“Уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг багш бэлтгэх хөтөлбөрт тусгах нь”–“Promoting Teacher Education for Climate Change Education in Asia (ATECCE)” сэдэвт ОУЭШХ амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

2015 онд НҮБ-ын Ерөнхий чуулган болж 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Sustainable Development Goals”-ыг баталсан. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа манай улсад өрнөж байна. Улсын Их Хурлаас 2016 онд “Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан гаргасан бөгөөд үйл ажиллагааны хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг биелэгдэх үндэс нь тогтвортой хөгжлийн боловсрол 4-р зорилго болно гэж чухалчилж үзэж байгаа юм. Тиймээс дээд боловсролын салбарт “Sustainable University” болох хөдөлгөөн өрнөж, хичээл сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, оюутанд үзүүлэх үйлчилгээ, сургалтын орчин бүрдүүлэх үйл ажиллагаа нь Тогтвортой хөгжил ба Тогтвортой хөгжлийн боловсролын талаар 2030 он хүртэл дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Эдгээр зарчим, зорилтыг бодитой ажил хэрэг болгоход манай дээд боловсролын гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага асар их юм. Тус Олон Улсын Эрдэм шинжилгээний хурлыг МУИС, МУБИС, ЮНЕСКО-гийн Бээжин дэх салбар, Японы Окаяама Их сургууль хамтран амжилттай зохион байгууллаа.

Тогтвортой хөгжлийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн Дэлхий нийтийн боловсролын чиг хандлага болон багш бэлтгэх хөтөлбөрийн хөгжлийг дэмжих зорилготой тус хуралд Япон, Казахстан, Энэтхэг, БНХАУ, Филиппин, Малайз, Индонез, Тайланд, Монгол зэрэг 9 орны 70 гаруй эрдэмтэн оролцов.

Уг хурлыг Монгол Улс хамтран зохион байгуулснаар: Боловсролын салбарт уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөний талаар нотолгоо цуглуулах, түншлэгч талуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, боловсролд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг улс орнуудын хэмжээнд харьцуулах, туршлага солилцох боломж бүрдэж байгааг зохион байгуулагчид онцлов.

Тогтвортой Хөгжлийн Боловсролын багш нар, судлаачдын ОУЭШХ-ын үндсэн хуралдаан 2022 оны 5 сарын 3-нд МУБИС-ийн А300 Эрдмийн танхимд боллоо. Энэ өдрийн хуралдаанаар МУИС-ийн Захирал Доктор, Профессор Б.Очирхуяг захирлыг МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Доктор, Профессор Д.Бадмаанямбуу захирал төлөөлөн нээлтийн үг хэлж, МУИС-ийн эрдэмтэн багш нар урилгаар илтгэл тавьлаа.

5 дугаар сарын 4-ний үдээс өмнө хуралд оролцогч гадаадын зочид төлөөлөгч нарыг  МУИС-ийн Байгаль-Эх Лицей Ахлах Сургууль, Экологийн Боловсролын Төвийн захирал П.Түвшинтөр хүлээн авч сургуулийн сургалт үйл ажиллагаа болон Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг хэрхэн сургалтанд нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа туршлагаа танилцууллаа.

5 дугаар сарын 4-нд МУИС-ийн 320 Захирлын нэрэмжит хүндэтгэлийн танхимд амжилттай болж өндөрлөлөө.

МУИС-ийн Хамтын Ажиллагааны Хэлтсийн дарга Д.Бадамдашийн хэлснийг онцлон тэмдэглэе.

Энэхүү хурлын өдрүүдэд бид бүхэн нэгдсэн нэг зорилгын төлөө хамтдаа  идэвхтэй яриа хэлэлцээр өрнүүлж, судалгааны ажлуудаа танилцуулж, санал бодлоо хуваалцаж, хамтын үйл ажиллагаагаа дэмжсэн өндөр ач холбогдолтой ажиллалаа.

Тогтвортой хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн боловсролын бодлоготой уялдан дээд боловсролын салбарт хөгжүүлэлт хийж сургалтын хэлбэр, агуулга өөрчлөх, шинэ технологи, судалгаа иновацийн үйл ажиллагааг хамтатгах, дэлхийн тэргүүний улсуудын жишиг туршлагаас суралцах, ижилсэх, тэдгээртэй хорших, оюуны сүлжээ үүсгэх, багшийн хөгжилд онцгой анхаарал хандуулах, ялангуяа их, дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, хүний нөөцийг бэлтгэх чиглэлд бид бүхэн хамтран бодитой ахиц гаргах шаардлагатай болж байна.

Багшлах боловсон хүчин, мэргэжилтний ур чадварт зайлшгүй байх чиглэл бол ТХБ, Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, чадвар хамаарч байна. Тиймээс манай сургууль ТХБ, Уур амьсгалын өөрчлөлтийн үр дүнд суурилсан боловсролын онол, арга зүйг шат дараалсан байдлаар багш нарын мэргэжил дээшлүүлэлт, хүний нөөцийн бодлого, сургалтын хөтөлбөр, сургалтын орчин, эрх зүйн орчин зэрэгт тусган ажиллахаар төлөвлөгөө гарган ажил хэрэг болгохын төлөө та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.

Энэхүү хурлыг бидэнтэй хамтран зохион байгуулсан МУБИС, Японы Окаяама Их Сургууль хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Бээжин дэх ЮНЕСКО, BRI академи, Монголын Физикийн Олимпиадын хороо, хуралд оролцсон хүндэт эрдэмтэн судлаачид, олон улсын  төлөөлөгчид, зохион байгуулагч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар