“Монголын хөгжлийн жим: Систем судлаачийн зураглал” гурамсан зохиолын товч танилцуулга

Share Button
Тогтохын ЧУЛУУН (Ph.D), профессор Систем судлаач, экосистем судлаач, бодлого судлаач

Комплекс системийн онол, хүмүүн-байгалийн системийн судалгаа, резилиенс онол бол “Монголын хөгжлийн жим” гурамсан номын шинжлэх ухааны суурь. Нээлттэй системд эерэг буцах холбоо, хурдасгуурын улмаас шинэ сарних бүтэц-функц үүсэн хөгждөг онолын үүднээс Монголын өнгөрсөн 60 жилийн хөгжлийн түүхийг ойлгон тайлбарласан, хүмүүн-байгалийн найрслын төгөлдөршил нь тогтвортой хөгжлийн зорилго болохыг экосистем судлаачийн өнцгөөс харуулсан, нийгэм-экологийн системийн резилиенс сэтгэлгээгээр Монгол Улсын ирээдүйн 30 жилийг тунгаасан бодролоо Уншигч танд өргөн байрьж байна. Миний гурамсан ном маань Монгол Улсын өнгөрсөн улаан хийгээд хөх хагас жаран, эдүгээ цаг, ирээдүйн ногоон хагас жарны тухай систем судлаачийн бодрол, үнэлгээ, төсөөлөл юм.

Түлхүүр үгс: Нээлттэй систем, хурдасгуур, эв нэгдэл, хүмүүн-байгалийн найрсал, нэг нутаг-усныхан, сэргэн хөгжихүй, өв буюу капитал

Системийн шатлал: Дэлхий, Монгол Улс, хувь хүн

Цаг хугацааны шатлал: Хагас жаран, арван жил, эргэлтийн цэг-цаг. Тухайлбал, социализмын улаан хагас жаран, ардчиллын хөх хагас жаран, ирж буй ногоон хагас жаран буюу 1960-2050

Шинжлэх ухааны салбар: Термодинамик, комплекс системийн онол, синергетик, экосистем, нийгэм-экологийн систем, резилиенс онол, тогтвортой хөгжил

МУИС-ийн 80 жил, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн 10 жилийн ойд зориулав.

 

“Монголын нэгэн жаран: Систем судлаачийн бодрол

  • Систем нээлттэй байх нь хөгжлийн зайлшгүй нөхцөл мөн. Монгол Улс социализмын үед хагас нээлттэй байсан бол ардчиллын үед бүрэн нээлттэй болсон.
  • Систем цэгцэрч хөгжихөд хурдасгуур хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи социализмын үеийн хөгжлийн хурдасгуур байсан. Харин ардчиллын үед хувийн хэвшил нэгэн хурдасгах хүчин зүйл болж нэмэгдсэн.
  • Хамтрах, эвсэх нь хувьсал хөгжлийн оньсон түлхүүр. Социализмын үед үзэл санааны эв нэгдэл хөгжлийн хурдасгуур байсан. Харин ардчиллын үед хувийн үзэл санаа илүүтэй дэлгэрлээ. Гэвч бэрхшээлийг даван туулж, сэргэн хөгжих цорын ганц оновчтой арга зам бол эвсэн нэгдэх юм.
  • Монгол Улс бол эдийн засаг, нийгэм, байгаль орчин, соёл, улс төрийн дэд системээс бүрдсэн нээлттэй комплекс систем.
  • Монгол Улсын хөгжилд ардчиллын 30 жилд системийн хувьд хамгийн их эерэг нөлөө үзүүлсэн хүчин зүйлс бол ардчилал, эрх чөлөө, мэдээллийн технологи, олон улсын харилцаа, боловсрол соёл бол Монгол Улсын хөгжлийг ардчиллын 30 жилд системээр нь боомилсон хүчин зүйлс бол авлига хээл хахууль, тэгш бус байдал, ядуурал, газрын доройтол, санхүүгийн алдагдал өр байжээ.

Монгол Улс хөгжлийн чөдөр тушаанаас салж эрүүлжин, хөгжлийн  хурдасгуураа улам бүр төгөлдөржүүлэхийн төлөө эв саналаа нэгтгэвэл сэргэн хөгжих нь дамжиггүй.

 

“Хүмүүн-байгалийн найрсал: Экосистем судлаачийн өнцөг

Нарны аймагт орших Дэлхий хэмээх амьд цэг

Түүний дотор орших Монгол хэмээх амин цэг

Түүний дотор орших хүмүүн хэмээх нэгэн цэг

Дэлхий, Монгол Улс, бэлчээрийн нийгэм-экологийн системийн судалгааныхаа үр дүнг тоймлон түгээхийг зорилоо. Сүүлийн жаранд хүн ам, хүний хэрэглээ огцом хурдатгалтайгаар өсөн нэмэгдсэнээс хүн төрөлхтөн байгаль дэлхийдээ улам их дарамт учруулан, Дэлхийн тогтолцоондоо нөлөөлөх хүчин болсон тул Антропоцен эрин эхэллээ гэж эрдэмтэд үзэх болов. Иймээс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэвшүүлэн хүн зоны Дэлхийд үзүүлэх дарамтыг бууруулахаар чармайж байна.

Хүний хөгжил, эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, Дэлхийн байгаль орчинд үзүүлж буй дарамт гурвыг нэгтгэсэн Тогтвортой хөгжлийн индекс (ТХИ2020)-ийн саналыг дэвшүүлж, улс орнуудыг харьцуулан эрэмбэлсэн дүнг доорх зурагт харууллаа. Тивиин хувьд Европ тэргүүлж, Африк сүүл мушгиж явна. АНУ, Канад, Австрали зэрэг хөгжсөн орнууд Дэлхийд үзүүлэх дарамтаа бууруулж л тогтвортой хөгжлөөр тэргүүлэгч (ногоон өнгөөр харуулсан) орнуудын тоонд орно.  Хүн ам ихтэй Хятад, Энэтхэг зэрэг улсууд дундаас доош эрэмблэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Монгол Улс дундаас доогуур байгаа нь ногоон хөгжлийн зам чухал болохыг харуулж байгаа юм.

монголчуудын нүүдлийн соёл иргэншил хэдэн мянган жилийн туршид хуурай бүс нутгийн цаг агаарын хэлбэлзэлд дасан зохицож, бэлчээр нутгаа оновчтой ашиглах чиглэлээр хөгжсөөр иржээ. Монголын бэлчээрийн нийгэм-экологийн систем нь нарны эрчим хүч ашигладаг, материаллаг бус, хог хаягдал багатай, тогтвортой тогтолцоо юм. Нэг нутаг-усныхан буюу бэлчээрийн нийгэм-экологийн систем бол олон зуун жилийн хувьсал хөгжлийн шалгуур давж төгөлдөршсөн, хүмүүн-байгалийн найрслын монгол загвар мөн.

Иймээс байгаль-соёлын нэгдмэл байдал болох нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйл дээрээ суурилан хөгжихийн тулд нэг нутаг усныханд сэргээгдэх байгалийн нөөцийг цогцоор эзэмшүүлэх замаар Үндсэн Хуулийн 6.2-д оруулсан шинэ өөрчлөлт болох “…төрийн нийтийн өмч” гэсэн заалтыг амьдруулж, хөдөө нутгийг тогтвортой хөгжүүлэх санааг дэвшүүлэв.

 

“Сэргэн хөгжихүй: Бодлого судлаачийн хараа

 Хэрэв 30 жилээр төлөвлөж буй бол хараа сунга

Хэрэв 10 жилээр төлөвлөж буй бол мод тарь

Хэрэв нэг жилээр төлөвлөж буй бол цэцэг тарь

Монгол Улсын “Алсын хараа 2050”, ойрын 10 жилийн ногоон хөгжлийн бодлого, эргэлтийн цаг 2 ирсэн тухай резилиенс сэтгэлгээний өнцгөөс толилууллаа. Хүмүүн-байгалийн системийн тэсэж тогтох хийгээд дасан зохицох чадавх нь тогтвортой ирээдүйг бий болгоход хангалтгүй тул сэргэн хөгжих асуудлыг  онцолсон. “Баялгийн хараал”, “Хөрш орны дагуул” зэрэг үл хүсүүштэй хөгжлийн хувилбарын резилиенсийг бууруулж, “Нордик загвар”, “Азийн чоно” зэрэг хүсүүштэй хөгжлийн замаар чиглүүлж удирдууштай. Уур амьсгалын өөрчлөлтийг хазаарлах дэлхий нийтийн чиг хандлагыг чанд сахин, тогтвортой хөгжил, аз жаргалаар манлайлагч, эрх тэгш нийгмийг цогцлоож буй нордик загвараас суралцах нь зүйтэй байна.

Гладвеллийн tipping point буюу эргэлтийн цэг, цаг хэмээх нийгмийн шугаман бус өөрчлөлтийн санааг хэрэглэв. Монгол бус Дэлхийд тохиосон шугаман бусаар өөрчлөгдөх үйл явдлыг Эргэлтийн Цаг гэж нэрийдсэн. Дэлхийд 2020 оноос цар тахал түгэсэн нь цахим хувьсгалыг түргэтгэлээ. Цар тахал манай улсыг хоёр хөршөөсөө эдийн засгийн хэт хамааралтай, эрсдэлтэй болсныг тод томруун харууллаа. Иймд эдийн засгийн хувьд хөрш орны хараат байдлаас гарах нь үндэсний аюулгүй байдлын гол стратеги болжээ.

Монгол Улс уур амьсгалд эмзэг байдлаа бууруулж, дасан зохицон, хүлэмжийн хийг бууруулах ногоон технологи нэвтрүүлэх чиглэлээр олон улсын хөрөнгө оруулалт татах боломжийг ашиглан байж л байгаль орчноо сэргээн, нийгэм-эдийн засгаа илүүтэй хөгжүүлнэ. Ардчиллын үед өсөж бойжсон, ялангуяа барууны хөгжсөн оронд боловсорсон шинэ үеийнхэн эргэлт, сэргэлтийг манлайлах учиртай. Ийнхүү Дэлхийд төдийгүй манай оронд гарч буй үйл явцыг цэгнэн дүгнэж, Монгол Улсад аливаа эрсдэлд тэсэж үлдэх, даван туулах төдийгүй шинэчлэгдэн сэргэн хөгжих шаардлагатай Эргэлтийн Цаг 2 ирсэн гэж дүгнэлээ.

Монгол Улс аливаа эрсдэлд тэсэж үлдэх, даван туулах төдийгүй сэргэн хөгжих болтугай!

–оОо–

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар