ЭМГЭНЭЛ
ПРОФЕССОР ЛУВСАН-ИШИЙН МӨНХ-ОЧИР
(1953-2021)
МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Лувсан-Ишийн Мөнх-Очир нь 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон, шавь нарт нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Л.Мөнх-Очир нь 1953 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг “Алтан загас” хэмээх газар төрж, эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1969 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 8 жилийн дунд сургууль, 1973 онд Санхүү эдийн засгийн техникумийг төсвийн нягтлан бодогч мэргэжлээр төгссөн.
Ажил хөдөлмөрийн гараагаа төрсөн нутгаасаа эхлэн 1973 оноос 1978 оны 9 сар хүртэл Дундговь аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Санхүүгийн хэлтэст орлогын болон санхүүгийн хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байгаад 1978 онд МУИС-д элсэн суралцаж, 1982 онд тус сургуулийг нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр дүүргэн 1982 оноос МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимд багш, 1992-1997 онд МУИС-ийн Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал, 1997-2008 онд багш, 2008-2010 онд тэнхимийн эрхлэгч, 2013-2021 оныг хүртэл Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн зөвлөх профессороор ажиллаж байлаа.
Л.Мөнх-Очир нь их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт ерөнхий болон дотоод аудит, санхүүгийн дотоод хяналтын хичээлийн сургалтыг бий болгож төлөвшүүлэх, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулж шинэчлэх, ном, сурах бичиг, гарын авлага зохиох ажлыг манлайлан хийж байсны зэрэгцээ манай улсад санхүүгийн хараат бус аудитыг бий болгон, төлөвшүүлэх онол, арга зүйн асуудлыг судлан “Санхүүгийн аудитын хөгжлийн зарим асуудал” сэдвээр нэг сэдэвт бүтээл туурвин 2009 онд доктор (Рh.D)-ын зэрэг хамгаалсан нь манай улсад аудитын сэдвээр бичсэн анхны диссертацийн нэг болсон бөгөөд 2013 онд МУИС- ийн дэд профессор цол хүртсэн.
Сургалтын ажлын зэрэгцээ нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийг хөгжүүлэх, энэ салбарт нийгмийн үйлчилгээг бий болгоход ихээхэн анхаарч манай улсад хөрөнгийн үнэлгээ, дотоод аудитыг бий болгох, эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс суурийг тавилцан, мэргэжлийн байгууллагыг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд гар бие оролцон, удирдан зохион байгуулсан энэ салбарын тэргүүлэх мэргэжилтний нэг юм. Тэрээр МУИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн (2012-2014 он), МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр 2 удаа (1992-1997, 2018 он) сонгогдон ажилласны зэрэгцээ Сангийн яам, Уул уурхайн яам, Нийслэлийн захиргааны аудитын хорооны хараат бус гишүүн, Монголын үндэсний дотоод аудиторуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн удирдах зөвлөлийн гишүүн, тус институтын тэргүүнээр ажиллаж иржээ.
Манай улсын зах зээлийн харилцааны шинэ нөхцөлд дээд боловсрол, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний тогтолцоог өөрчлөн зохион байгуулах, хөгжүүлэхэд түүний оруулсан үнэтэй хувь нэмрийг төр засгаас үнэлэн 1994 онд “Санхүү банкны тэргүүний ажилтан”, 1999 онд “Боловсролын тэргүүний ажилтан”, 2001 онд “Бүртгэл-статистикийн тэргүүний ажилтан”, 2007 онд “Төрийн хяналтын тэргүүний ажилтан”, 2008 онд “Монголын багш нарын холбооны “Есөн эрдэнийн багш” цол, 2009 онд Монгол улсын Шилдэг нягтлан бодогч багш, 2014 онд “Алтангадас” одон, 2016 онд “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ.
Тэрээр хамт олноо сургалт, эрдэм шинжилгээний ажилд удирдан зохион байгуулахын зэрэгцээ тэдэндээ эх орныхоо үзэсгэлэнт байгалийг үзүүлэн таниулах олон аяллыг зохион байгуулж, амралт чөлөөт цагийнхаа нэгээхэн хэсгийг хамтдаа өнгөрүүлэх өвөрмөц дэг жаягийг бий болгон, өвөг дээдсээс уламжлан ирсэн бурханы шашин, эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хүндлэх энэрэнгүй үзлийг байнга сургаж ирсэн билээ.
Таны үргэлж захидаг сургааль зааврыг бид залуу үедээ уламжлан дамжуулахын зэрэгцээ Таны бусдыг сонсдог, аль болох дэмжин туслахын төлөө байдаг, алиа хошин, нөхөрсөг гэгээн дүрийг тань хамт олон, найз нөхөд, үе үеийн шавь бид бүхэн чинь сэтгэл, зүрхэндээ үүрд дурсан явах болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНХИМ