БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Сэбастиен Сүрүн тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д айлчилж Захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Бадарчтай уулзлаа. Уулзалтад МУИС-ийн талаас Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Бадамдаш, ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн эрхлэгч Др.Н.Мөнх, проф.Др.Б.Алтангүл, ХАХ-ийн мэргэжилтэн Т.Сая-Эрдэнэ, ЭСЯ-ны Тэргүүн зөвлөх Жульен Пауперт /Julien Paupert/, Кампус Франц байгууллагын төлөөлөгч Б.Цэцэгбаяр, Элчин сайдын нарийн бичгийн дарга Ж.Насанжаргал нар оролцов.
МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Бадарч МУИС-ийн 80 жилийн ой тохиож буй үед, 2023 онд тохиох Монгол Улсад франц хэлний боловсрол олгож эхэлсний 60 жилийн ойн өмнө Элчин сайдыг хүрэлцэн ирсэнд нь талархаж буйгаа илэрхийллээ.
Элчин сайд Сэбастиен Сүрүн шинэ албанд дөнгөж томилогдоод байгаа ч өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Бадарчид талархаад МУИС-ийн 80 жилийн ойн баяр хүргэв. Ази болон Европ тивийн түүхийн хар бараан жилүүд байсан ч 1942 онд зориг гарган их сургууль байгуулсан нь бахархам зүйл. Улс орнуудын хоорондын харилцаа төвөгтэй байгаа өнөө үед ч манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам хөгжинө гэдэгт итгэж байна. Энэ харилцаа нь зөвхөн хэл, соёлын судалгааны салбарт бус хууль, эрхзүй гэх мэт бусад салбаруудад ч цаашид хөгжих шаардлагатай байна. Зарим салбаруудад хамтын ажиллагаа амжилттай явагдаж байна. Тухайлбал, Бордогийн их сургуульд биологийн чиглэлээр монгол судлаач “One Health” төслийн хүрээнд франц эрдэмтэдтэй хамтран амьтнаас амьтанд, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний талаар судалгаа хийж байна.
Үүнээс гадна МУИС-ийн оюутнууд Франц улсад зэргийн сургалтад хамрагдах талаар хамтран ажиллах хэрэгцээ шаардлага бий. Энэ зорилгоор энэ уулзалтын дараа МУИС-ийн франц хэл сурч буй оюутнуудтай уулзахдаа мэдээлэл өгөх зорилгоор “Кампус-Монгол” байгууллагын төлөөлөгчтэй хамт ирснээ илэрхийлсэн юм.
МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Бадарч Монголын дээд боловсролын байгууллагууд, оюутнуудын боловсролын чанарыг хэрхэн сайжруулах, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Алсын хараа-2050 стратеги, Шинэ сэргэлтийн бодлоготой МУИС-ийн 2016 онд гаргасан стратегийн төлөвлөгөөг хэрхэн уялдуулах, улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд манай сургууль сургалт, судалгааны түвшинд ямар хувь нэмэр оруулах талаар төлөвлөгөөг шинээр гаргаж ажиллах талаар, Франц улстай урьд өмнө хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаанд тулгуурлан зорилтондоо хүрэх, оюутан төвтэй сургууль болон хөгжих, оюутнуудын сургалт, төгссөний дараах ажлын байр, амьдралын баталгаа болсон боловсрол, мэргэжил эзэмшүүлэхэд Франц болон бусад орны дэлхийд тэргүүлэх боловсролын байгууллагуудын туршлагаас судлах шаардлагатай байгаа талаар дурдав.
2023 онд Франц Улсын Нант хотын музейд Чингис хааны тухай том үзэсгэлэн гаргахаар бэлдэж байна. Европын бусад улсуудад үргэлжлэх энэ үзэсгэлэн нь Монгол Улсыг шинээр харах том цонх болох байх гэж бодож байна. Мөн 2024 оны Олимп Парис хотод болно. Энэ хоёр том арга хэмжээ нь франц хэл, соёлыг сонирхон судлах оюутан, хүмүүсийн тоог нэмэгдүүлэх, Францын талаарх мэдлэгээ дээшлүүлэх боломж гэж харж байгаагаа Элчин сайд илэрхийлэв. Мөн Чингис хааны талаар судалгаа хийдэг Францын монгол судлаач Мари Фавро удахгүй ирэх гэж байгаа, энэ үеэр хамтарч арга хэмжээ зохион байгуулж болох санал илэрхийллээ.
МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Бадарч Элчин сайдын дурдсаныг чухал үйл явдал мөн болохтой санал нийлж буйгаа илэрхийлээд МУИС нь энэ арга хэмжээнд өөрийн боломжит чиглэлээр оролцох болно гээд Монгол Улсын түүхийн талаар ном бүтээл ЮНЕСКО-той хамтран бичих талаар хэлэлцэж буй талаар хэлэв.
Уулзалтын дараа БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Сэбастиен Сүрүн тэргүүтэй төлөөлөгчид МУИС дахь Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төвтэй танилцаж, франц хэл судалж буй оюутнуудтай уулзаж Франц Улсын их дээд сургуулиуд болон магистр, докторын сургалтанд хэрхэн хамрагдах боломжийн талаар мэдээлэл өгсөн юм.
Хамтын ажиллагааны хэлтэс