МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Бадарч АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Л.Буанганг хүлээн авч уулзлаа. Тэрээр ноён элчин сайдыг шинээр томилогдсон даруйдаа Монголын их дээд сургуулийн оюутан залууст зориулсан “Америкт Суралцацгаая” хөтөлбөр сурталчлах аяныг МУИС-аас эхлүүлж, МУИС-д зочлон ирж буйд талархал илэрхийлээд хоёр улсын дээд боловсролын байгууллагууд, тэр дундаа АНУ-ын их дээд сургуулиуд болон МУИС хоорондын хамтын ажиллагааны талаар танилцуулав.
Захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Бадарч танилцуулгадаа МУИС, АНУ-ын 30-аад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажилагааны гэрээ, санамж бичиг байгуулан ажиллаж ирснээс өнөөгийн байдлаар Аляскын Их Сургууль, Вашингтоны их сургууль, Индиана их сургууль, Колорадо мужийн их сургууль, Миссиссиппи мужийн их сургууль, Пенсилвань мужийн их сургууль, Колорадо Денверийн их сургууль, Нью мексикогийн их сургууль, Пюрдүэ их сургууль гэсэн 9 их сургуультай хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурьдаад АНУ-ын их, дээд сургуулиудтай Монгол судлал, түүх, нийгэм, байгалийн ухаан, нийтийн удирдлага, тогтвортой хөгжлийн чиглэлүүдэд багш, судлаачид идэвхтэй хамтран ажиллаж буй ажлуудаас иш татан танилцуулав.
Ноён Элчин сайд хариу үгэндээ цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд элчин сайдын хувьд ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдлэн, дээд боловсролын байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа, багш, судлаач, оюутан солилцооны хөтөлбөрийг дэмжих чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлээд МУИС-ийн захирлаас Элчин сайдад санал болгосон олон улсын харилцаа, нийтийн удирдлага, манлайллын сэдвээр багш, судлаач, оюутан залууст зориулан лекц унших урилгыг талархан хүлээн авч байна гэлээ.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын их дээд сургууль хоорондын хамтын ажиллагаа, багш, судлаач хоорондын хамтарсан судалгаа, шинжилгээ хийх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн АНУ-ын төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүд, Фулбрайт болон бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд судлаач, багш нарыг хамруулах чиглэлд хамтрах ажиллах МУИС-ийн удирдлагаас тавьсан санал санаачилгуудыг дэмжин ажиллахаа дахин илэрхийллээ.
Зочны товч танилцуулга: АНУ-аас Монгол Улсад суухаар томилогдсон Элчин сайд Ричард Буанган 1999 оноос АНУ-ын Төрийн департаментад ажиллаж байсан бөгөөд Гадаад харилцааны албаны олон нийтийн дипломат ажиллагааны чиглэлээр мэргэшсэн дипломатч юм.
Ричард гадаад томилолтоор Иерусалем дахь Ерөнхий консулын газарт Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Бээжин дэх Элчин сайдын яаманд Хэвлэлийн атташе, Парис болон Абиджан хотуудад дипломат ажилтнаар ажиллаж байжээ. Тэрээр Монголд ирэхээсээ өмнө Төрийн департаментын Дэлхий дахины олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогчийн үүрэг гүйцэтгэгч, түүнээс өмнө Зүүн Ази, Номхон далайн хэрэг эрхлэх товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч, мөн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Гүйцэтгэх туслахаар ажиллаж байв. Түүнээс гадна Дэлхий дахины олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Олон улсын хэвлэл мэдээллийн газрын захирал, Цахим харилцааны албаны захирал зэрэг бусад албан тушаалууд хашиж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын ажлын албанд ажилласан туршлагатай дипломатч бөгөөд Калифорни мужийн Сан Диего хотод төрж өсөөд Техас мужийн Остин хотын Сэйнт Эдвардын их сургуулиас Улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн бакалаврын зэрэг хүртжээ.
МУИС болон АНУ-ын их дээд сургуулиудын хамтын ажиллагааны талаар:
АНУ-ын их, дээд сургуулиудтай Монгол судлал, түүх, нийгэм, байгалийн ухаан, нийтийн удирдлага, тогтвортой хөгжлийн чиглэлүүдэд багш, судлаачид голлон идэвхтэй хамтран ажилладаг.
Байгалийн ухааны чиглэлээр: Дрексэл их сургуулийн Байгалийн шинжлэх ухааны академитай – Монгол улсын нуур, мөрөн, гол усны болон усны ан амьтдын судалгаа хийх тал дээр 15 жил хамтран ажилласан, Денверийн их сургуультай-ШУС-ийн БУС-ын Биологийн тэнхимийн профессорууд Азотын Сүлжээний хамтарсан судалгаа хийж байгаа, Канзасын их сургуультай- экологийн хамтарсан судалгаа явуулан МУИС-ийн биологийн салбарын 5 оюутан төслийн санхүүжилттэйгээр 2018 онд 6 сарын хугацаатайгаар хээрийн дадлагад хамрагдсан.
Тогтвортой хөгжлийн чиглэлээр: Массачусэтсийн технологийн их сургуультай- хот төлөвлөлтийн чиглэлээр сургалт явуулж залуу багш, судлаачийг хамруулан ажилласан бөгөөд энэ чиглэлээр 2017.04.25-29-ний өдрүүдэд “Хот төлөвлөлтийн семинар”-т оролцсон. Денверийн их сургуультай- Тус сургуулийн Уул уурхайн сургуулийн Проф. Карол Даль 2012 оны 2 дугаар сарын 16-нд МУИС-ийн багш, оюутнуудад “Sustaining Mongolia’s Energy Future” сэдвээр лекц тавьсан. “Улаанбаатар-Денвер эгч дүү хот хороо”-ны даргаар ажиллаж байгаа ноён Жим Вагенландер болон МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун нар нь 20 гаруй монгол оюутанг КИС-д магистр, долоон оюутан докторын зэрэг хамгаалж, олон арван судлаачид хамтран ажилласан сүүлийн 30 жилийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн. 2020 оны хоёр сургууль хооронд сургалт, судалгаа, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Нийгмийн ухаан, Монгол судлалын чиглэлээр: Станфордын их сургуультай- 2014 оны 3 сарын 17-21-ний өдрүүдэд тус сургуулийн Боловсролын бодлогод дүн шинжилгээ хийх газраас зохион байгуулсан гадны сургалт, хамтын түншлэлийг хөгжүүлэх аянд МУИС-ийн 11 төлөөлөгч оролцсон. Мөн тус сургуулийн Зөвлөлдөх ардчилалын төвтэй Улс төр судлалын тэнхим идэвхтэй хамтран ажилладаг. Ютагийн их сургуультай- 2019 онд “Нийгмийн ажил-нийгэм, соёлын олон талт хүчин зүйлсийн уялдаа холбоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулсан, Жонс Хопкинсийн их сургуультай- Тус сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнтэй МУИС-ийн ОУХНУС хамтын ажиллагаатай бөгөөд 2014, 2015 онуудад хамтарсан сургалт, семинар зохион байгуулсан.
Монгол судлалын чиглэлээр Баруун Вашингтоны их сургууль болон Индианагийн их сургуультай идэвхтэй хамтран ажилладаг. Баруун Вашингтоны их сургуульд МУИС-ийн 3 багш урт, богино хугацаагаар бүрэн тэтгэлэгтэй ажилласан. 2016 оноос эхлэн манай сургуулиас Монгол хэлний нэг багш сонгон шалгаруулалтаар тус сургуульд 3 сарын хугацаатай очиж Монгол хэл зааж эхэлсэн.
Индианагийн их сургуультай- 2003 оноос эхлэн Монгол судлалын чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаа. 2019 онд Пенсильванийн их сургуулийн профессор болсон доктор К.Этвүүдэд МУИС-ийн “Хүндэт доктор” цол олгосон. МУИС-ийн “Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг”-т шалгарсан Индианагийн их сургуулийн Төв Европ-Азийн судлалын тэнхимийн докторант Шим Хосон “Ойрадын язгууртны гэрийн үеийн бичиг ба үүсэл гарлын домгийн тухай: Хэрхэн түүхийн сурвалж болгон ойлгож ашиглах вэ?“ сэдэвт семинарийг 2017.01.10-нд МУИС-д уншсан.
Аляскийн Анкорэжийн их сургуультай- Тус сургуулийн профессор Жон Даффи МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимтэй олон жил хамтран, зочин профессороор ажиллаж байгаа бөгөөд түүнийг ОУХНУС-ийн “Хүндэт доктор”-оор өргөмжилж, Монгол Улсын Ерөнхийлөгч “Найрамдал” медалиар шагнасан.
Мөн МУИС-ийн сургалт, судалгааг дэмжих зорилгоор Азийн сан, Америкийн Монгол судлалын төв, Зэрлэг байгаль хамгааллын нийгэмлэг, Монголын дээд боловсролын сан, Торгоны зам сан, Цасны ирвэс хамгаалах сан зэрэг сан, мэргэжлийн нийгэмлэг, холбоодтой идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.
АНУ-аас Монголд суугаа Элчин сайдууд МУИС-д олон удаа зочилж, багш, оюутнуудад илтгэл, лекц тавьж, МУИС-ийн удирдлагуудтай уулзаж ирсэн. Хамгийн сүүлд онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Майкл С. Клечески 2022 оны 9 дүгээр сарын 19-нд МУИС-ийн ОУХНУС-ийн хүндэт доктор болсон.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган МУИС-ийн Номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй соёл, боловсролын хөтөлбөрүүдийг танилцуулах үйл ажиллагааг нээв.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС