Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хичээлийн шинэ байрны бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд оролцлоо

Share Button

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хичээлийн шинэ байрны бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслол өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, ХЗС-ийн захирал Б.Амарсанаа болон тус сургуулийн эрдэмтэн багш, ажилтан, оюутан, төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.

МУИС-ийн ХЗС-ийн шинэ байрны бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолыг нээж ХЗС-ийн захирал Б.Амарсанаа Монгол Улсын Ерөнхийлөгч ХЗС-ийн барилгын их бүтээн байгуулалтад санал санаачилга гарган манлайлан оролцож байгааг онцлон тэмдэглээд, Монголын хуульчдын эрдмийн өлгий, хууль зүйн боловсролын ууган гал голомт, оюуны өргөө болсон тус сургуулийн ирээдүйн хөгжил цэцэглэлт, олон улсад нэр хүндтэй хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын төв болгон бэхжүүлэхэд томоохон түлхэц болж, улмаар манай эрдмийн хамт олны урам зоригийг сэргээн хөгжүүлж байгаа онцгой үйл явдал болж буйг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийгмийг эрх зүйн боловсролоор соён гэгээрүүлэх, иргэдээ ёс зүйтэй, хүний эрхийн мэдрэмжтэй, хуулиа дээдэлж, сахин биелүүлдэг болгон төлөвшүүлэхэд эрдэмтэн багш нарын үүрэг, манлайлал чухал гэдгийг тэмдэглэн хэлээд Монгол Төрийн тэргүүн, Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэхүү бүтээн байгуулалтын ажилд онцгойлон анхаарал хандуулна гэдгээ илэрхийлэв.

МУИС-ийн ХЗС-ийн барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолын нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ хууль засагладаг, хууль дээдэлдэг нийгмийг байгуулахад МУИС-ийн ХЗС-ийг төгсөн гарсан үе, үеийн боловсон хүчнүүд маш чухал үүрэг гүйцэтгэсэн, одоо ч гүйцэтгэж байгаа, цаашид гүйцэтгэх үндэс суурь нь энэхүү бүтээн байгуулалтын ажил юм гээд бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд хүрэлцэн ирсэн зочдод амжилт хүслээ.

МУИС-ийн ХЗС-ийн хичээлийн байрны бүтээн байгуулалт нь нийт 15.000 орчим хавтгай дөрвөлжин метр талбай бүхий барилга, байгаль орчинд ээлтэй, орчин тойрондоо үзэмж төгөлдөр зүлэг ногоо бүхий бяцхан төгөлтэй байх бөгөөд хоёр үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар