МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим, Төрийн Албаны Зөвлөл болон Шпайерын Төрийн Захиргаа Удирдлагын институт болон Монгол дах Конрад Аденаурын сан хамтран зохион байгуулж буй “VUCA ОРЧИН – 21-Р ЗУУНЫ ХУВЬСАМТГАЙ, ТОДОРХОЙГҮЙ, ТӨВӨГТЭЙ, ЭРГЭЛЗЭЭТЭЙ ҮЕИЙН ТӨРИЙН УДИРДЛАГА” сэдэвт олон улсын хурал 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү олон улсын хурлыг Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн Нийтийн Удирдлагын тэнхим уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн хурлын ерөнхий санхүүжүүлэгчээр Монгол дах Конрад Аденаурын сан ажиллалаа. Танай хамт олонд талархал илэрхийлье.
Тус хурлыг МУИС – ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимийн Проф. Др. Н.Бурмаа, Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлийн орон тооны гишүүн Др. С.Цэдэндамба, Монгол дах Конрад Аденаурын Сангийн төслийн ерөнхий зохицуулагч С.Ганзаяа нар нээж үг хэллээ.
“VUCA орчин – 21-р зууны хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй үеийн төрийн удирдлага” сэдэвт олон улсын хурлын үндсэн илтгэгчээр Германы Шпайерын Төрийн захиргаа Удирдлагын институтын захирал Проф. Др. Ян Цыковын “VUCA орчин дах Төрийн Удирдлага – Шилжин өөрчлөгдөх чадвар, шилжин өөрчлөлт, дасан зохицолт?” сэдвээр илтгэл тавьсан нь хуралд оролцогчдын анхаарлыг маш их татлаа.
Уг хуралд:
- МУИС-ийн хүндэт доктор Проф. Др. Др. Ян Цыков, ХБНГУ-ын Шпайерийн төрийн захиргаа судлалын институтын захирал, “VUCA орчин дах Төрийн Удирдлага – Шилжин өөрчлөгдөх чадвар, шилжин өөрчлөлт, дасан зохицолт?”
- МУИС-ийн хүндэт доктор Проф. Др. Др. Жон Даффи, АНУ-ын Анкорэж дах Аляскийн Их Сургуулийн Бизнес, Нийтийн бодлогын сургуулийн профессор, “Төрийн удирдлагын эерэг үр дүнд чиглэсэн зохицуулалтын системийг VUCA орчинд оновчтой удирдах нь”
- Др. Викеа Тан, Нийтийн Удирдлагын Сургууль, Минчэ Их Сургууль, Бати Минчэ Аймаг, Камбожийн Хаант Улс
- Др. Санган Чой, БНСУ-ын Төрийн Удирдлагын Институтын Захирал, “БНСУ-д төр, хувийн хэвшил, иргэдийн түншлэлээр “ухаалаг хот”-ыг бий болгох нь: Шилдэг туршлага ба сургамж”
- Проф. Др. Чён Гэн Чой, БНСУ-ын Хансун Их Сургуулийн Төрийн Удирдлагын Ахисан Түвшний Сургуулийн Захирал, “Хиймэл оюун ухаан ба Манлайлал”
- Проф. Др. Н. Бурмаа, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн профессор, “VUCA – Төрийн бодлого: Монгол Улсын жишээн дээр” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Энэхүү олон улсын хурал нь VUCA ба Манлайлал, VUCA ба Орон нутгийн удирдлага, VUCA ба Төрийн бодлого гэсэн 3 салбар хуралдаануудаас бүрдсэн. Хурлын оролцогчид өөрт сонирхолтой салбар хуралдаануудыг сонгож оролцох боломжтой байснаараа онцлогтой.
“VUCA орчин – 21-р зууны хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй үеийн төрийн удирдлага” сэдэвт олон улсын хуралд их дээд сургуулийн эрдэмтэн профессор, багш нар, төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид, ахисан түвшний суралцагч, судлаач 150 гаруй оролцогчид оролцлоо.
Нийтийн удирдлагын салбар дах олон улсын эрдэмтэд, судлаачид, экспертүүд “VUCA орчин – 21-р зууны хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй үеийн төрийн удирдлагын тулгамдаж буй асуудлууд болон шийдлүүдийг хэлэлцэж нийтийн удирдлагын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Нийтийн Удирдлагын тэнхим
Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль
Монгол Улсын Их Сургууль