Дэлхий дахины нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлээс болж 1 жил завсарлаад байсан “Багшлах ур чадварын тэмцээн” энэ сарын 15-22-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагааг ШУС-ийн Байгалийн ухаан болон Хүмүүнлэгийн ухааны салбарын багш боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг 9 тэнхим хамтран зохион байгуулдаг билээ. Энэ жилийн ур чадварын тэмцээн МУИС-ийн түүхт 80 жилийн ойтой давхцаж, ойн үйл ажиллагааны хүрээн зохион байгуулагдаж байгаагаар онцлог юм.
Энэ удаагийн багшлах ур чадварын тэмцээний 1 дүгээр шатанд 18 баг бүртгүүлснээс 2 дугаар шатанд 6 баг шалгаран хичээлийн судалгааны үр дүнгээрээ илтгэл тавьж, үзэсгэлэн гаргалаа. Багууд зөвхөн хичээл заах ур чадвараар төдийгүй багаар ажиллах, удирдан зохион байгуулах, манлайлах, эрэл хайгуул хийх гэх мэт өргөн хүрээний олон чадваруудаа дайчлан тулгарсан асуудлуудыг бүтээлчээр шийдвэрлэн хоорондоо өрсөлдсөнийг онцлох хэрэгтэй.
Тэмцээнээр дамжуулан оюутнуудын хичээл заах ур чадвар, хичээлийн судалгаа хийх чадварын хөгжлийг дэмжихийг зорьдог билээ. Тиймээс мэргэжлийн заах арга зүйн багш нарын баг хамтран судалгаат хичээлийн үнэлгээний рубрик боловсруулан хөгжүүлж байна. Ингэснээр тэмцээнд ирсэн материалуудад тулгуурлан багш, оюутнууд цаашид судалгаа шинжилгээний ажил хийх, энэ чиглэлээр олон улсын хуралд оролцох, өгүүлэл нийтлүүлэх, хөтөлбөрүүдийг сайжруулах зэрэг дараа дараагийн олон ажлууд хийгдэх нөхцөл бүрддэг.
Үүнээс урьтаад багш боловсролын оюутнууд хоорондоо танилцах, мэдлэг, чадвар, туршлагаа солилцох, мэргэжлээрээ бахархах нь бидний үйл ажиллагааны хамгийн гол зорилго бөгөөд ийнхүү оюутан, багш нар баг болж хичээлийн судалгаа хийж багаараа хөгжих соёл төлөвшиж байгаа нь цаашдаа хөтөлбөрүүдийн чанар, нэр хүнд дээшлэхэд чухал ач холбогдолтой.
Тэмцээний үр дүнд байгалийн ухаан ба нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар тус бүр 3 байр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан. Үүнд:
1 дүгээр байранд:
- Багш, математикийн боловсрол хөтөлбөрийн оюутнууд Л.Сайхантуяа, О.Ганчимэг, Б.Чингүнбаяр, М.Энхмаа нар “Вектор” сэдэвт;
- Багш, Нийгмийн ухааны боловсрол (Түүх) хөтөлбөрийн оюутнууд Н.Алтантулга, С.Дэлгэрмөрөн, Э.Хонгорзул, Б.Эрдэнэболор нар “Хоёр мөрний улсууд болон Эртний Египет” сэдэвт;
2 дугаар байранд:
- Багш, байгалийн ухааны боловсрол (Газарзүй) хөтөлбөрийн оюутнууд Э.Хашбат, А.Насандэлгэр, О.Идэрцэцэг нар “Геологийн хөгжлийн түүх” сэдэвт;
- Багш, нийгмийн ухааны боловсрол (Түүх) хөтөлбөрийн оюутнууд Г.Хорлоо, Б.Жавзансүрэн, Б.Энхцэнгүүн, Т.Болормаа, Г.Жаргалмаа нар “Нэгдсэн Үндэстний Байгууллага ба Монгол улс” сэдэвт;
3 дугаар байранд:
- Багш, Монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн оюутнууд Д.Бямбажаргал, М.Маралмаа, Б.Төгс-Оюун, Б.Мишээл, Х.Айдос нар “Баримтад тулгуурлан тайлбарлан бичих” сэдэвт;
- Багш, байгалийн ухааны боловсрол (Газарзүй) хөтөлбөрийн оюутнууд А.Мөнхнаран, У.Цэрэнлхам, Б.Баасансүрэн нар “Хүрээлэн буй орчны бохирдол” сэдэвт хичээлийн судалгаагаар тус тус амжилттай оролцов.
Багшлах ур чадварын тэмцээнийг чанаржуулж үр дүнтэй болгохын тулд хамтран ажиллаж байгаа заах арга зүйн багш нарын хамтлаг, зохион байгуулах комисс, тэмцээнийг бүх талаар дэмжиж ажилладаг ШУС-ийн удирдлагуудад Багш боловсролын хөтөлбөрийн нийт оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.