“Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс МУИС-д 8,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий судалгааны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Share Button

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь 2014 оноос эхэлсэн бөгөөд 7 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Төсөл нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт шаардагдах инженерийн  боловсон хүчнийг Япон улсад бэлтгэх,  МУИС, ШУТИС-ийн  инженерийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, судалгааны чадавхыг бэхжүүлэх үндсэн зорилготой.

Төслийн хүрээнд МУИС, ШУТИС-ийн болон Япон улсын 40 гаруй их сургуулийн эрдэмтэн судлаачдын хамтарсан 20 баг ажиллаж байна. Хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд тус хоёр их сургуулийн сургалт, судалгааны орчныг сайжруулах, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нээлттэй лабораториудыг байгуулах, туршилт судалгааг олон улсын түвшинд хийх чадавхыг дээшлүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн худалдан авалтыг шат дараатайгаар зохион байгуулж ирсэн.

Энэ зорилгын хүрээнд өнөөдөр /2021.09.10/ “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс Монгол Улсын их сургуульд судалгааны зориулалттай 8,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 109 нэр төрлийн 148 тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Эдгээр тоног төхөөрөмжүүд нь олон улсын стандартын шаардлага хангасан, хамгийн сүүлийн үеийн технологиор Америк, Япон, Герман, Швед зэрэг өндөр хөгжилтэй улс оронд үйлдвэрлэгдсэн Монгол Улсад өмнө нь ашиглагдаж байгаагүй, мөн Оюутолгой гэх мэт томоохон үйлдвэрт цөөн тоогоор ашиглагддаг онцлогтой тоног төхөөрөмжүүд байна. Тухайлбал, Ойн экосистемийн мониторингийн лабораторид нийлүүлсэн  Geo-MMS LiDAR нь дрон дээр суурилсан агаарын гэрэл зураг авах боловсруулах хөдөлгөөнт систем юм.

Энэ төхөөрөмж, программ хангамжийг судалгаанд нэвтрүүлснээр ойн нөөцийн тандан судлал, өндөр өртөг, олон хүний оролцоо, тусламжтайгаар хийгддэг ойн бүртгэл тооллогын ажлыг богино хугацаанд бага зардлаар зохион байгуулах, ойн бүрхэвчийн болон төрөл зүйлийн өөрчлөлт зэргийг тодорхойлох судалгаанд өргөн хэрэглэнэ. Мөн манай улсад шаардлагатай хөдөө аж ахуй, мал аж ахуй, цөлжилт, газар орны өөрчлөлт түүний хил хязгаарын хөдөлгөөн зэргийг судлан тогтооход өргөн ашиглах боломжтой.

Үүнээс гадна зарим тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр өндөр үнээр гадаад улсад хийгддэг зарим туршилт, судалгааг Монгол Улсад хийх боломжтой болж байна. Ингэснээр судалгаа, шинжилгээ, туршилт хийгдэх шат дамжлага, цаг хугацаа, зардлыг хэмнэх давуу талтай юм.

Жишээлбэл: Ургамлын биотехнологийн  лабораторид нийлүүлсэн DNA analyzer төхөөрөмж нь ургамал, микроорганизмын ДНХ-ийн дарааллыг тогтоож чадна. Өмнө нь энэхүү судалгааны дээжийг гадаад улсын хамтын ажиллагаатай лаборатори руу явуулан шинжлүүлдэг байсан нь цаг хугацааны хувьд алдагдалтай, дээжийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авах, тохиромжтой орчинд зөөвөрлөх зэрэг ихээхэн хүндрэлүүдтэй тулгардаг байсан. Түүнчлэн Nanodrop-ийг судалгаандаа ашигласнаар ургамал болон микроорганизмаас ялган авсан РНХ, ДНХ болон нийлэгжүүлсэн ДНХ-ийг маш бага хэмжээтэй буюу 2 мкл-ийн хэмжээтэйгээр концентрацыг тогтоох боломжтой болж байна.

Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд Монгол Улсын Их Сургуульд хэрэгжиж байгаа судалгааны багуудаас 3 гарааны компани байгуулагдан ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Их Сургуульд нийлүүлж буй тоног төхөөрөмж бүхий лабораториудад ажиллах багш, ажилтнуудыг тус төслийн зэргийн болон зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамруулан Япон Улсад магистр, докторт, мөн богино хугацаанд сурган бэлтгэж байгаа бөгөөд одоогоор 34 багш, судлаачийг докторын хөтөлбөрт, 10 судлаачийг магистрын хөтөлбөрт, 86 судлаачийг зэргийн бус хөтөлбөрт хамруулж Япон Улсад суралцуулсан байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар