Сансрын техник технологийг нийгэмд таниулан сурталчлах, оюутан сурагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сансрын технологийг хамтран бүтээж, харилцан суралцах зорилго бүхий “КАНСАТ” (can – лааз, sat – “satellite” буюу хиймэл дагуул гэсэн үгнээс гаралтай бөгөөд лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул гэсэн утгатай) тэмцээн нь энэ жил дараах хоёр төрлөөр явагдан ялагчаа тодрууллаа.
- КАНСАТ: 330мл -ийн ундааны лаазанд багтах хэмжээний жижиг хиймэл дагуул хийж цойлуураар дээш хөөргөн, агаарт буцаж бууж ирэх үед нь мэдээлэл дамжуулан даалгавар гүйцэтгэдэг
- БУЦАГЧ: 1 кг -аас бага хэмжээтэй өөрөө явагч эсвэл нисэгч төхөөрөмж бүтээж агаарын бөмбөлгөөр дээш хөөргөн унах үедээ эсвэл газарт буусан хойноо өгөгдсөн солбицолд хүний оролцоогүйгээр явж ирэх ёстой
Уг тэмцээн нь оноо цуглуулах зарчмаар явагдсан бөгөөд багууд хөгжүүлэлтийн явцад нийт 3-н хэлэлцүүлэгт оролцон 40 оноо цуглуулж, Тэмцээний өдөр буюу 6-р сарын 5-нд даалгавраа гүйцэтгэн, үр дүнгийн хэлэлцүүлгээр 60 оноо цуглуулж нийлбэр оноогоороо өрсөлдсөн юм.
КАНСАТ-2022 тэмцээнд МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн Нано Хиймэл Дагуул Хөгжүүлэлтийн Лабораториос оролцсон NUMSAT баг БУЦАГЧ-ийн төрөлд тэргүүн байр, WERSAT баг мөн төрөлд дэд байруудыг эзэлсэн бахдам амжилт гаргалаа.
Тэмцээнд анх 8 сургуулийн 15 баг бүртгүүлсэнээс
КАНСАТ төрөлд:
1-р байр: HIGH TECH /ШУТИС-ийн МХТС/
2-р байр: NEW SPACE /Шинэ Монгол технологийн коллеж/
3-р байр: АРАВТ /ҮБХИС/
Тусгай байр: МОКО /Монгол Коосен технологийн коллеж /
Шилдэг шийдэл шагнал: ЭРЧ /ШУТИС-ийн МехТС/
БУЦАГЧ төрөлд:
1-р байр: NUMSAT /МУИС-ийн ШУС/
2-р байр: WERSAT /МУИС-ийн ШУС/
3-р байр: АРАВТ /ҮБХИС/
Тусгай байр: HIGH TECH /ШУТИС-ийн МХТС/ багууд тус тус шалгарсан юм.
Тэмцээний хөгжүүлэлтийн явцын хэлэлцүүлгүүд болох “Урьдчилсан загварын хэлэлцүүлэг”, “Шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг” -үүд нь 2022 оны 4 -р сарын 23 болон 5-р сарын 14 -нд МУИС-ийн номын сангийн хурлын танхимд болсон ба Нисэх бэлэн байдлын хэлэлцүүлэг нь 6-р сарын 3-нд ШУА-ын ООГФХ, Астропарк дээр явагдаж, тэмцээний үндсэн үйл ажиллагаа нь 6-р сарын 5-нд Налайхын Дархан ноёны худаг хэмээх газар зохион байгуулагдсан юм.
Монгол Улсад сансрын техник технологийг хөгжүүлэх, үндэсний боловсон хүчнийг сурган бэлтгэх, оюутан сурагчид, инженер судлаачид болон цаашлаад олон нийтэд шинжлэх ухааныг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдол бүхий энэ тэмцээнийг ЦХХХЯ, ШУЯ, МУИС, ШУТИС, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ, Спэйс Академи зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж Монголсат Нетворкс компани ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан байна.
NUMSAT багийн Буцагч даалгавраа гүйцэтгэхээр шүхрээс салсан байдал