Асуудалд төвлөрсөн уламжлалт хандлага өөрчлөгдөж шийдэлд чиглэсэн сэтгүүл зүйн шинэ хэлбэр нэгэнт бий болоод байна. Solution journalism буюу шийдлийн сэтгүүл зүй нь хүн бус асуудалд чиглэж, учир шалтгааныг тодруулан, шийдэх гарц гаргалгааг бодит жишээ баримтаар үлгэрлэж харуулдаг онцлогтой. Асуудалд төвлөрсөн сэтгүүл зүйн хандлагыг “гацаанаас” гаргаж шийдлийг эрэлхийлэх аргад тулгуурласан сэтгүүл зүйн чиглэл юм.
“Хоточ нохойн” үүрэгтэй зэрэгцэн “хөтөч”-ийн үүргийг гүйцэтгэх болсон шийдлийн сэтгүүл зүйн тал бүрийн аргыг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэдийн нэвтрүүлээд байна. Нийгмийн хариуцлагын үүднээс мэргэжлийн шинэ чиглэлийг танилцуулах, арга туршлагыг нь нэвтрүүлэх зорилгоор МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, Авлигатай тэмцэх газар, Шийдлийн сэтгүүл зүйн олон улсын байгууллага хамтран “АСУУДЛААС ШИЙДЭЛ РҮҮ” практик сургалтыг өчигдөр нээлттэйгээр зохион байгууллаа. Сургалтыг Шийдлийн сэтгүүл зүйн олон улсын байгууллагын сургагч багш Жей Марлон Карр удирдан явуулав. МУИС-ийн Багш, хөгжлийн төвд болсон сургалтад мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 100 орчим сэтгүүлч оролцлоо.
“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүлчдэд зориулсан практик сургалт нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг дэмжих, шинэ чиглэлийг танилцуулж түгээх зорилготой хийж буй тус тэнхимийн олон ажлын нэг юм. Энэ ажлын хүрээнд тавдугаар сарын 25-нд “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын хурал эрдэм шинжилгээний хурал болно. Хуралд дэлхийн 11 орны эрдэмтэд сэтгүүл зүйн шинэ чиглэл, хандлагын талаар 15 илтгэл танилцуулна.