МУИС-ийн багш, ажилтнуудын бүтээл нийтлэл, удирдсан төсөл, гэрээт ажлын товч мэдээллийг нийтэд сурталчилна

Share Button

МУИС-ийн Эрдэм шинжилгээний хэлтэс Мэдээллийн технологийн газартай хамтран МУИС-ийн профессор, багш, ажилтнуудын профайл хуудсыг – https://www.num.edu.mn/staff хөгжүүлж заадаг хичээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, төсөл гэрээт ажлын товч мэдээллийг үзүүлж эхэллээ.

Аливаа их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага нь профессор, судлаачдынхаа эрдэм шинжилгээний бүтээлийн агуулах санг (research repository) үүсгэж шинжлэн дүгнэх, бодлого тодорхойлж хэрэгжүүлэх, судалгааны болон бизнесийн хамтрагч нарт сурталчлах зэрэг олон зорилгоор ашигладаг. МУИС нь профессор, багш, судлаачдынхаа эрдэм шинжилгээний сэтгүүл болон хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн өгүүлэл, удирдаж хэрэгжүүлсэн төсөл, гэрээт ажлын товч мэдээллийг олон нийтэд сурталчлах боломжтой болжээ.

Оюутан, багш судлаачид, хамтарч ажиллах сонирхолтой хүмүүс, судалгааны болон бизнесийн байгууллагуудад багш, судлаачдынхаа заадаг хичээл, судалгааны чиглэл, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, төсөл гэрээт ажлын туршлагын талаар танилцуулснаар МУИС-ийн эрдэм шинжилгээ, цаашдын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь дамжиггүй юм.

МУИС сүүлийн хоёр жилийн хугацаанд профессор, багшийн эрдэм шинжилгээний ажлыг ЭШММС-ээр цахимжуулсны үр дүнд эрдэм шинжилгээний бүтээлийн агуулах санг тодорхой хэмжээнд бүрдүүлж чадсан. Түүнчлэн МУИС-д хэрэгжсэн төсөл, гэрээт ажлын бүртгэл, менежментийг ТММС-ийг ашиглан сайжруулснаар ингэж сурталчлах боломжтой болжээ. Эдгээр мэдээллийн санд профессор, багш нарын зарим бүтээл, төсөл, гэрээт ажлын мэдээлэл бүрэн ороогүй, зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд өөрсдийн мэдүүлснээр байгаа тул дутуу, бүрэн бус мэдээлэл байж болзошгүй. Гэхдээ цаашид мэдээллийг тогтмол баяжуулж, засаж сайжруулах процесс байнга үргэлжлэх тул тодорхой хугацааны дараа бүрэн гүйцэд, үнэн зөв болно.

Хэрэв та МУИС-ийн профессор, багш бол өөрийн мэдээллийг нэг шалгаж үзээрэй. МУИС-д эрдэм шинжилгээний багц цаг, суурь зардал, төсөл, гэрээт ажлыг бүртгүүлж, баталгаажуулах удирдамжийн дагуу өөрт холбогдох мэдээллийг засах, шинээр нэмэх боломжтой.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар