БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Сэбастиен Сүрүн тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д зочиллоо

Share Button

БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Сэбастиен Сүрүн тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр МУИС-д дахин айлчилж МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Бадарчтай уулзлаа. Уулзалтад МУИС-ийн талаас Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга С.Должин, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Бадамдаш, ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн эрхлэгч Др.Н.Мөнх, проф.Др.Б.Алтангүл, Түүхийн тэнхимийн проф. Др. П.Дэлгэржаргал, ХАХ-ийн мэргэжилтэн Т.Сая-Эрдэнэ, ЭСЯ-ны талаас Тэргүүн зөвлөх Жульен Пауперт /Julien Paupert/, Парисын Нантэрийн их сургуулийн профессор, Монгол судлаач Др.Мари Фаврө /Dr. Marie Favereau/, ЭСЯ-ны Соёл, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Т.Төрням нар оролцлоо. 

Элчин сайд Сэбастиен Сүрүн хүлээж авсанд талархал илэрхийлж өмнөх уулзалтаар дурдаж байсан Монгол судлаач Др.Мари Фаврө-гийн хамт ирсэн талаар дурдаж танилцуулав. Др.Мари Фаврө нь ирэх жил Франц Улсад болох Чингис хааны үзэсгэлэнгийн эрдэм шинжилгээний удирдагчаар ажиллаж байгаа юм.  

Захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Бадарч XIII-XVI зууны үеийн монголчуудын талаарх дэлхий дахины ойлголтыг өөрчилж, сүүлд гаргасан “Horde” бүтээлээр танигдсан Др.Мари Фаврө-тай танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлээд манай сургуулийн түүхийн багш судлаачид сүүлийн үед Монголын түүхийн “Эртний Монголын түүх” 5 боть бүтээл, “Эзэнт гүрний түүх” болон таны судалгаа хийдэг Монголын XV-XVI зууны үеийн тухай бүтээлүүд гаргасан бөгөөд таны судалгааны ажилд манай багш нар дэмжлэг үзүүлэн, санал солилцон хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. 

Элчин сайдын санал болгосноор Др.Мари Фаврө хүлээж авсанд талархаад, ирэх онд зохион байгуулах Чингис хааны тухай үзэсгэлэн нь тухайн үеийн Монголын эзэнт гүрний талаарх монгол, францын судлаачдын хамтын ажиллагааны чухал үйл явдал болох юм. Францын оюутнууд Монголын талаар, түүхийн талаар маш бага мэдлэгтэй бөгөөд манай сургуулийн түүхийн салбарын магистрын оюутнууд нь Монгол Улсад ирж хамтарсан судалгааны ажил хийх сонирхолтой байна. Ирэх жил болох үзэсгэлэнд мөн оролцох ба үүний дараа судалгаа, үзэсгэлэнгийн талаар эмхтгэл гаргана. Өөрийн сургуулиас гэрээний загвар явуулж санал солилцон их сургууль хооронд гэрээ байгуулах хүсэлтээ илэрхийлэв. 

Проф. Др. П.Дэлгэржаргал Др.Мари Фаврөг хүрэлцэн ирсэнд талархаад Франц Улсад монгол судлал их хөгжсөн, судалгааны бүтээлүүд их бий бөгөөд бидний хувьд Францын монгол судлалаас суралцах сонирхол их боловч франц хэлтэй судлаачид бараг үгүй байна. Тийм учир дээр дурдсан хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл их байна. Монголын түүхийн талаарх судалгааны бүтээлүүдийг хоёр хэл рүү орчуулах хүсэлтэй байгаа бөгөөд манай франц судлалын багш нар энэ ажлыг хийгээд эхэлсэнд баяртай байна. Бид 2019 онд “Эзэнт гүрний түүх” нэртэй 5 боть бүтээл хэвлүүлсэн. Манай тэнхим хамтын ажиллагааны саналыг хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. 

Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга С.Должин МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас авсан саналын дагуу Францын дээд боловсролын болон судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаа чиглэлүүдийн талаар танилцуулав. Үүнд:  

  • Хамтарсан судалгаа түүний үр дүнг олон улсын сэтгүүлд хэвлүүлэх, олон улсын хувийн эрх зүй ялангуяа, олон улсын худалдаа, олон улсын арбитр, олон улсын тээвэрлэлтйн чиглэлээр холбогдох хуулийн сургууль, хүрээлэн, төвтэй хамтарч ажиллах, цахим номын сангуудтай холбоо тогтоож, туршлага солилцох, Францын их сургуулиудын хамтран бий болгож буй онлайн сургалт явуулах fun-mooc.fr платформын талаар туршлага судалж, МУИС-д хэрэгжүүлэх, Франц улсын олон улсын харилцаа болон нийтийн удирдлагын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа хийдэг дээд боловсролын байгууллага, институтуудтэй хамтран ажиллах, хүнсээр дамжих Бичил биетний тэсвэржилтийн судалгаа, Пробиотик сүүн хүчлийн бактерийн хүний эрүүл мэндэд нөлөөлөх механизмын судалгаа, Монголын уламжлалт эсгэлэн сүүн бүтээгдэхүүний хөрөнгөний микроорганизмын бүрдэл, биологийн идэвхт шинж чанарын судалгаа зэрэг биологийн судалгаа хамтран хийх ЭШ, судалгааны байгууллага, дээд боловсролын байгууллагуудтай холбоо тогтоох, 2022-2023 оны хичээлийн жилээс Философи, шашин судлалын тэнхим философийн улсын олимпиадыг зохион байгуулахад БНФУ-ын ЭСЯ-наас үзүүлж буй санхүүгийн дэмжлэг болон энэхүү хамтын ажиллагааг цаашид өрнүүлэх, улмаар хүмүүнлэгийн ухаан, түүний дотор философийн судалгааны ба орчуулгын төслүүдийг ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлэх, МУИС болон Франц улсын Мишле сургууль хооронд байгуулсан санамж бичигт заасан МУИС-ийн Байгаль-Эх лицей ахлах сургуулиас жил бүр 2 хүүхэд Мишле сургуульд сургах үйл ажиллагаанд ЭСЯ-ны зүгээс боломжит дэмжлэг үзүүлэх зэрэг саналууд байв.  

Мөн Др.Мари Фаврө-той Монголын түүхийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны бүтээлүүдийг МУИС-ийн оюутнууд, олон нийтэд таниулах, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, лекц семинар зохион байгуулах боломжийн талаар санал солилцох, эдгээр санал дээр нэмж Захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Бадарч МУИС-ийн давуу тал нь байгалийн шинжлэх ухааны суурь өндөр, үүний дагуу лаборатор илүү хөгжсөн. Залуу судлаачид маш том судалгааны ажлууд хийж байна. Тийм учир энэ чиглэлээр Францын судалгааны байгууллагууд, их сургуулиуд, судлаачидтай хамтран ажиллах боломж их байгаа талаар дурдав. 

Францын ЭСЯ нь МУИС-ийн философийн тэнхимтэй хамтран Философийн улсын олимпиад зохион байгуулж байгаа бөгөөд үүнээс гадна шинжлэх ухааны чиглэлээр боловсрол олгож буй хамгийн том сургууль болохын хувьд цөмийн энерги, уран олборлолтын талаар физикийн тэнхимтэй хамтран ажиллаж байгаа юм.

Европ судлалын тэнхимийн эрхлэгч Др.Н.Мөнх, проф.Др.Б.Алтангул нар 2023 онд Монгол Улсад франц хэлний боловсрол олгож эхэлсэний 60 жилийн ой тохиож буйг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ба францын судлаачид оролцох талаар мэдээлэв. Элчин сайд Сэбастиен Сүрүн энэ үйл ажиллагаанд ЭСЯ-ны зүгээс ямар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар ярилцаж байгаад хариу мэдэгдэхээ хэллээ. 

Хамтын ажиллагааны хэлтэс 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар