Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Монгол Улсын Их Сургууль хооронд хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх, дэмжих чиглэлд төр болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийн хүрээнд Газрын харилцааны салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, мэргэшүүлэх, салбарын хөгжлийг эрчимжүүлэх, салбарын норм ба дүрэм, стандарт, аргазүй боловсруулахад анхаарч ажиллах юм.
Санамж бичиг байгуулах үеэр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг нар төрийн үйлчилгээг сайжруулах, бодлогыг хэрэгжүүлэх ажилд дотоодын их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн, судлаачдыг оролцуулж, хамтран ажиллах нь үр дүнтэйг онцолж байв.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээнд МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын талаас тус газрын дарга Ц.Ганхүү, Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн дарга М.Буяндэлгэр болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС