МУИС-ийн Археологийн судалгааны төв Европын судалгааны төвийн “Морины хүч” төсөлд оролцогчоор ажиллана

Share Button

Европын холбооны Европын судалгааны төвийн (ERC) Хамтын чармайлт (Synergy) хөтөлбөрийн 2023 оны шалгаруулалтад «Морины хүч (HorsePower)» төсөл амжилттай оролцож 10,4 сая еврогийн санхүүжилт авахаар болжээ. Энэ хамтарсан төсөлд Их Британы Оксфордын их сургууль, Британы музей, Германы Бонны их сургууль, Францын Тулузийн их сургууль-Шинжлэх ухааны судалгааны үндэсний төв (CNRS) үндсэн гүйцэтгэгчээр ажиллах юм. Төслийн Монголын талын үндсэн хамтрагчаар МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал, доктор Ц.Төрбат ажиллах бөгөөд 5 жилийн хугацаанд томоохон хэмжээний малтлагуудыг удирдан явуулна.

Төслийн зорилго бол 2023-2028 онд нийт 6 жилийн хугацаанд Тал нутгийн эртний морины удамшил зүй ба археологийн судалгааг хийж хөрш бүс нутгийн адуутай харьцуулан судлах, төмөрлөг эдлэлийн гарал ба бүтцийн судалгааг хийх, хил дамнасан адуу ба хүрлийн худалдааны мөн чанарыг тодруулах юм. Хятадын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Цин Шихуандийн онгоны адууг Монголын хүрэл, төмрийн үеийн адуутай удамшил зүйн хувьд харьцуулан судалж гарал үүслийн холбоог нь тогтоох эхний зорилтыг төслийн судалгааны баг тавиад байна.

Төслийн хүрээнд МУИС-ийн багш ажилтнууд болон оюутан суралцагчид археологийн малтлагуудыг гардан хийх төдийгүй пост-докторантаар ажиллах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, эрдэм шинжилгээний хурал, баримтат кинонд оролцох зэрэг олон хэлбэрээр идэвхтэй ажиллах болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар