“Орчин үеийн олон улсын шинэ хандлага ба Монгол улс” эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

 

Монгол улсад орчин үеийн дипломат алба байгуулагдсны 100 жилийн ой, МУИС-ийн ОУХС-ийн 20 жилийн ойд зориулан  “Орчин үеийн олон улсын шинэ хандлага ба Монгол улс” эрдэм шинжилгээний хурал боллоо. МУИС-ийн эрдмийн дугуй танхимд  6-р сарын 24-нд болсон энэхүү хурлыг нээж, ОУХС-ийн захирал Н.Алтанцэцэг үг хэлж, МУИС-ийн захирал С.Төмөр-Очир мэндчилгээ дэвшүүлсний дараа илтгэл, хэлэлцүүлэг эхэлсэн юм.

Хуралд ШУА-ийн Геополитикийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, УИХ-ын тамгын газар, Үндэсний тагнуулын академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС-ийн ОУХС, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг төр захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаач, эрдэмтэд оролцож, Монгол улсын геополитик, гуравдагч хөршийн бодлого, Европын холбооны өнөөгийн байдал, зүүн азийн бүс нутгийн орнуудын харилцаа гэх мэт  олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хурлын үеэр Монгол улсын гадаад бодлого болон олон улстай харилцах чиг хандлагатай холбогдсон чухал санал санаачилгууд гарч байсны нэг нь МУИС-ийн багш, доктор Ж.Баттогтох  “Олон улсын эрх зүй ба Монгол улсын гадаад бодлого” сэдэвт илтгэлдээ улс гүрнүүдийн гадаад харилцааны болон олон улсын түгээмэл ба тусгай хууль зүйн салбарт мэргэшсэн мэргэжилтэн   бэлтгэх зорилгоор  ОУХС-ийн дэргэд Олон улсын  хууль зүйн тэнхим байгуулах зайлшгүй шаардлага байгааг онцолсон явдал байв.

Өнөөгийн олон улсын харилцааны шинэ чиг хандлагыг өөрийн улстай холбож үзээд Монгол ер нь аль хэсэгт яваа болон цаашид ямар бодлого чиглэл баримтлах хандлагаа тодорхойлох зорилготой энэхүү хурал нь зөвхөн дотоодын хүрээнд төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын  судлаач, эрдэмтдийн дунд зохион байгуулагдсан нь үндсэн асуудлаа нухацтай хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрч чадсанаараа өндөр ач холбогдолтой боллоо хэмээн зохион байгуулагчид үзэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар