Монгол хэл шинжлэлийн олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурал (ML 2023)-д оролцохыг урьж байна.
Ерөнхий сэдэв: Түүхэн ба орчин үеийн монгол хэл, аялгуунууд: Нийтлэг шинж ба хөгжлийн онцлог
Хаана: Монгол Улс, Улаанбаатар хот
Хэзээ: 2023 оны 08-р сарын 14-18
Бүртгэлийн хураамж: Бүртгэлийн хураамжгүй
Монгол хэл шинжлэлийн олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурал (ML 2023)-ыг “Түүхэн ба орчин үеийн монгол хэл, аялгуунууд: Нийтлэг шинж ба хөгжлийн онцлог” сэдвийн хүрээнд 2023 оны 08 дугаар сарын 14-18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэн, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Оросын Шинжлэх Ухааны Академийн Хэл шинжлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулна.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэл нь дараах ерөнхий сэдвийн хүрээнд байвал зохино. Үүнд,
– Түүхэн болон орчин үеийн монгол хэл, аялгуунуудын хөгжлийн ерөнхий чиг хандлага, онцлог шинж;
– Монгол хэл, аялгуунуудыг судлах орчин цагийн арга зүйн чиг хандлага;
– Орчин үеийн монгол хэл шинжлэл, хэл бичгийн ухаанд тулгамдаж буй асуудал;
– Монгол хэл, аялгууны ангилал, түүхэн үечлэлийн асуудал;
– Монгол хэлний авиа зүй, хэл зүй, үгийн сангийн тогтолцооны хэв шинж;
– Орчин үеийн монгол хэлний нутгийн аялгуу судлалын зарчим, арга зүй;
– Монгол хэл, аялгуунууд хийгээд нутгийн аялгууны хөмрөгийг бүрдүүлэх асуудал, хэтийн төлөв;
– Монгол соёл- хэлтнүүдийн харилцан нөлөөлөл: түүхэн хийгээд өнөөгийн нөхцөл байдал;
– Монгол хэл, аялгуунуудын үгийн гарал судлал дахь сүүлийн үеийн дэвшил;
– Монгол хэлтнүүдийн суугаа бүс нутгийн нийгэм хэл шинжлэлийн нөхцөл байдал;
Энд дурдсан сэдвүүд нь уг эрдэм шинжилгээний хурлын ерөнхий хүрээг тогтоох зорилготой болохоос бус хэлэлцүүлэх илтгэлийн сэдвийг шууд хязгаарлах нөхцөл болохгүй.
Илтгэл хэлэлцүүлэх албан ёсны хэл нь монгол, англи, орос хэл байна.
Та энэхүү хуралд оролцохыг хүсвэл хавсаргасан загвар бүхий мэдүүлгийн хуудсыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны дотор бөглөж ирүүлнэ үү. Зохион байгуулагчид хурал болохоос өмнө илтгэлийн хураангуйн эмхэтгэлийг хэвлүүлэх бөгөөд бүтэн өгүүллийн эмхэтгэлийг хурлын дараа хэвлүүлнэ. Бүтэн өгүүллийг илгээх хугацаа болон хэвлэн нийтлэх шаардлагыг тусад нь мэдэгдэнэ.
Хурал зохион байгуулах ажлын хэсэг таны илтгэлийг хэлэлцүүлэхээр зөвшөөрсөн эсэхийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний дотор хариу мэдэгдэнэ.
Тус эрдэм шинжилгээний хуралд биечлэн оролцож амжихгүй тохиолдолд цахимаар оролцож болно. Оролцох хэлбэрийг мэдүүлгийн хуудаст тодорхой тусгана уу!
Илтгэлийн хураангуй болон мэдүүлгийн хуудсыг хурал зохион байгуулах комиссын нарийн бичгийн даргад имэйл (erdeneochir@num.edu.mn) -ээр илгээнэ үү.