Монгол Улсын Их Сургууль 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ХБНГУ-ын Берлин хотын Соёл урлаг, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүрээлэн (IKMW Berlin) болон Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ-тай (СУХМТМЗ) урлаг, соёл судлал, соёлын менежмент, хэвлэл мэдээллийн технологи болон соёлын статистикийн салбаруудад хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд дээр дурдсан шинжлэх ухааны салбаруудад хамтарсан судалгаа хийх, багш, оюутан, судлаач солилцох, эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт зохион байгуулж МУИС-ийн багш, судлаач, оюутнуудыг оролцуулах, менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
IKMW-ийн захирал Проф.Др. Клаус Зийбэнхаар: “Дэлхийн хямралын энэ үед академик боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын мэдлэг, туршлага солилцоо, салбар хоорондын хамтарсан эрдэм шинжилгээний төслийн менежмент зэрэг нь, ялангуяа, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд итгэлцэл, мэргэжлийн ур чадвар, зохион байгуулалтын уян хатан бүтэц дээр суурилах нь чухал ач холбогдолтой юм.
МУИС-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг нь дээр дурдсан бүх шаардлагыг хангахаас гадна, шинжлэх ухааны бүхий л салбарыг хамарсан бүтэц тогтолцоо нь бидний хамтын ажиллаагааны ирээдүйг тодорхой харуулж байна. Олон улсад амжилттай үйл ажиллагаа явуулж буй манай хүрээлэн нь энэхүү чухал түншлэлийнхээ хүрээнд олон төрлийн хамтын ажиллагааг аналог, цахим, холимог хэлбэрээр хэрэгжүүлж, Герман-Монголын шинжлэх ухаан, соёлын харилцаанд өөрсдийн хувь нэмрээ оруулах болно. Берлин хотын IKMW нь МУИС-тай хамтын ажиллагаагаа албан ёсоор эхэлж байгаадаа баяртай байна!”
2020 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “МУИС-ийн төгсөгч, дэмжигчдийн чуулга уулзалт”-аар МУИС нь төгсөгч, дэмжигчидтэйгээ хамтран ажиллах уриалга хүргүүлж, хамтран ажиллах боломж, санал, сайн туршлагуудыг хэлэлцсэн билээ. Үүний хүрээнд ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяатай идэвхтэй хамтран, соёлын менежмент, урлаг судлалын салбарт шинэ чиглэлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Мөн МУИС, ХБНГУ-ын Берлиний чөлөөт их сургуультай 2002 онд хамтран ажиллах гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан туршлагатай билээ. (2004-2016 оныг хүртэл Берлиний чөлөөт их сургуульд IKM харьяалалтай байсан. 2016 оноос IKMW болон бие даан гарсан ба FU Berlin-ээс гадна олон их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байгаа) IKMW нь соёл урлаг, хэвлэл мэдээлэл, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын удирдлага, мэргэжилтэн бэлтгэхээс гадна, олон талт сургалт, судалгаа голчлон явуулж, зөвлөгөө өгдөг ба олон улсын төслүүдийг хэрэгжүүлдэг. Харъяандаа Үзэгчдийн Хөгжлийн Төв (Center for Audience Development, ZAD) болон Берлиний медиа сургууль (Berlin Media Professional School, BMPS) гэсэн хоёр мэргэшсэн судалгааны төвийг ажиллуулдаг байна.
Цар тахал нь сүүлийн 2 жил хүн төрөлхтөнийг цочролд оруулж, дэлхийн улс орнуудыг хямрааж буй хэдий ч бид бүгдэд шинэчлэл, эв, нэгдэл, хамтын хүч ямар чухал болохыг ойлгох ухаарал өгч шинжлэх ухаан, судалгаанд суурилсан шинэлэг, өргөн хүрээний бүтээлч сэтгэлгээтэйгээр урагш алхах боломж олгож байна.
Энэ хугацаанд ялангуяа олон нийтийг хамарсан соёл, урлагийн салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон хэдий ч бид шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, салбар хоорондын хамтын ажиллагааны чиглэлд илүү анхаарлаа хандуулж ирлээ. Иймээс МУИС-тай хамтран ХБНГУ-ын соёлын салбарын менежер, удирдлагуудыг сүүлийн 30 жил, 2008 оноос хойш КУМА- хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын соёлын менежер, залуу манлайлагчдыг бэлтгэж буй туршлагатай IKMW Berlin-тэй нягт хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсын соёлын салбарын хүний нөөцийн чадавхижуулалтанд чухал хувь нэмэр оруулан ажиллах болсондоо баяртай байгаагаа СУХМТМЗ НҮТББ-ын гүйцэтгэх захирал О.Зулцэцэг илэрхийллээ.
Соёл урлаг, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүрээлэнгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://ikmw-berlin.de/institut-fuer-kultur-und-medienwirtschaft-ikmw/, Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.artsandmediaconsulting.org/about-us холбоосоор нэвтэрч үзнэ үү.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС