UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 19 дахь цуврал хэлэлцүүлгийг МУИС-ийн эрдмийн өргөөнд амжилттай зохион байгууллаа

Share Button

UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 19 дахь удаагийн цуврал хэлэлцүүлгийг “НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГТ ТУЛГУУРЛАН БЭЛЧЭЭРИЙН ТЭЖЭЭЛИЙН ЗЭРЛЭГ УРГАМЛЫГ ЗҮЙ ЗОХИСТОЙ АШИГЛАХ НЬ” сэдвийн хүрээнд МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль 2022 оны 5 дугаар  сарын 19-ний өдөр МУИС-ийн эрдмийн өргөөнд амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүндэт илтгэгчээр МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор уригдан оролцов.

UB impulse –олон нийтийн хэлэлцүүлэг нь Олон улсын түвшинд төдийгүй дэлхийн түвшинд танигдан хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, судлаачдын мэдлэгийн менежмент, онол практикийн туршлагаас суралцах, тэдэнтэй ярилцлага өрнүүлэх боломжийг нээх зорилгоор ГОУХАН-н IMRI (Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага ) төслийн захирлаар ажиллаж байсан, МУИС-н хүндэт Доктор Штефан Ханселманн-ы санаачлагаар зохион байгуулагдаж байна.

UB IMPULSE 19 цуврал хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ХХААХҮЯ-ны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг газар, “Жайка”-гийн “САТРЕПС” төсөл, Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг судалгааны байгууллагууд, Төв аймгийн Заамар, Цээл, Баян-өнжүүл, Баянчандмань сумын ИТХ, ХХААХҮЯ харьяа Хөдөө аж ахуйн “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүс, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Ирвэс хамгаалах сан зэрэг байгууллагууд, ХААИС,  МУИС-ийн эрдэмтэн багш нар, докторант, магистрантууд оюутнуудын төлөөлөл зэрэг нийт 150 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Хүндэт илтгэгч МУИС-н Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимд профессор Ж.Батхүү нь гадаад, дотоодын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, компани, хувь хүмүүстэй хамтран, Монгол орны өвөрмөц онцлог бүхий биологийн нөөцийн давуу талыг химийн найрлага талаас нь нээн илрүүлэх судалгааны ажлыг хийдэг. Тэрээр Монгол Улсын Засгийн газар, Япон улсын ЖАЙКА байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” сэдэвт САТРЕПС төслийн Монгол талын удирдагчаар ажиллаж байна. Судалгааны ажлын үр дүнгээрээ сүүлийн 5 жилд олон улсын сэтгүүлд 19 өгүүлэл хэвлүүлж, 5 патент авсан.

Проф. Др. Ж.Батхүү хэлэлцүүлгийн илтгэлдээ Монгол Улсын газар зүй, биологийн нөөцийн онцлогийг харгалзан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлын идэмжийн үзүүлэлтэд үндэслэн анагаах ухаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөгжүүлэх судалгааны ажилдаа тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зүй зохистой ашиглахад тулгамдаж буй асуудлуудыг илэрхийлэн, асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах байгууллагуудын оролцоог онцолсон нь хэлэлцүүлгийг улам сонирхолтой, үр бүтээлтэй болгов. Проф. Др. Ж.Батхүү танд эрдэм бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Зохион байгуулагч:

МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар