Электроник, автоматжуулалтын сургалт, судалгааны лабораторийн нээлттэй өдөрлөг боллоо

Share Button

Европын холбооны санхүүжилттэй Европ Монголын хамтын ажиллагаагаар инженерийн боловсролыг шинэчлэх төслийн (EURO-MONGOLIAN COOPERATION FOR MODERNISATION OF ENGINEERING EDUCATION : EUMONG)-ийн хүрээнд нээсэн электроник, автоматжуулалтын сургалт судалгааны лабораторийн нээлттэй өдөрлөг боллоо. Өдөрлөгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, МУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн профессор Б.Ганбат, дэд профессор Д.Болормаа болон тус тэнхимийн суралцагчид, төгсөгчдийн төлөөлөл ажил олгогчид оролцсон юм.

Электроник, автоматжуулалтын сургалт судалгааны лабораторид электроникийн үндсийн анхан шатны лабораторийн ажлаас эхлүүлэн хэлхээний анализ ба дизайн, Удирдлагын системийн хичээлүүдийн лабораторийн ажлыг хийдэг бөгөөд дохионы анализ хийх, бодит системийг загварчлах гэх мэт сургалт, судалгааны ажлыг тогтмол хийж байна.

200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус лабораторид хийсэн бөгөөд магистрын түвшний удирдлагын систем, гурван хэмжээст дэлгэц, хатуу биеийн электроник, чип дизайн, хүрээлэн буй орчны инженер-аюулгүй байдлын инженерчлэл, дүрс боловсруулалт ба хэв танилт, сенсорын техник, хиймэл оюун ба машин сургалт хичээлүүдийн агуулгыг шинэчлэн сургалтад нэвтрүүлсэн юм.

2018 оноос 3 жилийн хугацаатай хэрэгжсэн уг төслийн хүрээнд электроник, автоматжуулалтын магистрын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Болгар, ХБНГУ, Франц, Италийн түнш их сургуулиудын туршлага, агуулгаар баяжуулан шинэчлэн боловсруулж, сургалт судалгааны орчныг сайжруулжээ. Энэ нь олон улсын зах зээлд нийцсэн инженер судлаачдыг бэлтгэхэд чухал алхам болсныг өдөрлөгийн үеэр профессорууд болон ажил олгогчид онцолж байлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар