сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна вэ?

-Сургалтын чанарт нөлөөлөх маш олон хүчин зүйлс байгаа. Багш, суралцагчийн аль аль талд техникийн, технологийн болон заах-суралцахуйн хүндрэлүүд тодорхой хэмжээнд тулгарч байсан нь судалгааны үр дүнгээс тодорхой харагдаж байгаа. Нийт суралцагчдын 35,6 хувьд техникийн хүндрэл учраагүй гэсэн бол 24,2% нь интернэтийн боломж, хурд хангалттай байж чадаагүй гэж хариулсан. МУИС-ийн зүгээс тодорхой сургалтын платформд хөнгөлөлттэй тарифаар хандах багц гаргах тухай саналыг Жимобайл үүрэн холбооны операторт хүргүүлсэн. Хэрвээ ийм багц гарвал сургалтад оролцогч бүх талуудад тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзэж байгаа.

Суралцагчдын 52,3% нь цахим хэлбэрээр хичээл судлахад ур чадварын хүндрэл үүсээгүй гэсэн бол 21.6% нь платформ ашиглалттай холбоотой хүндрэл ихээхэн үүссэнийг дурдсан. Уг үр дүнгийн хүрээнд хаврын улирлын цахим сургалтыг тодорхой нэг платформ барьж зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн.

Үүнтэй ижлээр багшид ч гэсэн техникийн болон орчны, мэдээллийн технологийн тодорхой хүндрэлүүд үүссэн. Техникийн хүндрэл үүссэн тухай санал асуулгад 80 орчим багш хариулсан бөгөөд уг асуудлын хүрээнд багш нарт учирч буй техникийн хүндрэлийг зохих түвшинд шийдвэрлэж өгөх чиглэлийг захиргааны зүгээс бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад хүргүүлээд байна. Байгалийн ухааны чиглэлийн, математик, химийн томьёо бичдэг гэх мэт заавал нэг бүрчлэн бичиж тайлбарлах шаардлагатай онцлог хичээлүүд дээр сургалтыг хэвийн явуулах хэмжээний дэмжлэгийг тодорхой хэмжээнд үзүүлэх шаардлагатай байгаа.

Захирлын тушаалаар хаврын улиралд цахимаар сургалт явуулах тухай удирдамж гарсан. Энэ удирдамжид тусгагдсан онцлог зүйлс юу вэ?

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хаврын улирлын сургалт цахимаар эхлэх нь тодорхой боллоо. Хэзээ цар тахал намжиж, танхимын сургалт эхлэх нь одоогоор тодорхойгүй. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан хаврын улиралд сургалтыг цахимаар хэрхэн явуулах тухай удирдамжийг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, захирлын тушаалаар баталсан.

Бид энэхүү удирдамжийг боловсруулахдаа өмнөх улирлын нөхцөл байдлын талаарх судалгааны тоон үзүүлэлт, тэдгээрийн хамаарлын харьцуулсан судалгаанууд, зарим багш, суралцагчдын саналыг үндэслэж сургалтын чанарт гол анхаарлаа хандуулсан удирдамж боловсруулсан. Удирдамжид тусгагдсан хамгийн том заалт гэвэл хаврын улирлын үйл ажиллагааг зөвхөн Microsoft Teams программ ашиглаж явуулах тухай заасан байгаа.

Microsoft Teams программыг сургалтад ашиглах болсон гол үндэслэл юу вэ?

-Хэд хэдэн зүйлийг дурдаж болно. Судалгааны үр дүнгээс харахад багш нарын сургалтад ашигласан платформ, суралцагчидтай харьцсан сувгууд янз бүр байна. Багш нар нь нийт дүнгээр 20 гаруй төрлийн платформ, программ, вэб сайт, бусад системийг ашиглаж сургалтыг зохион байгуулжээ. Энэ нь суралцагчдын хувьд ихээхэн хүндрэл учруулсан. Тухайн платформ эсвэл программыг багш мэддэг байлаа ч суралцагч түүнийг нь мэдэхгүй байх нь суралцагчид маш төвөгтэй байдал үүсгэж байгаа. 5 өөр хичээл судалсан суралцагч 5 өөр платформ, программаар дамжиж хичээл судалсан, тухайн платформыг нь эзэмшиж чадаагүйгээс болж сургалтад бүрэн хамрагдаж чадахгүй байсан тухай гомдлууд гарч байгаа. Мөн Teams-ээр дамжуулж бүх сургалт явагдсан хэдий ч шалгалтаа Google from-оор гэнэт авч, суралцагч gmail-ийн хаяггүйгээс болж шалгалтдаа орж чадаагүй тухай гомдол ч ирсэн.

Санал асуулгын тоон мэдээнд үндэслэн хэд хэдэн харьцуулсан судалгааг хийж, корреляци хамаарлуудыг тодорхойлж үзсэн. Үүний нэг нь суралцагчийн тухайн хичээлд “хангалтгүй” үнэлгээ өгөх хувь өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл юу байсныг тодорхойлохыг зорьсон. Платформын хамаарлын талаарх графикийг дараах зургаас харж болно.

Эндээс үзэхэд суралцагчдын чанартай мэдлэг, чадвар олж чадахгүй байх (нийт суралцагчдын дунд эзлэх) хувь (хөндлөнгөөр) өсөхөд стандарт платформын хэрэглээ буурч facebook болон “бусад” системийн ашиглалт өссөн байна. Үүнээс дүгнэхэд цаашид цахим сургалтыг заавал тодорхой нэг платформыг дагнан явуулах шаардлагатай буюу олон төрлийн программ, бусад системийг ашиглахгүй байх нь сургалтын чанарт эергээр нөлөөлдгийг харж болно.

МУИС нь Microsoft компанийн цахим шуудан, бусад зарим үйлчилгээг албан ёсны лицензтэйгээр нийт багш, ажилчид, суралцагчдадаа ашиглуулж байна. Сургуулийн хэмжээнд багш бүрийн @num.edu.mn домайн бүхий цахим шуудангийн ашиглалт жигдэрсэн. Суралцагчдын хувьд ч төрөл бүрээр уг албан ёсны цахим шууданг ашиглуулах талаар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд ашиглалтын хувь нэмэгдэж байгаа. Иймээс цаашид цахим сургалтыг Microsoft Teams платформ ашиглан явуулах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл уг программд МУИС-ийн бүх багш, суралцагчид албан ёсоор бүртгэлтэй нь давуу тал болно. @num.edu.mn хаягтай хэрэглэгч бүрд 10GB багтаамжтай хувийн сервер олгогдсон байдаг. МТГ-аас Сиси сургалтын мэдээллийн системийг Teams программтай холбох хөгжүүлэлтүүдийг тодорхой хэмжээнд хийсэн нь уг платформыг сонгох бас нэг үндэслэл болж байна. Ижил төрлийн Google Class гэх мэт платформууд байгаа ч зарчим нь ижил тул шаардлагагүй, нэг платформоороо дагнах нь зүйтэй гэж үзсэн. Хүчин чадлын хувьд хоёул нэг группт 250 хүнийг үнэгүйгээр бүртгэх боломжтой байдаг.

Teams-ээр орохдоо удирдамжид заасан хоёр хэлбэрээс аль нэгийг нь сонгож орох юм. Нэгд, багш тухайн хуваарьт цагт синхрон байдлаар буюу шууд цахимаар (live) суралцагчидтайгаа харилцаа үүсгэж орох. Хоёрдугаарт, урьдчилан бэлтгэн ямар нэг сервер дээр байршуулсан аудио тайлбар бүхий цахим хичээлийн линкийг суралцагчдад хуваарьт цагт хүргэж хэлэлцүүлэг өрнүүлэх.

Дээрх үндэслэлүүдийн хүрээнд сургалтын үйл ажиллагаа зөвхөн Teams программаар явагдана. Teams-ээр орохдоо удирдамжид заасан хоёр хэлбэрээс аль нэгийг нь сонгож орох юм. Нэгд, багш тухайн хуваарьт цагт синхрон байдлаар буюу шууд цахимаар (live) суралцагчидтайгаа харилцаа үүсгэж орох. Энэ нь суралцагч тухай бүрд асуулт асууж хариулт авах боломжтойгоороо давуу талтай. Багш уг хичээлээ файл болгож үлдээх шаардлагатай. Хоёрдугаарт, урьдчилан бэлтгэн ямар нэг сервер дээр байршуулсан аудио тайлбар бүхий цахим хичээлийн линкийг суралцагчдад хуваарьт цагт хүргэх. Энэ нь ансинхрон хэлбэрээр суралцагчдад хүрч буй хэлбэр. Хичээлийн агуулгыг суралцагч өөрөө үзэж танилцсаны дараа асууж тодруулах зүйлээ багшаасаа уг хичээлийн доор хэлэлцүүлэг өрнүүлж тодруулах боломжтой. Суралцагчаас хэзээ ч асуулт ирэх магадлалтай тул багшид дараачийн хуваарьт оролт хүртэл асуултад заавал хариулах шаардлага тавьж байгаа.

@num.edu.mn хаяггүй зөвлөх багш нар болон цагийн багш нар яаж сургалтаа явуулах вэ?

-Цагийн болон бусад цахим шуудангүй байгаа багш нарт @num.edu.mn домайн бүхий цахим шууданг үүсгэж өгнө. Тэнхимүүд хаяггүй багш нарын жагсаалтаа нэгтгээд ЗХНГ-т уламжлах шаардлагатай.

– Сиси системийг сургалтад ашиглах уу?

Удирдамжид Teams программыг үндсэн платформ болгож ашиглах тухай бичсэн. Өөрөөр хэлбэл сургалтын бүх хэлбэр Teams-ээр орж, шалгалт, оюутны бүртгэл, асуулт хариулт болон бусад сургуулийн зүгээс тавих хяналт, үнэлгээ түүний хүрээнд явагдана. Өөр платформоор дангаар сургалт явуулж болохгүй гэж ойлгож болно. Өмнөх 2 улирлын удирдамжид багш өөрийн хүссэн платформоо ашиглаж болно, гэхдээ оролт бүрээ Сиси системд бүртгэлжүүлж байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Гэвч нийт багш нарын 47% л бүртгэлжүүлж байсан. Сургалтаа ямар нэг платформоор ороод түүнийгээ заавал Сисид нэвтэрч бүртгэх давхар ажил болж байсан тухай саналууд багш нараас ирсэн.

Teams-р сургалтаа явуулж байгаа тохиолдолд өмнөх улирлын удирдамжид заасан шиг Сиси системд давхар бүртгэл хийх шаардлагагүй. Багшийн бүртгэлийг тухайн хичээлийн группт зочин (guest) байдлаар элссэн ЭБХ-ийн мэргэжилтнүүд хяналт тавина. Дан ганц Teams-дээ сургалтаа явуулаад, суралцагчидтайгаа хэлэлцүүлэг өрнүүлээд заахад асуудал үүсэхгүй гэж үзсэн.

Өмнөх улирлууд шиг Сиси системийг дангаар ашиглаж болохгүй гэсэн үг үү?

-Нэг үгээр хэлбэл болохгүй. Цахим сургалтын өөрийн мөн чанар, сургалтыг үр өгөөжтэй, чанартай явуулах гол үндэслэл нь багш, суралцагчийн “харилцаа” (communication), “эргэх холбоо”-той байдал байдаг. Доорх зурагт багш нь суралцагчийн асуултад хэрхэн хариулдаг байдлаас сургалтын чанар хэрхэн хамаарч байгааг харуулав. Өөрөөр хэлбэл багш нь суралцагчдад хариулт өгөхгүй байх үед тухайн хичээлийг хангалтгүй гэж үнэлэх хувь их байна.

Зөвхөн Сиси системд даалгавар үүсгэх байдлаар сургалтыг явуулах нь цахим сургалтын чанарт гол нөлөө үзүүлдэг “харилцаа”, “эргэх холбоо” -г алдагдуулахад хүргэх тул сиси систем оруулах гэж буй цахим хичээл болон даалгавраа оронд нь Teams-д байршуулна л гэсэн үг. Үүний үр дүнд суралцагчид тухайн сэдвийн доор асуулт асуун хэлэлцүүлэг өрнүүлж, сургалтыг “амьтай” болгоно гэж үзэж байгаа. Мэдээж өмнөх улирлуудад Сиси системд даалгавар үүсгэх хэлбэрээр сургалтыг явуулахад харилцаа үүсгэж болж байсан гэж үзэх тохиолдол бий ч тэр нь дахин тусдаа facebook messenger юм уу цахим шуудангаар эсвэл суралцагч нь багш руугаа утсаар холбогдох гэх мэт байдлаар үүсэж байсан байна. Энэ бүх олон төрлийн харилцааны үйл ажиллагааг Teams дотроо зохион байгуулах боломжтой.

Цахим сургалтын өөрийн мөн чанар, сургалтыг үр өгөөжтэй, чанартай явуулах гол үндэслэл нь багш, суралцагчийн “харилцаа” (communication), “эргэх холбоо”-той байдал байдаг.

Өнгөрсөн хавар батлагдсан “Цахим сургалтын журам”-д заагдсан стандартын дагуу бичүүлж бэлэн болсон хичээлүүдийг яах вэ?

-МУИС-ийн хэмжээнд журамд тусгагдсан стандартын дагуу бичүүлэн OpenEdX платформд суурилсан online.num.edu.mn сайтад байршуулсан хичээлүүд цөөнгүй бий. Эдгээр хичээлүүд нь уг платформоороо орно. Энэ тохиолдолд Teams ашигла гэж шаардахгүй.

Цахимаар сургалтаа зохион байгуулахад өөр ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Хаврын санал асуулгаар цахимаар орж буй сургалтын 43% нь аудио тайлбартай байсан бол намрын улиралд 68% болж өссөн байна. Гэсэн ч энэ нь тухайн үеийн удирдамжид заасан бүх хичээл заавал аудио тайлбартай байх тухай шаардлагыг хангаагүй байна гэсэн үг. Бид энэ шаардлагыг энэ улиралд ч үргэлжлүүлэн тавьж байгаа. Суралцагчдад зөвхөн текстэн материал, сурах бичгийн хэсэг илгээх нь ихээхэн учир дутагдалтай. Дараачийн гол шаардлага бол суралцагчидтайгаа эргэх холбоотой байж, асуултад хариулж, зөвлөгөө өгдөх байх явдал хамгийн чухал.

Удирдамжид санал асуулгыг хичээлийн төгсгөлд бус хичээлийн явц дунд авахаар зохицуулсан байсан?

-Дээр хэлсэнчлэн энэ хаврын улиралд сургалтын чанарт онцгой анхаарна. Сургалтын үйл ажиллагаа тодорхой платформын дагуу 2 төрлийн хэлбэрээр л явагдах нь. Сургалтын үйл ажиллагаанд явцын хяналтыг тасралтгүй хийх юм. Бид өмнө нь авсан шиг санал асуулгыг улирлын 3-4 дэх долоо хоногт дахин авч явцыг үнэлнэ. Удирдамжид явцын санал асуулгын үр дүнгээр идэвхтэй суралцагчдын олонх нь хангалтгүй гэж үнэлэгдсэн хичээлийг цуцалж, багшийн сургалтын А цагийн ноогдлыг олгохгүй байх тухай заасан.

Энэ хаврын улиралд сургалтын чанарт онцгой анхаарна. Сургалтын үйл ажиллагаанд явцын хяналтыг тасралтгүй хийх бөгөөд өмнө нь авсан шиг санал асуулгыг улирлын 3-4 дэх долоо хоногт дахин авч холбогдох арга хэмжээг авна.

Төгсөх ангийн суралцагчийн эсвэл нарийн мэргэжлийн хичээлүүдийг ялгаагүй цуцлах уу?

-Цуцална гэдгийн цаана хэд хэдэн хувилбарууд байж болно. Үүнд тухайн хичээлийг зэрэгцээ орж байгаа багш байгаа бол суралцагчдыг тийш шилжүүлэх, эсвэл өөр багшаар уг хичээлийг заалгах, мөн тухайн багшид анхааруулга өгч цааш үргэлжлүүлэн заалгаж болно. Дээрх боломжуудыг судалж хамгийн муу хувилбар нь тухайн хичээлийг цуцлах. Нэгэнт олонх нь маш муу гэж үнэлж байгаа тохиолдолд тухайн хичээлийг улирлын төгсгөл хүртэл тийм байдлаар нь үргэлжлүүлэх суралцагчдад маш хохиролтой. Мэдээж судалгааны үр дүнг баталгаажуулах үйл ажиллагааг хийсний дараа Захиргааны зөвлөлөөр хэлэлцэж эцсийн шийдвэрүүдийг гаргана. Намрын улирлын санал асуулгаар нийт суралцагчдынх нь 25-с дээш хувь нь тухайн хичээлийг хангалтгүй гэж үнэлсэн хэд хэдэн хичээл байсан. Эдгээр хичээлүүдийн үр дүнг баталгаажуулахын тулд ХЧБХ-ийн мэргэжилтнүүд хангалттай болон хангалтгүй гэж үнэлгээ өгсөн суралцагчдаас аль алинаас нь жигд оролцуулан 6 хүртэл суралцагч руу утсаар холбогдож бөглөсөн санал нь үнэн зөв болохыг баталгаажуулсан. Үүний хүрээнд цөөн тооны хичээл үнэхээр хангалтгүй орсон болох нь нотлогдсон. Эдгээр хичээлийн багш нарын нэрсийг бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд зохих арга хэмжээ авахыг Захиргааны зөвлөлөөс чиглэл болгосон.

Санал асуулгаар ирсэн санал, хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэж байгаа бол?

-Суралцагчдын чөлөөт саналын хэсгээр ирсэн саналын цөөнгүй нь ном, сурах бичгийн хангамж болон төлбөр хөнгөлөх тухай асуудлуудыг хөндсөн байсан. Захиргааны зөвлөлийн хурлаар цар тахлын хүрээнд үүсэж буй эдийн засгийн хүндрэлийг харгалзан үзэж суралцагчдын сургалтын төлбөрийг уян хатан байдлаар авахаар зохицуулалт хийгдсэн. Мөн цахим сурах бичгийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор тэнхимүүдээс санал авч байгаа. Тухайн хичээлийн хөтөлбөрт тусгагдсан, зайлшгүй цахим болгож ашиглуулах шаардлагатай гэж үзэж буй сурах бичгийн жагсаалт гаргаж өгөхийг хүссэн ч санал ирүүлсэн тэнхим байхгүй байна. МУИС-ийн Номын сан тухайн сурах бичгийн оюуны өмчийн харилцааг зохиогчтой нь зөвшилцөж чадвал цахим болгож оюутнуудад хүргэх боломжтой. Нэг сурах бичгийг түүний эрэлт, хэрэгцээнээс хамааруулан зах зээлийн үнийг 50 хүртэлх нугалсан үнэлгээгээр зохиогчоос цахим болгох эрхийг авах боломжтой. Энэ үйл ажиллагаанд тэнхимүүд идэвхтэй оролцвол цахим сурах бичгийн хангамжийг нэмэгдүүлэх боломж бидэнд бий.

Нэг сурах бичгийг түүний эрэлт, хэрэгцээнээс хамааруулан зах зээлийн үнийг 50 хүртэлх нугалсан үнэлгээгээр зохиогчоос цахим болгох эрхийг авах боломжтой байдаг.

Түүнчлэн багш нь суралцагчтайгаа холбогдохгүй байх, дүн гаргах аргачлалаа тодорхой тайлбарлахгүй байх, хэт хүнд эсвэл үзсэн сэдвээс гадуур, цахимаар олдох боломжгүй сурах бичгээс даалгавар өгсөн гэх мэт саналууд цөөн тоогоор ч гэсэн ирсэн. Багшийн зүгээс цахим хичээл бэлтгэхэд хугацаа их шаардагдах мөн суралцагчид шалгалтад хуулах гэх мэт асуудлууд түлхүү байгаа. Бид эдгээр саналуудын хүрээнд байж болох оновчит шийдлүүдийг алхам алхмаар тодорхойлохоор ажиллаж байна.

ХЧБХ цахим сургалтын санал асуулгын үр дүнг хичээл бүрээр гаргасан. Тэнхимийн дундаж болон  МУИС-ийн дундажтай харьцуулсан үр дүнг бүх тэнхимүүдэд хүргүүлсэн. Багш нар өөрийн заасан хичээлийн санал асуулгын үр дүнд доголдолтой тал байсан бол түүнийгээ дараачийн улиралд аль болох давтахгүйгээр улам чанаржуулан заана гэж итгэж байна.

Санал асуулгын үр дүнд 111 багш сургуулийн захиргаатай гэрээ байгуулан, бүрэн хэмжээний цахим хичээл бичүүлж бэлтгэх саналаа илэрхийлсэн нь сайшаалтай байна. Эдгээр хичээлүүд нь бэлтгэгдэж дуусвал online.num.edu.mn сайтад байршиж, хэзээ ч хаанаас ч хэдүүлээ ч судлах боломжтой болно. Журамд зааснаар стандарт цахим хичээл бичүүлэхдээ бүрэлдэхүүн сургуультай гэрээ байгуулж 3 багц цагийн хичээлийг 6 багц цагийн үнэлгээгээр нэг удаа бэлтгэх заалт бий. БХЦСТ-өөс эдгээр багш нарт зориулан Цахим сургалтын журмын агуулга болон цахим хичээл бичүүлэхэд урьдчилсан урьдчилж юу бэлтгэх талаарх танилцуулга семинарыг удахгүй зохион байгуулах гэж байна. Сонирхсон бүх багшид нээлттэй байх бөгөөд БХЦСТ-өөс удахгүй зарыг түгээнэ. Цаашид цахим хичээл, цахим хөтөлбөрийг нэмэгдүүлэх, бий болгох тал дээр БХЦСТ шат дараатай, эрчимтэй ажиллахаар төлөвлөж байна.

Журамд зааснаар стандарт цахим хичээл бичүүлэхдээ бүрэлдэхүүн сургуультай гэрээ байгуулж 3 багц цагийн хичээлийг 6 багц цагийн үнэлгээгээр нэг удаа бэлтгэх заалт бий.

Мөн БХЦСТ-өөс нийт багш нарт зориулан “Microsoft Teams-ыг сургалтын үйл ажиллагаанд ашиглах нь” сэдэвт сургалтыг удахгүй зохион байгуулах гэж байна. Энэ сургалтаар программын танилцуулга хийхээс гадна багш нарын сонирхсон асуултууд хариулах байдлаар явагдана. Мөн багш, суралцагчдад зориулсан ашиглалтын зааварчилгаа видео удахгүй шинэчлэгдэж дуусна. Хичээл эхэлсний дараа ч Teams программын ашиглалттай холбоотой богино хугацааны сургалтуудыг багш нарын саналд үндэслэн тасралтгүй зохион байгуулна.

Дэлгэрэнгүй ярилцсан Танд баярлалаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар