САТРЕПС төслийн Удирдах зөвлөлийн хурал боллоо

Share Button

МУИС, Токиогийн их сургууль хоёр толгойлон 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж буй “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” сэдэвт САТРЕПС төслийн Удирдах зөвлөлийн хурал 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр танхимын болон цахим хосолсон хэлбэрээр явагдлаа.

Хуралд Удирдах зөвлөлийн дарга, БШУЯ-ны Шинжлэх ухааны газрын дарга С.Мөнхбат, Удирдах зөвлөлийн гишүүд болох ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, ШУТС-ийн захирал М.Тунгалаг, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, төслийн Монгол талын удирдагч Ж.Батхүү, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Э.Тамура, төслийн Япон талын удирдагч Т.Асами нар оролцов. Хуралд мөн ЖАЙКА, Япон Улсын Элчин сайдын яам,  Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг, 2 талын судлаачид, төслийн ажлын албаны хүмүүс байлцав.

Хурлын эхэнд төслийн Монгол талын удирдагч Ж.Батхүү хуралд оролцогсод болон Төслийн хэрэгжих хугацаа, Удирдах зөвлөлийн үүргийн талаар товч танилцуулсны дараа хурлыг нээж, Удирдах зөвлөлийн дарга С.Мөнхбат үг хэлэв.

Тэр “Ковид-19 цар тахлын улмаас Япон Улсаас өндөр мэргэжлийн багш нар ирэх, Монголын залуу судлаачид Японд очиж суралцах зэрэгт тодорхой хэмжээний хүндрэл учирч байгаа боловч 2 талын байгууллага, эрдэмтдийн хамтын хүчин чармайлтын дүнд төслийн судалгааны ажил тасралтгүй, зохих түвшинд явагдаж ирсэн. Монгол орны байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон бэлчээрийн мал, бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлын хоорондын харилцан шүтэлцлийг  зохиомлоор бий болгосон биш, түүхэн хөгжлийн явцад бүрэлдэн бий болсон амьд судалгааны объект дээр хийж буй нь энэ судалгааны төслийн нэг онцлог юм. Ингэснээр бэлчээрийн мал, ургамлын үнэ цэнэ нэмэгдэж, олон тулгуурт эдийн засгийг бий болгох төр засгийн бодлого хэрэгжихэд ч энэ төсөл зохих хувь нэмрээ оруулах болно. Монгол Улс “Япон лугаа адил хөгжье”  гэсэн хөгжлийн замыг сонгоод байгаа энэ үед төсөл хэрэгжиж байгаа нь бас нэг онцлог юм. Монгол орны өвөрмөц онцлог бүхий судалгааны объект, Япон улсын шинжлэх ухаан, технологийн өндөр ололт амжилтыг хослуулснаар уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн давуу талыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гарган тавьж чадна гэж үзэж байна. Энэ төсөлд Япон, Монгол 2 талаас олон их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд оролцож, Монгол орны бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлын талаар салбар дундын судалгааг явуулж, үр дүнг нь улс орны өмнө тулгарч буй асуудлыг шийдэхэд хэрэглэхээр зорьж буй нь сайшаалтай”-г цохон тэмдэглэж байлаа.

Дараа нь төслийн Монгол талын удирдагч Ж.Батхүү төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 1 жилийн хугацаанд хийсэн судалгааны ажлын явц, үр дүн, дараагийн 1 жилд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм. Тэр “Хурдан соёолох чадвартай, давс, ган, хүйтэн, хурц гэрэл зэрэг гадаад орчны стресст тэсвэртэй бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамал илрүүлэх зорилтын хүрээнд  Саваан булган сүүл нь хурдан соёолох болон хэнзлэх (нөхөн төлжих) чадвар сайтай нь нотлогдож, түүнд агуулагдах нийт генийн хэмжээг тогтоож, үр дүнгээр нь олон улсын сэтгүүлд 1 өгүүлэл хэвлүүлсэн. Саваан булган сүүлээс ч хурдан соёолох чадвартай, малын тэжээлийн  3 зүйл ургамлыг нэмж илрүүлээд байгаа бөгөөд тэдгээрийг цаашид нарийвчлан судлах болно.

Функциональ шинж чанар бүхий малын тэжээлийн ургамал илрүүлэх, тэдгээрийг малын эрүүл мэндийг хамгаалахад ашиглах боломжийг эрэлхийлэх зорилтын хүрээнд хэд хэдэн ургамлын химийн найрлага-биологийн идэвхийн хоорондын хамаарлын судалгааг гүйцэтгэж, үр дүнгээр нь олон улсын сэтгүүлд 3 өгүүлэл хэвлүүлсэн. Яргуй, шарилжны ямаанд үзүүлэх нөлөөг судалсны үндсэн дээр тэдгээрийг ашиглан тамир оруулах болон тарга хүч тогтоох бэлдмэлийн жор зохиогоод байна. Цаашид зуны биш, харин өвөл, хаврын хатуу цагт малын идэж буй хатаж, гандсан шар өвс, хавар эрт гарч буй шинэ ногооны найрлага, биологийн идэвхийн судалгаан дээр төвлөрөн ажиллах болно. Энэ зорилгоор намар, өвөл, хавар цагт мал дагаж, ямар ургамал идэж буйг нь ажиглах, тэдгээрийн дээж цуглуулах хээрийн судалгаа чухал бөгөөд өнгөрсөн өвөл, хавар хатаж гандсан 47 зүйл ургамлын дээж цуглуулсан байна.

Өсөлт хөгжилт нь хурдан болон функциональ шинж чанар бүхий малын тэжээлийн ургамлыг бэлчээрийг сайжруулахад хэрэглэх болон тарималжуулах технологи боловсруулах нь бидний төслийн бас нэг зорилт юм. Энэ зорилтын хүрээнд Саваан булган сүүлийг ойт хээр, хээрийн бүсэд тарималжуулах туршилтыг 2 дахь жилдээ хийж байна. Төв аймгийн Архуст сумын хээрийн бүсэд соёололт 85%, Батсүмбэр сумын ойт хээрийн бүсэд 95% хүрч байв.

Цаашид Саваан булган сүүлийн орчны стресст тэсвэрлэх чадварыг нөхцөлдүүлэгч генийг олж илрүүлэх, хурдан соёололттой болон функциоаналь ургамлуудын химийн найрлага, биологийн идэвх, генийн судалгааг нарийвлан гүйцэтгэх, малын тэжээлийн ургамлын талаарх уламжлалт  болон орчин үеийн мэдлэгийн сан бий болгох эхлэлийг тавих зэрэг ажлыг үргэлжлүүлэн хийх болно” гэв.

Төслийн зохицуулагч К.Минами “1.44 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, орчин үеийн судалгааны багаж төхөөрөмж МУИС, ХААИС-д нийлүүлэгдсэн тухай, тэдгээрийн суурилуулалт, ашиглалт, МУИС-ийн Багш, оюутанд үйлчлэх төвийн дээврийн хүлэмж, худалдан авах үйл ажиллагааны явцын талаар танилцуулав.

Тохокү Анагаах ухаан, эм зүйн их сургуулийн профессор К.Сасаки “Ковид-19 цар тахлын улмаас Япон  хүн Монголд ирж судалгаа явуулах, удирдах боломжгүй болсныг харгалзан үзэж, Япон улсад докторын зэрэг хамгаалсан, чадварлаг Монгол залуу хүнийг САТРЕПС төслийн постдок судлаачаар ажиллуулах хүсэлтэй” байгаагаа ЖАЙКА байгуулагад уламжлав. ЖАЙКА байгууллагын ажилтан А.Такеда энэ хүсэлтэнд хариулахдаа “Төслийн гэрээнд тусгагдсаны дагуу Монгол талын ажиллах хүчний зардлыг Монгол тал хариуцах ёстой тул бид энэ асуудалд нааштай хариу өгөх боломжгүй” гэв.

Удирдах зөвлөлийн гишүүн, ШУТС-ийн захирал М.Тунгалаг “Улсын төсвөөс САТРЕПС төсөлд зориулан гаргах зардлын хувьд БШУЯ-аар дамжуулан манай санд дахин хүсэлт гаргаж, хөөцөлдөх хэрэгтэй. Гадаад улсаас албан ёсны техникийн хамтын ажиллагааны хүрээнд манай улсад ирж буй багаж, төхөөрөмжийг гаалиас авахад маш хүндрэлтэй байдаг, бүр аргаа бараад цаад байгууллага нь танайд бид дахиж багаж, төхөөрөмж явуулахгүй гэж хэлэхэд хүрдэг ч тохиолдол бий, иймд эртнээс бичиг баримтаа бүрдүүлж байх нь зөв шүү” гэж зөвлөв.

Удирдах зөвлөлийн гишүүн, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх “Манайд гаднын олон төсөл хөтөлбөр хэрэгждэг ч түүнийг нь цааш улам боловсронгуй болгож, залгамжлаад хэрэгжүүлээд явах тогтвортой байдлыг нь Монголын тал хангах ёстой, харамсалтай нь одоогоор тийм зүйл алга, гадаадтай хамтарсан төсөл, хөтөлбөрийн хугацаа дуусахад түүний үр дүн бас дуусаж байна. Иймд бид энэ төслийг тийм болгохгүйн тулд одооноос анхаарах хэрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэж байв.

Төслийн Япон талын удирдагч, Токиогийн их сургуулийн профессор Т.Асами “Монгол Улс өөрийн орны өвөрмөц  онцлогт тулгуурласан суурь судалгааны чиглэлтэй болох, түүндээ түшиглэн улс орныхоо өмнө тулгарч буй асуудлаа шинжлэх ухааны үндэслэлтэй шийддэг болоход манай энэ төсөл зохих хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэв.

Удирдах хорооны дарга С.Мөнхбат хурлын төгсгөлд хэлсэн үгэндээ “Энэ төслийн хүрээнд Монгол талд өндөр үнэтэй, орчин үеийн судалгааны багаж төхөөрөмж нийлүүлэгдэж, залуу боловсон хүчин бэлтгэгдэх сайхан боломж бий болж байгаа тул төсөлд оролцож буй манай талын судлаачид зөвхөн улсын төсвийг харах биш, өөр өөрсдийн хүрээнд өөр эх үүсвэр эрж, идэвх санаачилга гарган ажиллах хэрэгтэй. БШУЯ судалгааны багаж төхөөрөмжийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй багаж төхөөрөмжийг ч тэр мэдээллийн санд оруулж, ашиглалтыг нь сайжруулах тал дээр анхааран ажиллах болно” гэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар