Япон Улсын “Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардууллаа 

Share Button

Сүмитомо корпорацийн нэрэмжит  тэтгэлэг нь хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд Монгол Улсын нийгмийн сайн сайхны төлөө, ирээдүйн шилдэг боловсон хүчнийг дэмжих зорилготойгоор тэтгэлгийг 29 дэх жилдээ олгож байна. 

Тэтгэлгийг үргэлжлүүлэн авах болзол хангасан 20 суралцагч,  шинээр шалгарсан 10 суралцагч,   нийт 30 суралцагч 700$ тэнцэх хэмжээний тэтгэлгийг хүлээн авлаа. 

Тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагааг нээж Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч Др. М.Эрдэнэчимэг үг хэллээ. 

М.Эрдэнэчимэг нээж үг хэлэхдээ: 

Юуны өмнө Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг гардан авах болзол хангасан 30 оюутандаа МУИС-ийн захиргаа, хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Сүмитомо корпораци нь Азийн орнуудын ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг дэмжих зорилгоор сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг 1996 оноос  хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд МУИС-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 29 дэх жилдээ нэрэмжит тэтгэлгээ гардуулах гэж байна. 

МУИС нь гадаад, дотоодын 30 гаруй байгууллага, хувь хүн, сангийн нэрэмжит тэтгэлгийг хамтран хэрэгжүүлдэг билээ. Эдгээр тэтгэлгүүдээс хамгийн олон оюутанд тэтгэлэг олгодгоороо Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг онцлог бөгөөд улмаар шалгуур нөхцөл хангасан оюутанд үргэлжлүүлэн олгодог нь суралцагчийн хувьд давуу талтай тэтгэлэг гэж би хувьдаа боддог. Шалгуур нөхцөлийг хангаж, итгэл найдварыг нь алдахгүй хариуцлагатай сурч байгаа оюутан сургуулиа төгстлөө уг тэтгэлгийг авах боломжтой юм. 

Тэтгэлэг нь нэг талаас оюутны сурч боловсрох, хөгжих, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхэд дэмжлэг болж ирээдүйд хийх, сонирхох ажлынхаа суурийг бэхжүүлэхэд сэдэлжүүлж, хариуцлагыг ухамсарлах чухал нөхцөл болдгоос гадна эцэг эх, гэрийн бүлийнхнийхээ үүрэг хариуцлагаас бага ч гэсэн хөнгөвчилдөг гэж боддог. Иймээс хариуцлагаа зөв ухамсарлах, хариуцлагатай байх, өөрийгөө хөгжүүлдэг байх, зөв хүн байхад илүү их анхаарах хэрэгтэй юм. 

Ингээд Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг шинээр гардан авах болзол хангасан 10 оюутан болон үргэлжлүүлэн авах нөхцөлийг хангасан 20 оюутандаа баяр хүргэж амжилт хүсье.  

Мөн энэхүү тэтгэлгийг олон жил тогтвортой хэрэгжүүлж байгаа Сүмитомо корпорацийн хамт олондоо талархал илэрхийлье.    

Сүмитомо корпорацийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга  Инаба Макото цахимаар холбогдож, тэтгэлэг хүлээн авч буй 30 суралцагчдад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. 

Инаба Макото хэлэхдээ: 

МУИС-ын Оюутны хөгжил эрхэлсэн захирал Др. Г.Галбаяр болон бидэнтэй хамтран ажиллаж буй дарга, мэргэжилтнүүдэд, өнөөдөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж, үг хэлэх боломж олгосонд талархаж байна.  

Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг энэ жил шинээр авч эхэлж буй оюутнууд болон хичээл зүтгэлийнхээ үр дүнд тэтгэлгийг үргэлжлүүлэн авч буй нийт оюутнууддаа, энэ өдрийн мэндийг хүргье.  

Өөрийгөө дахин танилцуулъя. Сүмитомо Корпорацийн УБТГ-ын дарга Инаба байна.  

Миний бие одоогоор БНХАУ-ын Бээжин хотод суурьшин ажиллаж байгаа тул өнөөдөр та бүхэнтэй нүүр тулж уулзаж чадалгүй, онлайнаар уулзаж байгаа нь маш харамсалтай байна.  

Зөвхөн Монголд ч биш дэлхий даяар Ковид-ын халдвар буурч, намжиж эхэллээ. Бараг 3 жил, та бүхэн Ковид-19-ийн халдвараас сэргийлэх арга хэмжээ болон хорио цээрийн улмаас чөлөөтэй гарч явах боломжгүй орчин нөхцөлд, цаашдаа юу болох бол гэж санаа зовних олон асуудал байсан ч, их сургуульд элсэн орох бэлтгэлээ хангаж хичээж ирлээ, их сургуульд орсон ч цахимаар хичээллэлээ, мөн өөрийн бололцоогоороо цагийн ажил хийж, сургалтын төлбөрөө олох зэргээр олон саад бэрхшээлтэй тулгарсан байх. Энэ хүнд хэцүү үед хичээлдээ шантралгүй зүтгэж ирсэн та бүхэн болон, оюутнуудыг сурах үйл явцыг тууштай дэмжиж ирсэн сургуулийн хамт олонд талархаж байна.  

Харин одоо өөрийнхөө хүссэнээр судалгаа хийж, дэлхийн өнцөг булан бүрд болж буй шинэ үйл явдлыг олж мэдэж, өөрийнхөө ирээдүйн төлөөх хичээл номдоо шамдан суралцах сэтгэл догдлом гэрэлт ирээдүй та бүхний өмнө эргэн нээгдэж байна гэж харж байна.  

Тэтгэлэг үргэлжлүүлэн авч буй оюутнууд маань санаж байгаа байх, би өмнө нь “Бодол дууддаг” нэртэй TED talk-ийн илтгэлээс эхлээд, өөрийн мөрөөдлөө байнга баяжуулан бодож, тээж явахын ач тус, мөн Уругвай улсын өмнөх ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс иш татан Хүн юуны төлөө суралцаж байгаа юм бэ, дараа нь нийгэмд гараад юуны төлөө ажиллах вэ гэдэг тухай та бүхэндээ танилцуулж байсан. Өөрийн эргэн тойрныхоо хүмүүсийг аз жаргалтай болгох зүйл, түүнийг өөрийнхөө зорилгоо болгон одооноос эхлээд хичээлдээ шамдан суралцах хэрэгтэй юм шүү гэсэн мэссэжийг та нартаа дамжуулсан.  

Саяхан, Японы нэгэн их сургуулийн элсэлтийн арга хэмжээний үеэр, сургуулийн захирлын зүгээс оюутнууддаа хандаж, “хүчирхэг оюун ухаан” болон “уян хатан мэдрэмж”-ээ улам бататгаж, хөгжүүлж аваарай гэсэн урмыг үгийг хэлэхийг сонслоо. Энэ үгийг сонсоод их сургуульд одоо суралцаж байгаа оюутнуудад ч өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө өөрчлөх завшаан болж магад гээд та бүхэндээ танилцуулахаар шийдлээ.   

Хүн төрөлхтөн бидний өмнө тулгамдаж буй асуудал, жишээ нь дэлхийн дулаарал, Орос Украйны дайн, саяхныг хүртэл дэлхий нийтийг хямраасан Covid-19-ийн нөхцөл байдал гэх мэт хариулт нь бидний сурах бичиг, судалгааны номонд бичигдээгүй асуудлууд байнга гарч байдаг. Бүр ойрхон жишээ хэлбэл, нүүрстөрөгчийн нейтрал гэж юу болохыг мэдэж байгаа ч, бидний өдөр тутмын амьдралд цахилгаан зайлшгүй хэрэгтэй, эсвэл цөмийн цахилгаан станц чухал ч гэлээ, миний амьдардаг хотод байгуулахыг эсэргүүцнэ гэх мэт. Би ч гэсэн худалдааны компанид олон арван жил ажиллахдаа ном, сурах бичигт хариулт нь бичигдээгүй асуудлуудтай нүүр тулсаар ирсэн. Их сургуульд сурсан зүйлс амьдрал дээр өөр байдаг гэдгийг өөрийн биеэр олон удаа мэдэрч ирлээ.  

Та бүхэн ч гэсэн цаашдаа хариулт нь тодорхойгүй хүнд асуудалтай тулах л болно. Тэр үед яаж шийдлийг олох вэ?  

Дээр дурдсан их сургуулийн захирлыг үгнээс иш татвал, асуудалтай тулгарсан үедээ өөрөө тунгаан бодоод өөрөө өөрийнхөө хэмжээнд хариулт гаргаж авах, энэ нь хүчирхэг оюун ухаан гэдэг зүйл аж. Харин энэхүү хүчирхэг оюун ухааныг яаж бий болгох вэ гэхээр, их сургуулийн хичээлдээ шамдан суралцаж, хичээлээсээ сэдэл, аргачлалыг сурч, өөрөө бодоод хариултыг нь олж авах арга барилыг өөртөө суулгах хэрэгтэй гэнэ.  

Хүн төрөлхтөн 5000 жилийн түүхэндээ тухайн цаг үе бүртээ хариулт нь тодорхойгүй асуудлуудтай тулгарч ирсэн. Түүнийг харин яаж шийдвэрлэж, хүч сорьж, тухайн үедээ хэрхэн гаргалгааг нь олж байсан бэ гэдгийг бичгээр үлдээж үеийн үед дамжуулан судалж ирсэн нь та бүхний хичээлийн агуулга юм. Сурах бичигт хариулт нь бичигдээгүй байсан ч судалгаа хийсэн хүний хүч хөдөлмөр, санаа авах сэдлүүд бичээстэй байдаг гэсэн үг.  

Цаашдаа нийгэмд гараад та бүхэн маань олон асуудалтай тулгарна. Тэр үедээ хариулт нь бэлэн байхгүй бол өөрөө бодоод өөрөө асуудлаа шийдвэрлээд явахаас өөр арга байхгүй. Гэхдээ тэрхүү арга барил, аргачлалыг та бүхэн одоо их сургуульд өдөр тутмын хичээлээсээ суралцаж байгаа гэдгийг сануулах гэсэн юм.  

Өөрөөр хэлбэл, энэ хүний ийм ийм судалгаа, энэ их хөдөлмөрөөс ийм санаа авч болох юм байна, энэ нь надад асуудлаа шийдвэрлэхэд сэдэл болж болохоор байна гэх зэргээр хичээл болгоноосоо ирээдүйд өөртөө хэрэг болох ямар нэг аргачлал, сэдлийг сурч мэдэж байвал тэр нь аяндаа хүчирхэг оюун ухаан болж, та бүхний эрдэм мэдлэг чинь болж үлдэнэ, гэж бодож байна.  

Би өөрөө их сургуульд юу сурч, оюутны амьдралаа хэрхэн өнгөрөөсөн бэ гээд одоо бодоход толгойдоо мэдээлэл, мэдлэгийг хүчээр оруулж байснаас биш, өөрийнхөө ирээдүйд хэрэгтэй арга барил, сэдлийг суралцаж байна гэсэн бодол огт байгаагүй юм байна.  

Хичээл, судалгаа гэдэг маань өнгөрсөнд хэн нэгний хийсэн хөдөлмөр, ирээдүйд тулгарах асуудлыг шийдвэрлэх аргачлал, арга барилаар дүүрэн тогоо юм гээд бодоод хичээлээ хийсэн бол, энэ хандлагаар хичээлдээ хандсан бол илүү хүчирхэг оюун ухааныг өөртөө бий болгож чадах байсан болов уу. Одоо хичээлээ энэ өнцгөөс хараад, судлах гэж буй та нарт үнэхээр их атаархаж байна.  

Та бүхэн өдөр бүр хичээнгүйлэн шамдан судалж байгаа энэ хичээл гэдэг зүйл мэдлэг болон хувирч та бүхний хамгийн том зэвсэг болно, мөн хариултгүй асуудлын шийдлийг олох таны аргачлал болно. Тэгж бодоод өөртөө хэрэг болох аргачлал, санааг аль болох ихээр сурч аваад, мөрөөдлөө биелүүлэн, асуудлаа өөрөө шийдвэрлэж чаддаг хүчирхэг оюун ухаантай нэгэн болоосой гэж хүсч байна. Сүмитомо Корпорацийн энэхүү тэтгэлэг та бүхнийг ухаалгаар тунгаан бодох чадвартай мэргэжилтнүүд болоосой гэсэн дэмжлэг юм шүү.  Баярлалаа, нийт оюутнууддаа цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.  

Тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаанд  Оюутны хөгжлийн бодлогын газрын дарга Д-р. В.Дашдаваа, Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч Д-р. М.Эрдэнэчимэг, Оюутны хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Л.Чинзориг, Япон улсын “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэтгэлэг хариуцсан менежер Ч.Оюунжаргал нар шалгарсан суралцагчид сурлагын амжилт хүсэж тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө. 

Тэтгэлэг гардан авсан суралцагчдыг төлөөлөн 4-р түвшний суралцагч М.Оюунтүлхүүр талархлын үг хэллээ. 

М.Оюунтүлхүүр хэлэхдээ: 

Сайн байна уу? Намайг Оюунтүлхүүр гэдэг. Би МУИС-ийн СЗОНХТ-ийн 4-р түвшинд суралцдаг. Мөн суралцахын хажуугаар NTV телевизэд сэтгүүлчээр ажилладаг. Юун түрүүн Сүмитомо корпорацын хамт олон маш их баярлаж, талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
Миний хувьд өнөөдөр 4 дэх удаагаа “Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг”-ийг гардан авах гэж байна. Авах нь өгөхөөс эхэлдэг гэдэг. Та бүхэн ийм үгийг сонсож байсан байх, “Амьдрал өгөх, авах дээр оршдог” гэж. Би өнгөрсөн 3 жилийн хугацаанд тэтгэлэг авах бүртээ тэр хүмүүсийн төлөө ямар нэг зүйл хийгээгүйдээ, хийж чадахгүй байгаадаа маш их гэмшдэг байлаа. Юу ч хамаагүй өгөх ёстой юм шиг, юу ч хамаагүй хэлэх ч ёстой юм шиг. Гэхдээ юу ч хийж өгч чаддаггүй байсан. би нэг түүхийг яримаар байна. Өнгөрөгч зун буюу 2022 оны 8-р сард одоо ажиллаж буй телевиздээ анх дадлага хийж, “телевизийн мэдээ”-тэй танилцаж байлаа. Дадлагынхаа хугацаанд бие дааж мэдээнд явдаг байсан. Нэг өдөр “Сүмитомо” корпорацийн нэгэн үйл явдал дээр очиж таарсан. Оюунжаргал эгч бид 2 нэг нэгнийгээ таниад, уулзахад надад маш гоё дотно мэдрэмж төрсөн. Тэр үед намайг корпорацын хүмүүстэй танилцуулж, хамт зураг даруулцгаасан. Яг тэр мөчид би “тэр хүмүүст юу өгөх ёстойгоо ойлгосон”. Тэр нь ердөө л хичээлээ сайн хийх, мэргэжлийнхээ төлөө сайн суралцах, сайн боловсрол эзэмших байсан.
Энэ тэтгэлэг надад маш олон боломжуудыг, аливааг өөрөөр харах өнцгийг  нээж өгсөн. Та бүхэнд ч бас олон боломжуудыг нээж өгөх байх гэж найдаж байна. Боломж тэр бүр, хүн бүрд олдоггүй. Тиймээс та бүхнийг олдсон боломжоо зөв зүйлст хөрөнгө оруулалт болгоорой гэх захихыг хүслээ.
Та бүхний ажил амьдралд, сурлага хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. 

ТЭТГЭЛЭГТ ШАЛГАРСАН СУРАЛЦАГЧДЫН НЭРС 

Тэтгэлэг үргэлжлүүлэн авах суралцагчид 

№  Овог  Нэр  Салбар сургууль  Хөтөлбөр  Түвшин 
1  Пүрэвдорж  Анарзаяа  ХЗС  Эрх зүй  5 
2  Болорбат  Анударь  ОУХНУС  Олон улсын харилцаа  4 
3  Батсайхан  Эрдэнэхөлөг  ШУС-ХУС  Гадаад хэлний орчуулга /Англи/  4 
4  Амаржаргал  Номин  БС  Маркетинг  4 
5  Мөнхзул  Оюунтүлхүүр  ШУС-НУС  Сэтгүүл зүй, олон нийтийн харилцаа  4 
6  Чинбат  Дариймаа  ОУХНУС  Олон улсын харилцаа  4 
7  Баяраа  Энхнаран  БС  Санхүү  4 
8  Батдорж  Мөнхтамир  БС  Санхүү  4 
9  Магсаржав  Золмаа  ШУС-ХУС  Гадаад хэл, орон судлал (Хятад)  3 
10  Нацаг-Юнгэр  Бат-Ундрал  БС  Санхүү   3 
11  Хашбат  Өнөбилэг  ШУС-НУС  Сэтгэл судлал  3 
12  Жавгарал  Бүжмаа  ШУС-НУС  Сэтгүүл зүй /нийгмийн ажил/  3 
13  Бямба-Эрдэнэ  Содонтуул  ОУХНУС  Олон улсын харилцаа  3 
14  Даян  Балжинням  ХШУИС  Програм хангамж  3 
15  Няланбор  Эрдэнэсүрэн  ШУС-НУС   Ерөнхий суурь   2 
16  Мөнхцэцэг  Үүрийнтуяа  ХЗС  Эрх зүй  2 
17  Ганболд  Номин  ХЗС  Эрх зүй  2 
18  Төртогтох  Эрдэнэжаргал  ШУС-НУС   Ерөнхий суурь   2 
19  Тодхүү  Дуламсүрэн  ШУС-НУС   Ерөнхий суурь   2 
20  Серекбай  Жанаргүл  ШУС-ХУС  Ерөнхий суурь   2 

2022-2023 оны хичээлийн жилд тэтгэлэгт шалгарсан суралцагчид 

1  Батсайхан   Анударь  ХЗС  Эрх зүй  2 
2  Дашдэнзэн  Отгонбилэг  ШУС-НУС  Сэтгэл судлал  2 
3  Сүхбаатар  Арвинбилэг  БС  Санхүү  2 
4  Энхбаатар  Эрдэнэтуул  ШУС-ХУС  Ерөнхий суурь  1 
5  Нямсүрэн  Додмаа  ШУС-НУС  Нийгэм, хүмүүнлэгийн ерөнхий суурь  1 
6  Сэнгэсамба  Бадамгарав  ХШУИС  Ерөнхий суурь (Багц 1)  1 
7  Болд  Болортуяа  ШУС-БУС  Хими  1 
8  Өнөртуул  Уянга  ШУС-БУС  Ерөнхий суурь  1 
9  Наранбаатар  Мөнхжаргал  ОУХНУС  Ерөнхий суурь  1 
10  Төмөрбаатар  Дөлгөөн  ХЗС  Эрх зүй  1 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар