Монгол Улсын Их Сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих үйлчилгээгээ өргөжүүлж, суралцах орчныг хүртээмжтэй болгох олон улсын их сургуулиудын үйлчилгээ (“University’s Services for Students with Disabilities”)-ний жишигт хүргэхээр зорин ажиллаж байна. Уг үйлчилгээний гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бусдын адил ижил төвшинд мэдлэг боловсрол эзэмших, тухайн орчинд суралцахад тулгарч буй аливаа саад бэрхшээлийг арилгаж хүртээмжтэй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бүрийн онцлог хэрэгцээг урьдчилан тодорхойлж тэдэнд тохируулсан хүртээмжтэй технологийн шийдлээр хангагдсан сургалтын орчин бүрдүүлэхэд оршдог.
Оюутан, төгсөгчийн хэлтсээс тус үйлчилгээг Монгол Улсын Их Сургуулийн хэмжээнд үе шаттай хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Их Сургуулийн хэмжээнд веб сайтын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулан “Web Content Accessibility Guidelines (WCAG)” стандартыг мөрдлөг болгож Оюутан, төгсөгчийн хэлтсийн цахим хуудасны /stundent.num.edu.mn/ загварыг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ойлгомжтой болгон шинэчлэв. Үүний үр дүнд харааны бэрхшээлтэй суралцагч өөрт байгаа дэлгэц уншигч программ, ярьдаг программ, цахим брайл төхөөрөмж зэрэг туслагч технологийн шийдлүүд (“assistive technology”)-ийг ашиглан цахим хуудаснаас мэдээлэл сонсох, брайлаар уншиж бичих, цахим хичээлийн хөтөлбөрт хамрагдан онлайнаар суралцах, хүртээмжтэй хэлбэрийн сурах бичгээр хангагдах зэрэг сургалтын таатай орчин нөхцөлийг хүртээмжтэй байдлаар бүрдүүлж эхэлж байна.
Харааны бэрхшээлтэй суралцагчийн ашигладаг
Туслагч технологийн шийдлүүд (“assistive technology”)
Цаашид Монгол Улсын Их Сургуулийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээнд тохирсон дэвшилтэд технологийн хүртээмжтэй шийдлүүдийг сургалтын орчинд нэвтрүүлж, суралцах ээлтэй нөхцөлийг уян хатан боловсронгуй болгох олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС