Б.Очирхуяг: Төрийн өмчийн их сургуулиуд нэгдмэл байр суурьтай болно

Share Button

МУИС-ийн захирал Б.Очирхуяг

Төрийн өмчийн их сургуулиуд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуягтай ярилцлаа.

-Хоёрдугаар сарын сүүлчээр төрийн өмчийн их сургуулиудын захирлууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан талаарх мэдээллийг БШУЯ-аас мэдээлсэн. Юуны түрүүнд энэ санамж бичгийг байгуулах болсон шалтгаан, хүлээж буй үр дүн юу вэ?

-Энэ санамж бичгийг төрийн өмчийн их сургуулиуд буюу МУИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС зэрэг зургаан их сургууль хамтран байгуулсан. Бидний хувьд сайн туршлага солилцох, хамтран ажиллах зарчмаар сургалт, судалгааны ажлын чанар үр өгөөжийг нэмэгдүүлэх, аливаа асуудалд нэгдсэн байр суурьтай хандаж үйл ажиллагаа явуулах гээд үндсэндээ дээд боловсролын чанарыг сайжруулах зорилготойгоор санамж бичгийг байгуулсан гэж ойлгож болно. Санамж бичгийн хүрээнд дээд боловсролын хууль, эрх зүй, их сургуулиудын хөгжлийн бодлого, хүний нөөц, багш, оюутны хөгжлийн бодлого, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, сургалтын үйл ажиллагаа болон бусад асуудлаар нийт 38 ажил хийгдэхээр төлөвлөж, өнөөдөр зарим ажлуудыг эхлүүлээд байна. Их сургууль болгон тодорхой тооны ажлуудыг толгойлж, зохион байгуулах замаар үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн. Энэ санамж бичгийг таван жилийн хугацаатай байгуулсан тул өнөөдөр, маргааш шууд үр дүн гарахаас илүүтэй бодлогын шинжтэй, суурь нөхцлийг бүрдүүлсэн ажлууд эхний жилүүдэд хийгдэх болно.

-Таван чиглэлээр ажил хийгдэх нь гэж ойлголоо. Дээд боловсролын хууль, эрх зүй, их сургуулиудын хөгжлийн бодлогын хүрээнд ямар ажил хийгдэхээр төлөвлөсөн бэ?

-Энэ чиглэлийн хүрээнд төрөөс боловсролын талаар баталсан холбогдох эрхзүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах санал боловсруулах, их сургуулиудын дотоод үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй холбогдох дүрэм, журмын хүрээнд өөрчлөлт оруулах гэсэн үндсэн хоёр чиглэлээр хийх ажлуудыг төлөвлөсөн. Ойрын хугацаанд Боловсролын болон Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн тухай зэрэг хуулиудын өөрчлөлт, шинэчлэлт хийгдэхээр бэлтгэгдэж байна. Дээд боловсролын чанар, бусад асуудлуудыг сайжруулах хүрээнд эдгээр хуулиудын өөрчлөлт зайлшгүй байна. Төрийн өмчийн сургуулиудын хувьд эдгээр хуулиудад оруулах өөрчлөлт чухал бөгөөд нэгдмэл байр суурьтайгаар асуудлуудыг шийдвэрлэх санал бэлтгэж байна. Төрийн өмчийн сургуулиудын статусыг тодорхой болгох, их дээд сургуулийн ангиллыг шинэчлэх, шаардлагыг өндөрсгөх, судалгааны үр дүнд суурилсан санхүүжилтыг бий болгох зэрэг олон шинэ саналуудыг хуульд тусгахаар бэлтгэж байгаа. МУИС-ийн хувьд эдгээр хуулиудын үзэл баримтлал бусад өөрчлөлтөнд оруулах төрийн өмчийн сургуулиудын саналыг нэгтгэх ажлыг зохион байгуулж байна. Нөгөө талаас санамж бичиг байгуулсан зургаан их сургуулиудад дээд боловсролын байгууллагад суралцаж буй суралцагчид болон ажиллаж байгаа багш, ажилтнуудын дийлэнх нь бий. Эдгээр сургуулиудад хэрэглэгдэж буй дотоод эрх зүйн баримт бичгүүд хоорондоо эрс ялгаатай байна. Багш нарт тавих шаардлага, үнэлгээ, хөдөлмөрийн нөхцөл ялгаатайгаас гадна, эрдмийн зөвлөл, захиргаа зэрэг удирдлагын бүтэц, үүрэг, хяналт нь өөр байгааг өөрчилж жишиг баримт бичгээр стандартчилж нэгдсэн бодлогоор хандах, асуудлыг шийдэх шаардлага байна. Үүний үр дүнд оновчтой, зардал багатай засаглалын бүтэц бий болох, багш солилцоо, шилжүүлэн ажиллах эрхзүйн нөхцөл бүрдэх зэрэг давуу талууд бий болно гэж харж байна.

-Хүний нөөц, багш, оюутны хөгжлийн бодлогын хүрээнд ямар ажил хийгдэхээр төлөвлөв?

-Их сургуулийн багшид тавигдах нийтлэг шаардлага өөрчлөгдөж байгаа. Тиймээс бид багш нараа хөгжүүлэх шаардлага байна. Их сургуулиуд өөрсдөдөө байгаа сайн туршлагыг хуваалцах замаар багш нарыг чадваржуулах, чанаржуулах ажлууд хийгдэх болно. Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль 2019 оноос хэрэгжээд эхэлчихсэн. Энэ хуулийн хүрээнд багшийн хөгжлийг дэмжих нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, багш нарыг их сургуулиудад солилцож ажиллуулах, гадаадын нэр хүндтэй их сургуулиас зочин багш, судлаач урих, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэргээр хамтарч ажиллана. Тэтгэлэгт хөтөлбөр, ассистент хөтөлбөр, урамшуулалт хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлж чадварлаг, шилдэг оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх нилээдгүй ажлууд төлөвлөсөн.

-Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлд МУИС-аас ямар ажлыг хариуцан ажиллаж байгаа вэ?

-Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд хамгийн чухал зүйл бол бид судалгааныхаа бааз буюу дэд бүтцийг нэн түрүүнд хуваалцан ажиллана. Өөрөөр хэлбэл, судалгааны дэд бүтцийн сүлжээ үүсгэх, судалгааны тоног төхөөрөмж давхардуулж авахгүй байх, энэхүү дэд бүтэц дээр суурилж нэг чиглэлийн багш нар хамтдаа судалгаа хийх боломжийг бүрдүүлнэ. Үндсэндээ судалгааг давхардуулахгүй, нэг чиглэлээр судалгаа хийдэг багш нар баг болж ажилласнаар илүү үр дүнд хүрнэ гэж ойлгож байгаа. Мөн судалгааны мэдээллийн баазыг нэгтгэх буюу судалгааны үр дүнд бий болж байгаа өгүүлэл, патент, төслүүд, ахисан түвшний суралцагчдын судалгааны ажлууд, цаашлаад номын сан зэргээ нэгтгэх ажлыг төлөвлөсөн. Ингэж нээлттэй болгосноор оюуны өмчийн хулгайгаас сэргийлэх, судалгааны ажлын сэдэв давхардахгүй байх, судалгааны бодит үнэлгээний систем бүрдэх зэрэг эерэг үр дүнг авчирна гэж харж байна. МУИС-ийн хувьд Web of Science, Scopus зэрэг олон улсад хянан магадлагаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд судалгааны үр дүнгээ хэвлүүлэхэд багш, судлаачид, суралцагчдад дэмжлэг үзүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах бөгөөд гадны санхүүжилттай судалгааны төслийг нэмэгдүүлэх ажилд голчлон ажиллана.

-Санамж бичиг байгуулсан тухай мэдээнээс гадна их сургуулиудын ижил мэргэж­лүүдийг хаана, зөвхөн нэг сургууль дээр төвлөрүүлнэ гэх мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Дээд боловсролын сургалтын чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил төлөвлөсөн гэдгийг юуны өмнө хэлье. Олон нийт зөвхөн хөтөлбөр давхцуулахгүй гэсэн нэг асуудлыг л хийх гэж байгаа тухай ойлгоод байх шиг байна. Юуны өмнө санамж бичиг байгуулсан их сургуулиудын хүрээнд зургаан их сургууль хоорондоо багц цаг, дүнгийн үнэлгээ шатлалыг хүлээн зөвшөөрөх, одоо үзсэн байгаа хичээлүүдийн агуулга, дүнг шилжүүлэн тооцох боломжтой болох юм. Энэ нь оюутнуудын аль нэг их сургуульд үзсэн хичээлийг нөгөө сургуульд хүлээн зөвшөөрүүлэх аргачлал, үнэлгээ бий болгох тухай ойлголт. Мөн эдгээр сургуулиудын оюутнууд өөр хоорондоо хичээл сонгож үзэх боломжийг нээж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, МУБИС-ийн оюутан МУИС-ийн хичээлээс сонгон суралцах боломжтой болж байна гэсэн үг. Энэ нь сайн багш, сайн хичээлийг оюутан сонгох боломжийг нээх, тэрхүү үзсэн хичээлийн багц цагийг нь тооцох бүрэн боломжтой болж байгаа юм. Энэ хоёр ажлыг МУИС хариуцан ажиллаж байна. Таны асуусан зүйл буюу хөтөлбөр давхцуулахгүй байх ажлын хүрээнд юуны түрүүнд төрийн өмчийн их сургуулиудад заагдаж буй ижил хөтөлбөр, ижил нэртэй хичээлүүдийн агуулга, төлөвлөгөө, стандартыг жигдэлнэ. Энэ нь төрийн өмчийн сургуулиудын хэмжээнд нэг хөтөлбөрөөр ижил агуулга, стандарт мэдлэгийг оюутанд хүргэх тухай шаардлага гэж ойлгож болно. Үүний дараа уг хөтөлбөрийн зах зээлийн эрэлт шаардлага, багшлах хүний нөөц, сургалтын орчин зэрэгт тулгуурлан хөтөлбөрийн харьяалал, давхцуулан бэлтгэх сургуулиудыг тодорхойлох ажил хийгдэнэ. Харин хөтөлбөрүүд үнэхээр ялгаатай бол ялгааг тодорхой болгож хөтөлбөрүүдийг өөрчилнө. Бидний хувьд эхлээд БШУЯ-аас баталсан заавал үзэх ерөнхий суурийн хичээлүүдийн агуулга, стандартыг нэгтгэх ажлыг эхэлж байна. Эдгээр хичээлүүдийн сурах бичгийг ч нэгтгэх тухай асуудал яригдана. Хугацааны хувьд бидний төлөвлөснөөр энэ бүх ажилд хоёр жил хүртэлх хугацааг зарцуулна гэж ойлгож байгаа.

-Их сургуулиудын элсэлт удахгүй болно. Их сургуульд элсэгчдэд хамааралтай өөрч­лөх, шинэчлэх ажил төлөвлөгөөнд тусгагдсан уу?

-Одоо байгаа Элсэлтийн ерөнхий шалгалт бол шаардлага хангасан хүүхдийг, зөв үнэлж, зохих сургуульд нь оруулж байна уу гэвэл асуудал бий. Тийм ч учраас олон улсын агуулга, үнэлгээг нэвтрүүлэх, их сургуулиуд оюутнаа өөрсдөө үнэлж элсүүлдэг байх тогтолцоог бүрдүүлэх, бэлтгэл ажлыг хангах ажлууд төлөвлөгдсөн. Эдгээр ажлууд шууд хийгдэх ажлууд биш шүү. Судлах, бэлтгэх хугацаа шаардлагатай. Шат дараатай хийгдээд явна гэдгийг ойлгоорой. Мөн төрийн өмчийн их сургуулиуд нийгэмд мэдлэгээр үйлчлэх, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүрэгтэй. Тиймээс шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүтээл, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг нийтэд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ч хамтран ажиллах болно.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар