Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, МУИС, ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхим, “Орон зайн анализын лаборатори”, “Залуу экологичдыг дэмжих төв” болон НҮБ-ын ХХААБ-ын “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн дэмжсэнээр биологи, экологи, байгаль орчин, байгаль хамгааллын салбарын оюутнуудын дунд “Судлаач оюутан: Эх байгалийн төлөө дуу хоолойгоо нэгтгэе” урианы дор оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2021 оны 12 сарын 18-ны өдөр МУИС дээр 5 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Үндэсний хэмжээнд зохион байгуулдаг энэ удаагийн хуралд МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС болон ХИС-с нийт 23 оюутан оролцож зуны хээрийн судалгааны үр дүнгээрээ илтгэл хэлэлцүүлсэн. Эрдэм шинжилгээний хуралд МУИС, Биологийн тэнхимийн багш доктор, профессор Б.Оюунцэцэг, доктор дэд профессор Д.Лхагвасүрэн, ШУА-ын Биологийн хүрээлэнгийн Шавьж, шувуу судлалын секторын эрхлэгч доктор Ч.Гантигмаа, “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслийн мэргэжилтэн, доктор Сэргэлэнхүү нар шүүгчийн бүрэлдэхүүнд орж ажиллав.
“Судлаач оюутан: Эх байгалийн төлөө дуу хоолойгоо нэгтгэе” оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцогчид, МУИС, Улаанбаатар, 2021-12-18
Эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Байгалийн ухааны салбарын 1-р дамжааны оюутан С.Халиун “Чух нуураар дайран өнгөрөх нүүдлийн эргийн шувуудын тоо толгойн өөрчлөлт ба цаг агаарын хүчин зүйлс”, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Байгалийн ухааны салбарын 4-р дамжааны оюутан Ч.Баярмаа “”Монгол бөхөн (Saiga tatarica mongolica Bannikov, 1946)- ийн идэш тэжээл сонголтын хэв маяг”, МУБИС-ийн магистрант Р.Биндэръяа “Хурх хүйтний хөндийгөөр дамжин өнгөрч буй хөөндэй (turdus, zoothera, geokichla)-н төрлийн шувуудын нүүдэл, шилжилт” сэдэвт хээрийн судалгааны ажлын үр дүнгээрээ эхний гурван байрыг тус тус эзлэв.
Мөн оюутан залуусын дунд “Судлаачийн тэмдэглэл” нийтлэлийн уралдаан болон гэрэл зургийн уралдаан зарлаж уралдаанд шалгарсан бүтээлүүдээр МУИС дээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа.
“Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахад идэвхтэй оролцож, санаачлан дэмжсэн Дэлхийн Байгаль Хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олонд, мөн уг хурлын үйл ажиллагаанд оролцож биднийг дэмжсэн МУИС-ийн Биологийн тэнхимийн хамт олон, “Залуу экологичдыг дэмжих төв”, мөн НҮБ-ын ХХААБ-ын “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн хамт олон та бүхэнд судлаач оюутан, профессор багш нарынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж байна.