МУИС-ийн ХЗС-ийн баг Олон улсын арбитр, бизнес хэлэлцээний тэмцээнд тэргүүн байр эзэллээ

Share Button

2002 оноос хойш жил бүр олон улсын түвшинд зохион байгуулагдаж буй “Олон улсын арбитр, бизнес хэлэлцээний тэмцээн” (Intercollegiate Negotiation Competition) 21 дэх удаагаа 2022 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээнд Япон Улсын их, дээд сургуулиудаас гадна Сингапурын үндэсний их сургууль (National University of Singapore), Голланд Улсын Тилбургийн их сургууль (Tilburg University), (Beijing Normal University), Индонезийн их сургууль (University of Indonesia), БНСУ-ын Солбридж олон улсын бизнесийн их сургууль (Solbridge International School of Business), Австрали улсын үндэсний шигшээ баг, Монгол Улсын Их Сургууль зэрэг нийт 8 улсын 44 баг оролцон англи болон япон хэлээр өрсөлдсөн юм.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг уг тэмцээнд 2017 оноос хойш 6 дахь жилдээ амжилттай оролцож, 2018 онд шагналт 7 дугаар байр, 2019 онд 8 дугаар байр тус тус эзэлж, 2020 онд япон хэлний хэлэлцээний төрөлд тэргүүн байр эзлэн “Япон хэл дээрх шилдэг хэлэлцээ” цомын эзэн болсон бол энэ жил англи хэлний арбитрын төрөлд тэргүүн байр эзлэн “Англи хэл дээрх шилдэг арбитр” (Best English Arbitration Award) цомын эзэн боллоо. Тодруулбал, англи хэл дээр оролцсон баг арбитрын шатанд хамгийн өндөр оноо авсан багаар шалгарч тэмцээний 5 гол шагналын нэг болох Мэргэшсэн Арбитрчдын Институтийн нэрэмжит “Chartered Institute of Arbitrators (CIArb) Award for the Best Arbitration” шагналыг хүртлээ.

Мэргэшсэн Арбитрчдын Институтийн нэрэмжит “Англи хэл дээрх шилдэг арбитр” цом, өргөмжлөл

“Chartered Institute of Arbitrators (CIArb) Award for the Best Arbitration”

Тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төлөөлөн эрх зүйн 5 дугаар түвшний оюутан Т.Лхагважаргал, Ү.Нандин, Ө.Намуунбаяр, Ч.Номин-эрдэнэ, У.Наранбуян; 4 дүгээр түвшний оюутан Б.Хүслэн, О.Буян-Ундрах, М.Халиунаа нар оролцов.

Оюутнуудын дасгалжуулагч багшаар МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Б.Нинжин, багш Д.Ганхүрэл, Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн эрх зүйн мэргэжилтэн багш Накамура Ёшитака, зөвлөхөөр МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү, Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Г.Давааням, УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг нар ажиллав.

МУИС-ийн ХЗС-ийн багийн авсан оноо

“Олон улсын арбитр, бизнес хэлэлцээний тэмцээн” нь арилжааны чиглэлээр арбитрын хуралдаанд маргааны талуудыг төлөөлөх болон үр ашигтай хэлцэл хийхэд олон улсад өрсөлдөхүйц өндөр ур чадвар бүхий эрх зүйн мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Тэмцээний шүүгчдээр Японы болон олон улсын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, олон улсад нэр хүнд бүхий их сургуулийн профессорууд, томоохон компаниудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл ажилладаг. Тэмцээн нь арбитрын хуралдаан (arbitration) болон хэлэлцээ (negotiation) гэсэн хоёр хэсэгтэйгээр явагддаг бөгөөд арбитрын хуралдааны хэсэгт өмнө өгөгдсөн маргааны үйл баримт, түүнд холбогдох талуудын хооронд байгуулагдсан гэрээ, бусад нотлох баримт болон Олон улсын арилжааны гэрээний тухай UNIDROIT-ын зарчмыг ашиглан нэхэмжлэгч, хариуцагч талын өмгөөлөгчдийг төлөөлөн мэтгэлцэх бол хэлэлцээний хэсэгт компанийн эрх бүхий албан тушаалтны дүрээр хэлэлцээ хийж өрсөлддөг.

Тэмцээнд оролцсон баг

Англи хэл дээр өрсөлдсөн багийн гишүүд:

  • Т.Лхагважаргал (5-р түвшин)
  • Ү.Нандин (5-р түвшин)
  • Ө.Намуунбаяр (5-р түвшин)
  • Ч.Номин-эрдэнэ (5-р түвшин)

Япон хэл дээр өрсөлдсөн багийн гишүүд

  • М.Халиунаа (4-р түвшин)
  • Б.Хүслэн (4-р түвшин)
  • О.Буян-Ундрах (4-р түвшин)
  • У.Наранбуян (5-р түвшин)
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар