Энэ жил МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн 30 жилийн ой тохиож байна. Тус тэнхим өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлаар суурь судалгааг эрхлэн явуулахын зэрэгцээ 1991 оноос хойш үндэсний хэмжээнд 1000 гаруй социологич, 500 гаруй нийгмийн ажилтан мэргэжилтнийг бакалавр, магистр, докторын зэргээр бэлтгэсэн судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний томоохон нэгж юм. Тус тэнхимд ОХУ, АНУ, Герман, Франц, Хятад, Турк, Бельги, Монгол улсад судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж, мэргэжил дээшлүүлсэн, хамгаалсан доктор, дэд профессор, профессор нийт 16 багш ажиллаж байна.
Тэнхимийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй OPEN MIND MONGOLIA 2021: “Supporting social well-being during and after Covid-19” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2021.09.22/ амжилттай явагдлаа. Тус хурлыг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, ШУС-ийн захирал, доктор Д.Заяабаатар, МУИС-ийн СНАТ- ийн эрхлэгч, доктор Ч.Тамир нар нээж үг хэлэв.
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын нэгдсэн хуралдаанд 2003-2004 онд Америкийн Социологийн холбооны ерөнхийлөгч, 2010-2014 онд Олон улсын социологийн холбооны ерөнхийлөгч асан, АНУ-ын Бөрклэйн их сургуулийн профессор Майкл Бюровэй, Францын Социологийн холбооны ерөнхийлөгч, социологич хатагтай Муриэл Дармон, мөн АНУ-ын тэргүүлэх социологичдын нэг, Бөрклейн их сургуулийн эмерит профессор, хатагтай Эрли Хокчайлд, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал, профессор ноён О.Мөнхбат нар нийгмийн тэгш бус байдал, Ковид-19 цар тахлын нөлөө, социологийн судалгааны онцлог, харах өнцөг, хөгжлийн сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Социологи, нийгмийн ажлын тэнхимийн 30 жилийн ойд зориулсан тус олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Социологи ба Буддист нийгмийн ажил гэсэн хоёр үндсэн хэсэгтэй зохион байгуулагдсан байна. Социологийн салбар хуралдаанд АНУ, Франц, ОХУ, ХБНГУ, Польш, Япон, Энэтхэг болон үндэсний эрдэмтэд Ковид-19 цар тахлын нөлөөлөл улс орнуудад хэрхэн тусч байгааг шүүн тунгаасан олон сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Буддист нийгмийн ажил салбар хуралдааныг Япон улсын Шукутоку их сургууль хамтран зохион байгуулсан байна. Тус хуралд АНУ, Тайланд, Япон, Шри-Ланк, Непал болон үндэсний эрдэмтдийн төлөөлөл оролцсон бөгөөд цар тахлын нөхцөлд үзүүлж буй нийгмийн ажлын үйлчилгээний өнөөгийн байдал, ялангуяа буддист нийгмийн ажлын онцлог, интервэнц зэрэг цаг үеийн шинжтэй олон чухал илтгэл хэлэлцүүлсэн байна.